Хөлбөмбөгт хавар ирлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарыг Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ-

Монгол хүн дэлхийн хөлбөмбөгийн спортын долоо хоногийн "Онцлох хүн"-ээр тодорлоо. Гэхдээ муухайгаар…. Тэгэхээр гутармаар юм. Энэ бол Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны ерөнхийлөгч Б.Ганболд авлига авсан нь тогтоогдсон тул FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооноос түүний таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хассан үйл явдал юм.

Өнгөрөгч долоо хоногийн спортын дуулиан шуугиан болсон энэхүү мэдээллийн араас Монголын хөлбөмбөгийн холбоо ямар байр суурь илэрхийлэх нь Монголын төдийгүй олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд байв.

МХБХ-ны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дэд ерөнхийлөгч А.Ганбаатарыг МХБХ-ны ээлжит их хурал хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ.

Энэ талаар тус холбооныхон өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Дамдин, М.Амарбаясгалан, Ж.Энхжаргал, Ч.Наранбаатар, Л.Мягмаржав нар оролцсон юм.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар юуны өмнө холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболдын өмнөөс уучлал хүсч, Монголын хөлбөмбөгийн спортын нэр хүндийг сэргээх, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллахыг нийт хөлбөмбөг сонирхогчдод уриалав.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзэх:

 

МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийн хэлснээр авлигын хэрэгт холбогдсон Б.Ганболдоос тэд холбооны тамга тэмдэг, бичиг баримтуудыг хүлээн авчээ. Гэхдээ үүрэг гүйцэтгэж буй А.Ганбаатар зөвлөх болон бусад хүмүүсээс FIFA-гаас гаргасан шийдвэрийн дараа Б.Ганболдтой албан ёсоор уулзсан хүн байхгүй, түүний Монголд байгаа эсэхийг ч мэдэх хүн алга байв. Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар энэ талаар “Б.Ганболд ерөнхийлөгчтэй холбоо барих гээд чадаагүй. Бидэнтэй биеэр уулзсангүй. Сургийг нь сонсоход Спортын арбитрын шүүхэд хандах бодолтой байгаа юм билээ. Тэгээд үнэн мөнөө тогтоолгох байх аа” гэв.

Нэгэнт холбооны ерөнхийлөгч нь хөлбөмбөгтэй холбогдогдолтой бүх төрлийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон тул холбоо Их хурлаа товлож, дараагийн ерөнхийлөгчөө сонгож, үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй, нэг хүнээс болж холбооны ажил зогсох ёсгүй гэдэг дээр Монголын хөлбөмбөгийн холбооныхон санал нэгджээ.

Ингээд өчигдөр МХБХ-ны Удирдах зөвлөлийг хуралдуулж, Тогтоол гаргасан байна. Уг тогтоолд тэмдэглэснээр МХБХ-ны Ээлжит бус Их хурлыг арваннэгдүгээр сарын 22-нд хуралдуулахаар болж, Ээлжит бус их хурлын ажиллагааг хангуулах Түр хороог 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах шийдвэр гаргажээ.

Түр хороо нь дараах чиг үүрэгтэйгээр ажиллах аж:

  • Олон Улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөмжийн дагуу МХБХ-ны Дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл дээр хэлэлцүүлэг зохион байгуулж, МХБХ-ны Удирдах зөвлөлд танилцуулна.
  • МХБХ-ны Ээлжит бус Их хурлын төлөөлөгчдийн тоог МХБХ-ны одоогийн мөрдөж буй Дүрмийн 21.1-р зүйлийн дагуу тогтоож, МХБХ-ны Удирдах зөвлөлөөр батлуулна.
  • МХБХ-ны Ээлжит бус Их хурлын бэлтгэл ажлыг хангана.
  • МХБХны Шинэчилсэн дүрмийн төслийг МХБХ-ны албан ёсны цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй сурталчилна….

Ямартай ч хамгийн шинэчлэлгүй, хамгийн хаалттай гэх шүүмжлэлийг өөрсдөөсөө ч тэр, өрөөлөөс ч тэр үргэлж сонссоор ирсэн Монголын хөлбөмбөгийн холбоо “хаалга үүдээ нээх” эхний алхмаа хийж эхэллээ. Нэг хүнээс болж, нэг спортын, нийт олны хүсэл сонирхол, хүчин зүтгэл талаар өнгөрч болохгүй гэдэгтэй холбооны одоогийн удирдлагууд ч, холбооны ажилд сэтгэл дундуур явдгаа илэрхийлж буй Түр хорооныхон ч санал нэгдсэн нь өнөөдрийн хурлаас анзаарагдав.

Хэвлэлийн бага хурлын үеэр МХБХ-г шинэчлэх зорилготой нэгдсэн Түр хорооныхон Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатараас зарим асуултад хариулт авахыг хүсч, түүнийг МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах боломжтой эсэх талаар лавлах шаардлага байгаа гэхчлэн асуулга тавьж байв. Харин олон нийтэд хийсэн хэвлэлийн бага хурлын дараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүд болон Түр хорооныхон уулзалдаж, үл ойлголцсон байр суурь, асуудлуудаа нэгтгэн, Холбооны шинэчлэлийн төлөө, Холбооны Ээлжит бус Их хурлыг амжилттай зохион байгуулж, Монголын хөлбөмбөгийн нэр хүнд, ирээдүйн төлөө хамтран ажиллахаар санал нэгджээ.

Магадгүй, Монголын хөлбөмбөгт өрнөж буй энэ үйл явдлыг “Салхи салхилсан ч хавар ирлээ” гэж зүйрлэмээр. Гадаа намар налайж байгаа ч хөлбөмбөгийн спортод нахиа, цэцгээ тэтгэж ургуулах хавар ирж байж болох юм. Хэрхэн арчилж ургуулахыг өөрсдөө мэднэ биз ээ.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж