“Битгий телевизээр яриад бай л даа”

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

“Битгий телевизээр яриад бай л даа”

Улс төрийн амьдралд Н.Алтанхуягийн эсрэг Э.Бат-Үүл гэх “жижиг” тэмцэл өрнөж буй. Энэ бүхний эх шалтгаан нь ирэх оны хотын төсвийг зурагласан төсвийн төсөл. Орон нутагт эрхийг нь шилжүүлж өөрсдөө санхүүжүүлэх зүйлээ өөрсдөө аваг гээд өгчихсөн нь энэ. Гэвч хотынхон үүнд нь “эх үүсвэрийг нь шийдээгүй байж ачаа үүрүүллээ” хэмээн бухимдаж буй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим хуудсаараа Э.Бат-Үүлийг “түгжилдэж байна” хэмээн тодорхойлсон бол Э.Бат-Үүл “төсөв батлагдвал хот дампуурна” гэсээр.

Өнөөдрийн чуулганы хуралдаан дээр ч үүнтэй холбоотой гомдол өрнөж Э.Бат-Үүл “Хотын төсөв аюулд орчихсон байгаа. Энэ төсөв батлагдах юм бол хот зүгээр л цалин, нийтийн тээврийн тэтгэлэг олгодог урсгал данс л болно. Нийслэлийн төсөв гэж нэг агентлагын төсвөөс дор болж байна” хэмээсэн бол хариуд нь Н.Алтанхуяг “Э.Бат-Үүлээ телевизээр яриад асуудлаа шийддэг юм биш шүү дээ. Нийслэлээс 150 тэрбумын хөрөнгө оруулалт дутсан гэж байна. Гэхдээ нийслэлд бондын хөрөнгөөс 906 тэрбум орно. Өнгөрсөн хоёр жилд 500 гаруй тэрбумыг бондоос хийлээ, ирэх жил 906 тэрбумийг хийнэ гэж байна. Нийслэл өөрөө олдог 250 тэрбумтай юм байна билээ, түүнийг чинь аваагүй. Хамт сууж яриад ойлголцсон биз дээ” гэсэн тайлбар ч үргэлжиллээ. Ийнхүү улс төрчид туйлын тодорхой баймаар нэг тоог хоёр өөрөөр тайлбарлаж, маргалдсаар л.

Б.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж