“Нэгдсэн төсвийг задлаагүй”

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

“Нэгдсэн төсвийг задлаагүй”

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2015 оны нэгдсэн төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсээр байна.  Орон нутагт шилжүүлж буй хөрөнгө оруулалт, зардалтай холбоотойгоор шүүмж өрнөсөөр байсан бөгөөд нэгдсэн төсвийн бодлогыг задлаж байна хэмээцгээсэн бол үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Нэгдсэн төсвийг задлаагүй. 800 тэрбумийн 200 тэрбумыг л орон нутагт шилжүүлж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарласан юм.

Хуралдааны үеэр гишүүн Д.Сумъяабазар “Улс орны нийгэм эдийн засгийн байдал үнэхээр хүнд байна. Ард иргэдтэй уулзаж, барааны зах, нийтийн тээврээр явж байхад эдийн засгийн байдал уруудан доройтож буй тухай л ярьцгааж байна. Борлуулагч нар дор хаяж тав дахин буурчихаад байгаа тухай хэлж байна. Гэтэл энд бид төсвийг нь хамгаалсан аргацаасан байдлаар л батлах гэж байна” гэсэн бол гишүүн Ц.Оюунбаатар “Хуучин, 1990 оноос өмнөх сэтгэлгээнээсээ салж чадахгүй нь. Шинэчлэл чинь явахгүй нь. Улс төр чинь нийгмийг бухимдуулж байна. Талцал, улс төр чинь, олигархиуд чинь юу ч хийлгэхгүй нь. Олон арван бизнесмэнүүд ажилчдаа харж байна. Тойрог тойрог руугаа хөрөнгө шаардсан хэдэн хүнээс өөр юу ч алга,  тендрийг будлиантуулж байгаа хүмүүстэйгээ яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Орон нутагт төсөв шилжүүлж байгаа нь улс төрийн үр дагавартай гэдгийг ойлгож байна уу”, Ё.Отгонбаяр “Төсвийн орлого чинь босоо, зарлага чинь хэвтээ байна гэдгийг хүмүүс хэлээд байна шүү дээ. Салбарын нэгдсэн бодлого алдагдана шүү. Зарим нь боловсролдоо анхаарна, зарим нь эрүүл мэнддээ анхаарна. Улсын нэгдсэн бодлого алдагдаж болзошгүй шүү. Ямар заяа муутай нь сайдын багцад багтаад, ямар заяагүй нь тэр орон нутгийн багцад нь ордог юм” гэв. 

Шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлэн “эрх мэдлийг орон нутагт өгнө гэдэг нь хариуцлагагүйгээр үлдээнэ гэсэн үг биш. Мэдээж шинэ зүйлээс болгоомжлох сэтгэлгээ байгааг ойлгож байна. Би тал еэвэнгийн тухай яриагүй. Тэр чинь кинон дээр л гардаг байх. Жишээ нь өмнө Боловсролын яам чинь барилгын боловсролын яам болсныг бид засч барилга барих асуудлыг барилгынх нь яам нь хариуцаг гэсэн шүү дээ. Байшин савтайгаа бодлогоо холиод байна. Та бид хоёр хамтдаа сууж хийсэн нэг буруу зүйлийг урхаг нь одоо ч гараагүй байна. Цэцэрлэгт гарч буй зардал дээр гэхэд 100 хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эх нь даадаг байсан. Гэтэл одоо бүгдэнгийнх нь 100 хувийг төр даадаг. Ингэхээр мөнгө алга болохгүй яадаг юм. Булган аймгийн нэг сургуулийн зардлыг энд  УИХ дээр шийдэх хэрэг байхгүй, тэндээ өөрсдөө шийдэж яагаад болохгүй байгаа юм” гэсэн юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж