Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах хариу алга | News.MN

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах хариу алга

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах хариу алга

Тавантолгойн нүүрсний ордод гадны хөрөнгө оруулалт татаж, хамтран ажиллах компанийн урьдчилсан шалгаруулалтыг арваннэгдүгээр сарын 1-ний дотор хийх талаарх Засгийн газрын 268 дугаар тогтоол өнгөрөгч наймдугаар сард гарсан. Уг ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан ажлын хэсэгт даалгасан юм.

Сануулахад,  Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах уг асуудлыг 2010 оноос ярьж эхэлсэн бөгөөд тухайн үед Хятадын “Шиньхуа энержи”, ОХУ-ын “Төмөр  замуудын нэгдэл”, АНУ-ын “Пийбоди энержи”, “Арселор метал”, Бразилийн “Вале”,  “Экстрата” гэсэн зургаан компани материалаа өгч, хамтрах саналтай байсан юм. Ингээд Тавантолгойн ордын зүүн цанхаас БНХАУ-ын “Чалко”-той хийсэн гэрээ ёсоор нүүрс нийлүүлж эхэлж, баруун цанхид хөрс хуулалт хийн мөн БНХАУ руу нүүрсээ худалдахаар болсон. Одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко”-д нүүрс нийлүүлэх өр 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний үлджээ. Харин баруун цанхиас нүүрс олборлож байгаа ч Монголын ганц худалдан авагч БНХАУ худалдан авалтаа багасгаад байна. Энэ үед “Тавантолгой” ордыг эргэлтэд оруулах асуудлыг яаравчлуулахаар болж, ийнхүү гадны хөрөнгө оруулалтыг татан, улс орнуудтай хамтран ажиллах сонгон шалгаруулалтыг хийхэд төр засгаас анхаарч байгаа юм.

Энэ талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.

-Ирэх сарын 1-нд Тавантолгойн ордод хамтран ажиллах компаниудыг сонгоно гэж байгаа. Ажлын явц ямар байна вэ?

-Тавантолгойн ордод хамтран ажиллах өмнөх ерөнхий санал байсан. Үүн дээр нэмэлт саналуудыг хамтран ажиллахаа мэдэгдэж байсан нэр бүхий зургаан компанид явуулсан. Хариу одоогоор ирээгүй байна. Миний хувьд нарийн хэлж мэдэхгүй байгаа ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль зүйн яам, Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагуудаас бүрдэх ажлын хэсгийнхэнд албан ёсны хариу ирвэл бүгд нэг дор сууж хуралдана.

-Аравдугаар сар дуусах гэж байна. Хариу ирвэл Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах ажил цэгцрэх гэсээр байтал энэ он дуусах байх даа?

-Компаниудаас хариу ирвэл Эрдэнэс Тавантолгой компанийнхан саналуудыг ангилан ялгаж, Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт татаж, гадны компанитай хамтрах ажлаа яаравчлан эхлүүлнэ.

-Монгол-Германы хамтын ажиллагааны уулзалт болох гэж байгаа гэсэн. Энэ уулзалтаар Тавантолгойн ордыг авч хэлэлцэх болов уу?

-Монгол-Германы ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Засгийн газрын хэлэлцээрийн жил бүр уулзалт болдог. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Монгол Улсад болсон. Энэ жилийн уулзалт Герман улсад болно. Миний хувьд маргааш явна. Тэгэхээр энэ жилийн уулзалтад Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах тухай асуудал хөндөгдөнө. Гэхдээ Герман улс энэ ажилд  оролцохгүй, компаниудтай нь тодорхой хэмжээгээр хамтран ажиллах байх.

У.БОЛОР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2014-10-21 202.179.20.214

ene oed gadniikh bidniikh bish

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж