“Баян төл” хоршооны малчдыг хүлээн авч уулзав | News.MN

“Баян төл” хоршооны малчдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

“Баян төл” хоршооны малчдыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2014.10.20/ Ховд аймгийн Мөст сумын “Баян төл” хоршооны малчдыг хүлээн авч уулзав.

 “Баян төл” хоршоо нь 2011 онд мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор байгуулагджээ.

Тус хоршооны гүйцэтгэх захирал Т.Алтансүх, “Хоршооны гишүүд жилд хоёр удаа хуралдаж  ажлын тайлангаа хэлэлцэж байна. Одоогоор бид 82 малчин өрх, 183 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  8,3 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болж санхүүгийн хувьд өнгөрсөн онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн” гэв.

Харин тус хоршооны Хяналтын зөвлөлийн дарга, малчин Л.Пүрэвжав хэлэхдээ “Манай хоршоо өнгөрсөн 2012 онд Ховд аймгийн тэргүүний хоршоо, 2013 онд хонины ноос бэлтгэсэн үзүүлэлтээрээ тэргүүлж шагнал авсан. Цаашид энэ амжилтаа бататгахаар зорилт тавин ажиллаж байна. Бид гишүүдийн идэвх оролцоог сайжруулахаар жил бүр тайлангийн хурал зохион байгуулан малчдаа урамшуулах, хэрэгцээтэй тохиолдолд малчин өрхөд 1,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлийн үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, малчид хоршиж байж хөгжилд хувь нэмэр оруулна хэмээн онцлоод цаашид хоршоог хөгжүүлэх чиглэлээр анхаарвал зохих асуудлуудын талаар харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж