Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

“Sweetie” ажиллагаа

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Швейцарийн “Terre des Hommes” байгууллагаас бага насны хүүхэд сонирхдог бэлгийн гаж донтнуудыг илрүүлэх зорилгоор “Sweetie” нэртэй нэгэн ажиллагааг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлжээ.

Тус байгууллага 10 настай филиппин охиныг программаар бүтээн онлайн чатуудад профайл үүсгэн бүртгүүлсэн байна. Охины профайл хуудсыг 71 орны 20 мянга гаруй эрчүүд үзэж, ямар нэгэн байдлаар охинтой харилцан яриа өрнүүлсэн байна.

Тэдний 1000 орчим нь охинд сексийн санал тавьж, вэбкамерын өмнө хувцсаа тайлах болон хүссэн сэдвээр нь яриа өрнүүлэх зэргийг хүсч үүнийх нь хариуд мөнгө өгөхийг санал болгож байжээ.

“Terre des Hommes” байгууллагын мэргэжилтэн “Хүүхдийн хүчирхийлэл бол маш далд байдаг зүйл. Бага насны хүүхдийн хулгай, хүний наймаанд өртөж, бэлгийн мөлжлөгт ашиглагдаж буйн эх үндэс нь тэднийг авах сонирхолтой хэрэглэгчид, гаж донтнууд юм. Тэдний илрүүлэх маш хэцүү. Тэд нийгмийн давхарга бүрт байдаг. Өндөр албан тушаалтай, тогтсон гэр бүлтэй хүмүүс ч тэдний дунд бий. Тэдгээрийг илрүүлэхэд энэхүү Sweetie нэртэй ажиллагаа маань чиглэсэн. Үүний үр дүнд бид ноцтой үйлдэл гаргасан 1000 гаруй эрчүүдийн интернэт бүртгэл дээр үндэслэн холбогдох мэдээллийг нь цуглуулж, өөрийн улсынх нь цагдаагийн байгууллагад илгээсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Эдгээр 1000 хүнээс АНУ-ын 254, Английн 110, Энэтхэгийн 103 бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Английн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний төв энэхүү хэрэгт бүртгэгдсэн 110 хүнийг шалгаж, байцаалт явуулж эхэлжээ.

Байцаалтын үр дүн эхнээсээ гарч Scott Robert Hansen гэгч эрийг шүүхэд дуудсан байна. Түүнийг өөрийн нүцгэн зургийг Sweetie охин руу илгээсэн, өөрийн компьютер дээр бага насны хүүхдийн сексийн сэдэлтэй зургуудыг хадгалсан байсан, биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдийг сексийн сэдэлд уруу татсан гэх гурван үндэслэлээр буруутгаад байгаа юм байна.

Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 2 жил хүртэл хугацаагаар шоронд хоригдох ял авах юм байна.

Харин дийлэнх орнууд онлайнаар бага насны хүүхэдтэй сексийн сэдэлтэй яриа өрнүүлэх, санал тавих зэрэг дээрх үйлдлүүдэд хариуцлага тооцох хуулийн заалт байдаггүй байна. Тиймээс цагдаагийн байгууллага зөвхөн дээрх этгээдүүдийн мэдээллийг хадгалах, эрсдэлтэй гэж үзэн хяналт тавихаас хэтэрдэггүй аж.

Үүнд “Sweetie” ажиллагааг зохион байгуулагч нар сэтгэл дундуур байгаа ч цаашид энэхүү ажиллагаагаа улам өргөжүүлж, нуугдсан гаж донтнуудыг ил болгосоор байх болно гэдгээ мэдэгдсэн байна.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж