Усны хомсдол ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Усны хомсдол ойрхон байна

-Ус хомсдох хугацаа 2017 он биш, баригдаж байгаа орон сууцууд ашиглалтад ороход үүсэх нь-

Улаанбаатар хотын ундны усны нөөц 2017 онд дуусна гэсэн судалгааг зарим эрдэмтэд гаргаад байна. Энэ талаар  БОНХЯ-ны Усны мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэмээс хариулт авлаа.

-Улаанбаатар хотын ундны усны нөөц 2017 онд  дуусна гэдэг үнэн үү?

-Улаанбаатар хотын усны нөөцийн асуудал хамгийн эмзэг болсон. Энэ нь нийслэлийн иргэдийн усны хэрэглээ хэт нэмэгдсэнтэй холбоотой. 1986-1996 он хүртэл, 1996-2006 он, 2006-аас өнөөдрийг хүртэлх усны хэрэглээг харьцуулж үзэхэд 2006-2014 он хүртэлх хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн байна.

-Хоёр дахин нэмэгдсэн гэхээр усны хэрэглээ хэдэн шоо метр болсон гэсэн үг вэ?

-Ойролцоогоор 160-180 мянган шоо метр ус хэрэглэдэг байсан бол өнөөдөр Улаанбаатар хот төвлөрсөн шугамаар ч тэр, бие даасан ус хангамжаараа ч тэр энэ нутаг дэвсгэр дэх нийт усны хэрэглээ нь 300.000 шоо метр болсон байна. Гэтэл Улаанбаатар хотын усны нөөцийг анх 1986 онд тогтоохдоо хоногт 330.000 шоо метр ус байхаар тооцсон. Тэгэхээр Улаанбаатар хотынхны усны хэрэглээ дээд хэмжээндээ хүрсэн байна.

-Туул голын усгүй байх хоногийн тоо нэмэгдэж байгаа нь үүнтэй холбоотой юу?

-Холбоотой. Хавартаа Туул голын ус тасалдах үзэгдэл, усгүй байх хоногийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь  Туул голын өөрийнх нь онцлогоос хамаарч байгаа юм. Туул гол нь хур тунадас ихтэй жил гадаргын ус нь газрын доорх усаа тэжээдэг, хур тунадас багатай жил газрын доорх ус нь гадаргын усаа тэжээдэг ай сав. Гэтэл байх ёстой хэмжээнээс нь их аваад ирэхээр газрын доорх ус нь гадаргын усаа тэжээж чадахаа байгаад Туул гол тодорхой газруудаараа усаар тасалдаж, усгүй байх хоногийн тоо нэмэгдээд байгаа юм.

-Нийслэлийн усны хомсдолыг үүсгээд байгаа зүйл нь юу вэ?

-Төвлөрөл. Улаанбаатар хотод 100.000 айлын орон сууц барилаа гэж тооцоход хоногт хэрэглэх усны нөөцийн хэмжээг барилгын норм ба дүрмээр нь аваад үзэхээр нэг хүний норм хоногт 240 л ус. Гэтэл 100.000 айлын орон сууцанд ойролцоогоор 400.000 гаруй хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийг усаар хангахын тулд 96.000 шоо метр усны нөөц хэрэг болно. Харин одоо байгаа усны нөөц нь энэ хэрэгцээг хангаж чадахгүй учраас усны нөөц хомсдох нь гэж яриад байгаа юм. Энэ хомсдол 2016, 2020 он биш. Одоо баригдаж байгаа орон сууцууд ашиглалтад ороод эхлэхээр үүснэ. Хүн амын төвлөрөл суурьшилыг шийдэхийн тулд  ус хангамжийн эх үүсвэрийг бий болгох хэрэгтэй.

-Яаж бий болгох вэ. Энэ талаар яамнаас барьж буй бодлого юу юм бэ?

-Хэмнэлттэй хэрэглээнээс гадна хэрэглэсэн усаа эргүүлэн ашиглах. Эргүүлэн ашиглавал 30 хувийг хэмнэх боломжтой. Хоногт 300 мянган шоо метр ус ашигладаг гэж үзвэл 90 мянган шоо метр усыг эргүүлэн ашиглах боломж байна. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөөд нэмж орон сууц барихаар болбол зайлшгүй ундны усны шинэ эх үүсвэр хэрэгтэй болно. Тэрийг Туул усан цогцолбороор шийдэж болох юм. Энэ нь Туул голоор жилдээ урсдаг хур тунадас, үерийн ус буюу илүүдэл усыг хуримтлуулж авч сан байгуулах ажил юм. Энэ усан санг байгуулбал Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлдвэр, ААН, дулааны станцуудыг усаар хангах боломжтой болно.  Ингэж чадвал гүний усны нөөцийг зөвхөн хүн амын унданд ашиглах юм. Ингэснээр нийслэлийн ундны усны хомсдолын асуудал яригдахгүй, тогтвортой усаар хангагдана.

-Одоогоор зөвхөн уул уурхайн компаниуд л усаа эргүүлэн ашиглаж байгаа биз дээ?

-УБ хотын төвлөрсөн шугамд холбогдсон хэрэглэгчдийн нэг нь ч эргүүлэн ашиглахгүй байгаа. Хэрэглэсэн бүх ус бохирын хоолой руу орж Төв цэвэрлэх байгууламж руу очдог. Үүнийг эргүүлэн ашигладаг томоохон дэд бүтцийг шийдэх шаардлага гарч ирж байна. Үүнээс өмнө Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх хэрэгтэй.

-Туул усан цогцолбор, Төв цэвэрлэх байгууламж концессын жагсаалтад байгаа юу?

-Хоёулаа орсон. Төв цэвэрлэх байгууламжийн ажил ирэх жилээс эхэлнэ. Туул усан цогцолборын хувьд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Шуурхай ажиллавал 2021 он гэхэд ашиглалтад орох боломжтой гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа.

-Монгол орны усны нөөцийн талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол орон бол 1986 оноос хойш эрдэмтэн судлаачдын тооцсоноор 600 шоо км усны нөөцтэй. Энэ 600 шоо км-ийн 83 хувь нь гадаргын ус /тоом гол, нуур, мөнх цасны ус/, үлдсэн 20 гаруй хувь нь одоо бидний тогтоогоод байгаа газрын доорх 260 гаруй усны ордууд байгаа. Нөөцийн хувьд жигд бус хуваарилалттай, Хангайн нуруу, Хэнтийн нуруу, Хөвсгөл, Шишгэдийн хотгорт л нийт гадаргын усны нөөц байрладаг гэж хэлж болно. Харин бүх аймаг сумдуудад газрын доорх  260 гаруй усны орд батлагдаж бүртгэгдсэн.

-Усны нөхөн сэргээгдэх хугацааг яаж тооцдог вэ?

-Нөөцийн хувьд бол нөхөн сэргээгдэх хугацаанаасаа хамаараад бодитой хатуу тоог тавьдаггүй, хөдөлгөөнтэй хэмжигдэхүүн байдаг. Газрын доорх усны орд бол хэдэн арван жилээс хэдэн зуун жилийн хооронд нөхөн сэргээгддэг бол гадаргын ус нь нэг хур тунадасны хэмжээгээр нөхөн сэргээгдэж болдог. Өнөөдөр Улаанбаатар хот болон  аймаг, сумын төвүүд бүгд газрын доорх усаар ундалдаг. Дээр нь энэ томоохон төслүүд, уул уурхайн газрууд бүгд газрын доорх усаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ялангуяа говийн бүсэд байгаа Оюутолгой, Тавантолгой, МАК, Энержи Ресурс, Сайншандын аж үйлдвэрийн парк гэсэн энэ том төслүүд бүгд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд газрын доорх усны нөөцөөс авах ёстой байдаг. Гэтэл газрын доорх гүний усны нөөц маань хязгаарлагдмал зүйл. Оюутолгой гэхэд гүний хоолойд олдсон орд нь 870 литр секунд ашиглагдах боломжит нөөцийн дээд хэмжээ нь. Үүнээс цаашаа бол үндсэндээ ус авч ашиглаж болохгүй  гэсэн үг. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаад 140 тонн хүдэр боловсрууллаа гэхэд 1200 л/сек усны нөөц хэрэгтэй байгаа юм. Энэ нөөцийг нь харин өөр эх үүсвэрээс хангах ёстой. Өөр эх үүсвэр гэхээр гадаргын усыг хуримтлуулж байгаад алсад шилжүүлэх эсвэл Оюутолгойн орд томоохон усан бассейн ажиллуулж усаа эргүүлж ашиглах хэрэгтэй, бүр 80-90 хувиар. Ингэсэн тохиолдолд томоохон төслүүд үйл ажиллагаа нь тасалдахгүй тогтвортой явж чадах юм.

Усны нөөц хомс байхад хэрэглээгээ зохицуулж чадахгүй байгаа энэ нөхцөлд асуудлыг шийдэж чадах гол хөшүүрэг нь эдийн засаг буюу усны үнэ юм. Засгийн газрын 2013 оны 226, 227 дугаар тогтоолоор сав газар тус бүрээр нь харилцан адилгүйгээр усны нөөц хомстой, экологийн доройтолд орж байгаа бүс нутгуудад газрын доорх гүний усыг үйлдвэрлэлд ашигласан тохиолдолд их өндөр хэмжээгээр нэмсэн. Энэ нь хуучин 150 төгрөг байсныг 3-5 дахин нэмсэн, харин уул уурхайд ашигласан тохиолдолд 6-9 дахин нэмсэн. Говийн бүсэд бол тонн тутамдаа 960 төгрөг болсон.

-Оюутолгойн хэрэглэж байгаа усны хэмжээг яаж хянаж байна вэ?

-Ашиглалтын 60 гаруй цооног бий. Бид Говь-Алтайн урд хэсгээс Сүхбаатар хүртэл хяналтын 200 цооног байгуулж байгаа. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажилласнаас хойш ямар хэмжээгээр буурч байна, хэдий хугацааны дараа эргэн сэргэж байгаа нь хянагдах юм. Ирэх жил ашиглалтад орно.

-Оргил рашаан сувилалтай холбоотой маргаан өнөөг хүртэл тасраагүй байна. Хуулийн дагуу хэдэн метрт барилга барихыг хориглодог вэ?

-Усны тухай хуульд орсон шинэ өөрчлөлтөөр онцгой, эрүүл ахуйн, энгийн хамгаалалтын бүс гэж гурван янз байдаг. Эрүүл ахуйн бүст барилга байшин барих, үйлдвэрлэлийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Оргил рашаан сувилалын эх үүсвэр буюу худгуудын хамгаалалтын бүс дотор нь үе үеийн нийслэлийн удирдлагууд газар олгочихсон. Энэ нь Оргил рашаан сувиллыг боомилж байгаа асуудал. Наад зах нь 100 метр дотор барилга байшин байж болохгүй. 200 метрт газар шорооны ажил хийх, шатахуун  түгээгүүрийн газар барихыг хориглодог. Гэтэл рашаан хойд болон зүүн хойноосоо чиглэсэн тэжээгдлийн мужтай. Үүнийгээ 1000 метр хүртэлх зайг хамгаалалт хязгаарлалтын бүсийг тогтоох ёстой байтал газар олгосоор байгаад одоо рашааны ундарга багассан. Мөн рашааны чанарт өөрчлөлт орж байна.

-Рашааны ундрагыг хэвээр нь хадгалахын тулд юу хийх вэ?

-Одоо Оргил рашаан сувалалыг авч үлдэе гэвэл худгуудын ойролцоох газруудыг хамгаалалтад авч хязгаарлалтын бүсийг тогтоож, барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэхээс өөр гарцгүй.

Ярилцсан Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж