Гэрээний заалтад өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Гэрээний заалтад өөрчлөлт оруулна

Өчигдөр хуралдсан АН-ын бүлгийн хуралдаанаар Ардчилсан нам МАХН-ын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Үүссэн нөхцөл байдлын талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал солилцоод АН, МАХН-ын хооронд үзэглэсэн гэрээний зарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай, хоёр нам хоорондын урт хугацааны  стратегийн асуудлууд туссан байгаа учраас намын зохих шатны  эрх бүхий байгууллагаар батлах саналыг  намын удирдлагуудад хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас  гэрээний асуудлаар тодрууллаа. 

-Хоёр намын хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдээлэл хийсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжиж байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ АН-ын гишүүддээ   энэ саналаа уриална гэж байсан. Энэ асуудлаар та ямар байр суурь илэрхийлэх  вэ?

-Нийслэлийн Ардчилсан нам мэдэгдэл гаргасан байсан. Э.Бат-Үүл дарга намын удирдлагуудын нэг. Хамтарч ажиллах гэрээтэй холбоотой тодорхой саналаа намын удирдлагад хаяглаж явуулахаар шийдвэр гаргасан. Ардчилсан намын удирдлагад  Ардчилсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,  Нийслэлийн Ардчилсан намын дарга багтдаг. Тиймээс Э.Бат-Үүл дарга энэ асуудлыг нам дотроо шийдэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Хоёр  намын гэрээнд тусгасан ямар заалтыг зайлшгүй өөрчлөх ёстой гэж үзсэн бэ?

-Хамтран ажиллах гэрээний гуравдугаар заалт буюу  тойрогтой холбоотой асуудлыг эргэж харах зайлшгүй шаардлагатай гэж гишүүд үзсэн. Есдүгээр заалт дээр байгаа нэр дэвших гэдгийг  хэрхэн ойлгох талаар ойлголттой болох шаардлага байна.  Мөн улс төрийн бодлого, хөрөнгө оруулалтын талаар гэрээнд тусгах нь зөв эсэх талаар анхаарлаа хандуулах шаардлага байна. Урт  хугацааны стратегийн бодлогын гэрээ байгаа учраас  гэрээний хугацааг хэрхэн авч үзэхээ эрх бүхий байгууллагаар авч үзэх шаардлагатай гэж үзсэн.

-УИХ-д суудалтай улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлдэг болно гэсэн. Улсын төсөвт хэр ачаалал ирэх юм бэ. Тооцоолол байна  уу?

-Гэрээнд Ерөнхий стратеги зарчимд тусгагдсан байгаа гэж ойлгож болно.  Харин гарах зардлын хэмжээ болон бусад тооцоог гаргах боломжгүй. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ байгуулаад боловсруулагдаж байна. Үүнд зөвхөн санхүүжилтийн  бус  өмчийн тухай асуудлыг шийднэ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж