Хэмжиж чаддаггүй зүйлийг сайжруулж чаддаггүй

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Хэмжиж чаддаггүй зүйлийг сайжруулж чаддаггүй

Өнөөдөр Төрийн ордонд Монголын Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Швейцарь дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төв, Олон улсын менежментийн төв хамтарч Монгол Улсын өрсөлдөх чадварын санамж бичиг байгуулах ёслол боллоо.

Монголын Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Отгочулуу, ТУЗ-ийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан нар ажиллаж байгаа юм байна. Харин Швейцариас Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн тэргүүн ноён С.Граулли тэргүүтэй төлөөлөгчид иржээ. Ноён П.Цагаан, С.Граулли нар санамж бичигт гарын үсэг зурсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

П.Цагаан зөвлөхийн хэлснээр манай улс өнгөрсөн 20 жилийн туршид өрсөлдөх чадвараа дам хүний амаар хэмжиж ухарсан, урагшилсан гэж хэлж иржээ. Харин одоо 25 жилийн туршлагатай Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтарч, бас өөрийн гэсэн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвтэй болсноор бодитоор өрсөлдөх чадвараа үнэлдэг болж байгаа юм байна. “Хэмжиж болдоггүй зүйлийг сайжруулж чаддаггүй” гэсэн эртний мэргэн үгийг П.Цагаан зөвлөх иш татсан юм. Өнөөдрөөс эхлэн 2011 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг хийх юм байна.

Ноён С.Грауллийн хэлснээр тэдний байгууллага Швейцарийн байгууллага учраас төвийг сахисан үйл ажиллагаа явуулдаг тул бодит үнэлгээ гаргаж чадна гэж байлаа. Одоогоос 25 жилийн өмнө эдийн засгийн төвшин, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг л өрсөлдөх шалгуур гэж дэлхийн улс орнууд үздэг байсан бол одоо эдийн засаг, Засгийн газрын бодлогын үр ашиг, дэд бүтэц, хувийн сектор гэсэн дөрвөн салбар дээр тулгуурласан 310 шалгуураар өрсөлдөх чадварыг үнэлж гаргадаг болжээ.

Дэд бүтэц, боловсрол, Засгийн газрын бодлого, технологи зэрэг үүнд ордог ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж