“Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн асуудал зуны хугацаанд дуншиж, намартай золгоод одоог хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байна. Өнөөгийн бололцоогоороо үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж, 2014 оны 7, 8, 9 дүгээр сард 134,100 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэснээр энэ онд үйлдвэрлэсэн нийт баяжмалын хэмжээ 377,000 тонн болсон байна. Ингэснээр гуравдугаар улиралд борлуулалт сайн гарчээ. Гэсэн хэдий ч Оюутолгой компанид ажиллаж буй олон мянган хүмүүст асуудал их гарах нь мэдээж. Олон улсын анхаарлын төвд байгаа “Оюутолгой” төслийн нөхцөл байдал дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг байна.
Одоогийн байдлаар "Оюутолгой" төсөлд зөвхөн дотоодын үндсэн ажилтан гэхэд 2500, гадаадын 175 үндсэн ажилтан ажиллаж байгааг тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Эрдэнэбаяр хэлсэн юм. Үүн дээр туслан гүйцэтгэгч компанийн ажилтнууд нэмэгдэнэ. Ингэхдээ нийт ажиллагсдын 70 хувь нь “Оюутолгой” төслийн талбайд, 30 хувь нь хот дахь оффист ажилладаг аж.
Ийм олон хүний эрх ашгийг хамгаалах, дуу хоолой нь болох Үйлдвэрчний эвлэлийн холбоо “Оюутолгой” ХХК-д бий. Хаана ажиллаж байгаагаасаа шалтгаалж ажилтнуудын санал, гомдол адилгүй байдаг ажээ. Тухайлбал, хотод хотын оффисийн ажилтнууд хүүхдээ ажилтайгаа ойрхон цэцэрлэг, сургуульд өгчихмөөр байдаг гэнэ. Энэ нь ажлаа түргэн дуусгаж, замын түгжрэлээс урьтаж хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авах гэж яаралгүйгээр ажлын бүтээмжийг нь дээшлүүлэх юм байна. Тиймээс олон мянган хүний ажлын байрыг бий болгосон “Оюутолгой”-н ажиллагсадын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, сургууль байгуулах нь зөв гэсэн саналыг компанийн удирдагуудад хүргүүлсээр байжээ. Асуудлыг шийдэхийн тулд тус компанийн Үйлдвэрчний эвлэлийнхэн улсын “саалийн үнээ” гэгддэг 36 жилийн түүхтэй Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд ийм асуудлаа хэрхэн шийддэгийг судалжээ. “Эрдэнэт” үйлдвэр бол дэргэдээ Орос 19 дугаар сургууль, долдугаар цэцэрлэг, хүүхдийн зуслан, ажилтнуудад зориулсан “Сэлэнгэ” амралтын газар, цанын бааз, спорт цогцолбор, “Уурхайчин” соёлын ордонтой гээд хүний аятай тухтай ажиллаж, амьдрах бүхий л бололцоог хангаж өгсөн байдаг. Асар олон хүнийг ажил, орлоготой байлгадаг “Эрдэнэт” үйлдвэр өдий олон жилийн ажиллахдаа хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг ийнхүү бүрэн шийдэж өгч болж байхад дэлхийн анхааралд буй “Оюутолгой”- үлгэр дууриалал авах нь зайлшгүй хэрэгтэй биз. Энэхүү туршлагаас судлан олон улсын анхааралд байгаа Оюутолгой-д ирэх жилүүдэд нийгмийн үйлчилгээнд хандсан үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой юм гэсэн. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд, “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилт хэдий хэмжээгээр, хэзээ орж ирэх нь эцэслэн шийдэгдээгүй байгаа энэ үед дээрх асуудлыг шийдэхэд бэрх ч ирэх жилүүдэд зорьсондоо хүрнэ гэдэгт ажилтнууд нь найдаж сууна.
“Оюутолгой”-д ажиллагсдын ажил, амралтын хуваарийг өөрчилнө
Хотын оффисын ажилтнуудын санал ийм байдаг юм байж. Тэгвэл төслийн сайтын талбайд ажиллаж буй ажилтнуудын санал үүнээс тэс ондоо.“Оюутолгой” төслийн сайтад очиж, ажиллагсадтай ярилцаж үзэхэд аюулгүй ажиллагааны норм, дүрмийг чанд сахидаг, олон улсын жишгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хувцас тоноглолоор бүрэн хангадагт сэтгэл дүүрэн байдаг юм билээ. Харин гэр бүлээсээ хол ажиллах нь тэдэнд хэцүү байдаг гэсэн. Хилийн манаанд алба хаадаг, гаалийн улсын байцаагчид гээд гэрээсээ хол хөдөө ажиллагсдад гэр бүлийн асуудал олонтаа үүсдэг гэдэг. Наад зах нь гэр бүл салалт ихэсэх, хүүхэд эцэг, эхээсээ хол өсөх зэрэг сөрөг тал их. Ялангуяа “Оюутолгой” төслийн хувьд гэхэд ажиллагсад 28 хоног ажиллаад, 14 хоног амралтаа авдаг. Талбайд ажиллагсадын хувьд энэ л гэр бүлийн асуудал болдог байна. Болдог бол гэр бүлээрээ Өмнөговь аймагт ирээд суурьшмаар. Гэвч гэр бүлийн бусад гишүүн ажил төрлөө орхиод хөдөө дагаад явна гэдэг хэцүү. Тиймээс Оюутолгой”-н Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг шийдэж өгөхийг мөн удирдлагууддаа илэрхийлж иржээ. Үүний үр дүн гэж хэлж болох шийдвэр өнгөрөгч есдүгээр сард гарсан. Тодруулбал, 28 хоног гэрээсээ хол ажилладгийг болиулж 14 хоног ажиллаад, 7 хоног амардаг байх ажлын хуваарь мөрдөх шийдвэрийг тус компанийн удирдлагууд гаргаж. Гэвч энэ шийдвэр талбайд бүрэн мөрдөхгүй байгаа тухай гомдол эцэслээгүй л байна.
Энэ талаар талаар “Оюутолгой” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Эрдэнэбаяр “Оюутолгойн сайтын талбайд ажиллаж буй гадаад, дотоодын өчнөөн ажилтны ажил, амралтын цагийн хуваарийг тэр дор нь өөрчилчих боломжгүй тул шат дараатайгаар шинэчлэл хийж байгаа. Мөн Өмнөговь аймгаас хот руу тээвэрлэх нисэх онгоцны хуваарьт өөрчлөлт хийх шаардлага гарах тул бэлтгэл ажлыг хийж байгаа. Урьд нь 28 хоноод амрахаар онгоцондоо суугаад ирдэг байсан бол одоо энэ хөдөлгөөн хоёр дахин нэмэгдэх нь. Ямартай ч шаардлагатай зохицуулалтыг хийж дуусмагц арванхоёрдугаар сар гэхэд энэ шинэчилсэн хуваарьт орохыг зорьж байгаа” гэж хэлсэн юм.
“Ойрын үед Оюутолгойд цомхотгол хийхгүй”
Ойрын үед Рио Тинто групп үйл ажиллагаа явуулж буй орнуудынхаа компаниудад тодорхой хэмжээний цомхотгол хийсэн. Энэ хүрээнд “Оюутолгой”-д өнгөрсөн зун ажилчдын цомхотгол хийсэн. Одоог хүртэл яг хэдэн ажилтан байснаас хэдийг цомхотгосон талаар компанийнхан тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. Түүний дараахан энэ он дуусахаас өмнө дахин цомхотгол хийнэ гэсэн цуу гарсан. Гэтэл цомхотгол хийх болов уу гэсэн айдас ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг ихээр бууруулдаг, сэтгэл санааны дарамт болдог. Тиймээс Оюутолгойн үйлдвэрчний эвлэлийнхэн цомхотгол хийх эсэх талаар тодорхой хариу авахаар удирдлагууддаа албан бичиг хүргүүлсэн байна. Үүнд ойрын хугацаанд цомхотгол хийхгүй гэсэн хариу өгчээ .
Ийнхүү “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийг хэзээ, хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа ч гадны хөрөнгө оруулалтаас хамааралгүй дотоодоосоо зохицуулж болохоор асуудлыг шийдсээр буй аж.
У.БОЛОР