УИХ-ын чуулганы хуралдаан 2015 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцээд хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны төгсгөлд Л.Эрдэнэчимэг гишүүн “Бидэнд 3 сая дахь иргэнээ хүлээж авах бэлтгэл алга. Үүнд бэлтгэх цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэхэд засаг хуруугаа ч хөдөлгөхгүй нь. 80 мянган хүүхэд цэцэрлэггүй гэртээ түгжүүлж, 40,50 мянган ажиллах насны эмэгтэйчүүд гэртээ сууж байна. Айл өрхийн амжиргаа гэдэг ажлын байртай л холбоотой” гэсэн бол сайд Л.Гантөмөр үргэлжлүүлэн төсвийн төслийн талаар тайлбар хийж “Энд баригдаж байгаа хороонд ийм цэцэрлэг гэж хэлэхэд амар. Гэхдээ тэнд нь очихоор газар нь байдаггүйгээс эхлээд орон нутагтай нь холбоотой олон зүйл дээр гацдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өөрсдөө сургууль цэцэрлэгийн асуудлаа шийд гээд өгчихөд хангалттай 190 тэрбумийн хөрөнгө байна” гэв.
Харин Ц.Нямдорж хуралдааны ирцийн асуудлыг хөндөж “төсөв хэлэлцэж байхад сайд нь ч алга, гишүүд ч алга” гэсэн бөгөөд “дийлэнх аймгийн засаг дарга нар Ардчилсан намынх тэд нар чинь тал мөнгийг нь сонгуульдаа ашиглана. Манай намын гишүүдээс ч ийм замбараагүй зүйлийг дэмжиж байгаа харамсч байна” гэв. Шүүмжлэлийг Д.Оюунхорол гишүүн үргэлжлүүлэн “зээлийн өрөө нэмэх заалт оруулж иржээ. Бизнесийн орчныг эрүүл байлгая гэж байгаа ч нөгөө гараараа бизнесийг дарамтлах юм байна. Бүхий л сайдуудын багцийг нарийвчлаад харахаад зөрүүтэй байна. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Хөдөө орон нутаг өөрсдөө цэцэрлэг сургууль барих боломж байхгүй. Бид яг ямар обьект дээр юу хийх гэж байгааг харж чадахгүй нь” гэсэн юм.
Төсвийн төслийг бүх байнгын хороо тус тусдаа хэлэлцэх бөгөөд харьяалах салбарын асуудлыг илүүтэй нарийвчлах боломжтой юм.
Б.ЭНХ