Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээг байгуулсан талаараа өчигдөр албан ёсоор мэдээлсэн. МАХН-ын зүгээс хамтын ажиллагаагаа цаашид баталгаажуулах, итгэлцлийг бий болгох гэрээг байгуулъя гэсэн саналыг өнгөрсөн дөрөвдүгээр сард ирүүлсний дагуу Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад өнгөрсөн тавдугаар сарын 28-нд хамтран ажиллах гэрээг байгуулж болох шийдвэрийг гаргажээ. Нийт 14 заалттай уг гэрээг байгуулснаас үүдэн АН-ын дарга Н.Алтанхуягийг намын дүрмээ зөрчлөө, МҮАН жийгдлээ гэх зэргээр ярьж буй. Энэхүү гэрээний талаар зарим гишүүдийн байр суурийг авлаа.
Ц.Цолмон : Хоёр намд ашигтай гэрээ болсон
-МАХН эвсэл байгуулсан МҮАН-аас нууцаар салж АН-тай гэрээ байгуулсан зүйл байхгүй. МҮАН, МАХН хоёр АН-тай байгуулсан гэрээнээс илүү урт хугацаанд хамтран ажиллах гэрээтэй. Тэр гэрээг үгүйсгэж, хүчингүй болгосон зүйл байхгүй. АН-тай гэрээ байгуулснаас болоод МҮАН-ын гишүүд маргалдсан, зөрчилдсөн асуудал болоогүй. Намын дарга намаа төлөөлж шийдвэр гаргадаг. Түүнийгээ намын бусад нөхөддөө ойлгуулдаг. АН-ын дарга Н.Алтанхуяг Удирдах зөвлөлөөрөө асуудлаа хэлэлцсэн гэж ойлгож байгаа. Энэ бол АН-ын дотоод асуудал учраас бид оролцож, өмнөөс нь тайлбар хийх нь зохимжгүй. Ер нь улс төрийн намууд гэрээтэй ажиллаж сурах шаардлагатай. Өмнө нь тэр намын дарга нар уулзаж гэнэ, тийм асуудал ярьж гэнэ гэдэг байдлаар л ярьдаг байсан шүү дээ. Харин ингэж албан ёсоор гэрээ байгуулсан нь олон улсын жишгээр бол нэг шат ахиж байна. АН МАН хоёр тодорхой асуудлаар гэрээ байгуулж болно шүү дээ. Гол нь төрийн боловсон хүчний асуудал чухал. Нэг нам гарахаар л дээр пооргүй бужигнадаг байж болохгүй. Зарим хүмүүсийн мэдээлэл дутуу байж магадгүй. Алсын хараатай, хоёр намын эрх ашигт нийцсэн гэрээ байгуулсныг шүүмжлэх биш өөрсдөө бас энэ жишиг рүү ормоор байна. Засгийн газар тогтвортой ажиллахад ч энэ гэрээ сайнаар нөлөөлнө. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсны дараа ч биш олон сар жил яригдаж байгаад байгуулсан гэрээ.
Р.Бурмаа: Гэрээний талаар огт мэдээгүй байсан
-Гэрээ байгуулсан тухай өчигдөр хэвлэлээс л сонслоо. АН-ын дарга Н.Алтанхуяг дүрмээ зөрчсөн гэж үзэж байна. Энэ асуудлыг Үндэсний зөвлөлдөх хороогоор оруулалгүй шийдвэрлэсэн.
Р.Амаржаргал: Үг дуугүй хүчингүй болгох хэрэгтэй
-Ийм гэрээ байгуулсанд үнэхээр цочирдож байна. Намын тодорхой институт гэж байна л даа. Намын бүлэг, намын ҮЗХ гэх мэт. Гэтэл энэ асуудлыг огт хэлэлцэлгүй шийдсэн. Энэ нь намыг монополчилж, өмчилж байгаагийн нэг илрэл гэж харж байгаа. Хэрэв би андуураагүй бол намын дүрэмд өөр намтай гэрээ байгуулах асуудлыг Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж шийднэ гэж заасан. Ямар ч байсан энэ гэрээг үг дуугүй хүчингүй болгох хэрэгтэй. Үндэсний зөвлөлдөх хороо сүүлийн 3-4 жил хуралдаагүй байгаа шүү дээ.
Д.Ганбат: Н.Алтанхуягийн мэддэг асуудал биш
-Миний ойлгож байгаагаар МАХН-тай гэрээ байгуулах асуудлыг намын их хурлаар хэлэлцээгүй, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл хуралдаагүй. Ийм нөхцөлд гэрээ байгуулсан нь учир дутагдалтай. Энэ асуудлыг намын дарга Н.Алтанхуяг, Хотын дарга Э.Бат-Үүл ч мэддэг юм биш.
О.Баасанхүү: Сонгуулийн марафон битгий хий
-МАХН бага чуулганаа өдөржин шөнөжин хуралдуулаад АН-тай гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн. МАН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн марафоноо битгий эхлүүл. Энэ гэрээгээр намууд өөрийн өмчтэй байхыг хориглоё, намуудын санхүүжилтийг ил болгоё гэсэн. Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд “Улстөрийн нам нь бизнес эрхлэгчдээс хандив авдагийг хориглоё, улстөрийн намууд өмч хөрөнгөтэй байхыг дээрх хуулийн хүрээнд хориглоё” гэдэг дээр хоёр нам санал нэгдсэн. Үүнийг яагаад эсэргүүцээд байгаа юм.
С.ОТГОНСҮРЭН