Өмч, газрын албаныхан “бангадууллаа”

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Өмч, газрын албаныхан “бангадууллаа”

-НМХГ газар олголт, өмчлөлийн үйл явцад шалгалт хийхэд багагүй зөрчил гарчээ-

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнөөдөр Даргын зөвлөлийн хурлаараа Нийслэл, дүүргийн өмч, газрын харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн шалгалтыг хэлэлцлээ. Хуралд Нийслэлийн өмчийн харилцааны газар /НӨХГ/-аас төлөөлөл ирж оролцсон бөгөөд гарсан зөрчилд шууд хариу тайлбар авч байсан юм.

Уг шалгалтыг өнгөрөгч долдугаар сард хийсэн бол өнөөдөр ийнхүү шалгалтын дүнг хэлэлцэн, цаашид ямар арга хэмжээ авахыг ярилцаж байна. Энэ үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Танай байгууллага газар олгох, эзэмшихтэй холбоотой иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж өгдөггүй, төлөвлөгөөнд ороогүй хэсэгт газар олгосон, шаардлагатай дотоод хяналт хангалттай хийдэггүй юм байна. Үүссэн асуудалд газрын удирдлага, албан хаагчдаас асуулт асуухаар тодорхой хариу хэлэхгүй байгаа нь ажлаа мэдэхгүй байна гэсэн үг байх” гэж хэлж байв. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдийг дурдвал,

Газрын тухай хуулийн хэрэгжилтээр:

-Газар зохион байгуулалт, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олгож хэвшээгүй,

-Газар эзэмших эрх олгохдоо эзэмших хугацааг хуулинд зааснаас бага тогтоосон,

-Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар газар олгодоггүй,

-Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацаа  сунгах, бусад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан тохиолдолд материалыг бүрэн бүрдүүлж хүлээн аваагүй, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэдэггүй,

-Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох , гэрээ байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийсэн эсэхийг харгалзаж үздэггүй,

-Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг таван жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд хамруулдаггүй гэх мэт зөрчил илрэв.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн хэрэгжилт:

-Нийслэлийн өмчийн харилцааны газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын хийж гүйцэтгэсэн кадастрын зураглалыг шалгаж хүлээн авахгүй байгаа,

-Гэрчилгээнд нэгж талбар бүрийг тэмдэглэлгүй улсын дугаар бичээд орхидог байна.

Энэ мэт иргэн бүрийн эрх, ашгийг хөндсөн газар олголт, эзэмшлийн асуудлыг зохицуулах учиртай өмч, газрын албаныхан албан хэрэг хөтлөлт, мэдээллийн санд бүртгэх зэрэг асуудлаар учир дутагдалтай ажиллаж байгааг Мэргэжлийн хяналтынхан тогтоолоо. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг Сүхбаатар, Багануур, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн гэдгийг албаныхан онцоллоо.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж