Шинэ намыг бүртгэхгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Шинэ намыг бүртгэхгүй гэжээ

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Үндэсний жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн нам”-ыг бүртгүүлэх тухай өргөдлийг хянан хэлэлцжээ.  

Хуралдаанаас Улс төрийн намын тухай хуулийн зохих заалтуудыг удирдлага болгон Үндэсний жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Үндэсний жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн нам нь 2010 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр анхдугаар их хурлыг хийсэн гэх боловч тухайн хуралд хэдэн төлөөлөгч оролцсон, хурлаар хэлэлцэх асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, тус их хурлаас намын дарга, намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал, удирдах зөвлөлийн болон ёс зүйн хорооны гишүүдийг нууц санал хураалтаар сонгоогүй зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж Дээд шүүх үзжээ.

Түүнчлэн тухайн намын гишүүнээр элссэн 826 гишүүний бүртгэлээс үзэхэд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны 11 дүгээр хэсгийн дийлэнх айл өрхийн насанд хүрсэн 323 иргэн тухай намын гишүүнээр бүртгүүлсэн нь эргэлзээ төрүүлсэн учир Улсын Дээд шүүх тодорхой 10 айлын насанд хүрсэн 19 иргэнээс асууж тодруулахад тэдгээр нь “Тухайн намд гишүүнээр элсээгүй” гэсэн тайлбар өгсөн байна. Мөн хорооны Засаг даргын бүртгэл, холбогдох баримтуудтай тулган үзэхэд оршин суугаа хаягтаа байхгүй, зарим гишүүдийг давхардуулан бүртгэсэн гэх мэтээр 88 гишүүнийг нийт гишүүдийн тооноос хасаж тооцоход Улс төрийн намын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.3.7-д заасан гишүүдийн тооны хэмжээнд тухайн намын гишүүдийн тоо хүрэхгүй байсан нь намыг бүртгэхээс татгалзах нэг үндэслэл болжээ.

Мөн тухайн намын гүйцэтгэх байгууллага байнга оршин байгаа хаяг нь намын даргын гэрийн хаяг байгаа нь Улс төрийн намын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.3.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж Дээд шүүх үзсэн байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж