Дэвүүр тараасан сайд огцорлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Дэвүүр тараасан сайд огцорлоо

 Японы Хууль зүйн сайд Мидори Мацушима

 

Японы Худалдаа, эдийн засгийн сайд Юко Обучийн огцрохтой зэрэгцэн Хууль зүйн сайд Мидори Мацушима албан тушаалаа орхилоо. Мидори Мацушима нь сонгуулийн үеэр өөрийн зургийг хэвлэсэн “учива” дэвүүр тараасан нь санал худалдан авах оролдлогод тооцогджээ. Түүнчлэн түүнийг Токиогийн захад байх хувийн сууцаа парламентын хамгаалагчдаар “мануулсан” гэх хэрэгт буруутгагджээ.  Харин Худалдаа эдийн засгийн сайд Юко Обучийг улс төрийн намынхаа дэмжигчдийн хандивласан мөнгийг зүй бус зорилгоор ашигласан гэж буруутгасан байна. Тэрээр 2009-2011 оны хооронд намын хандиваас 43 сая иенийг тодорхой арга хэмжээнд зарцуулж байсан боловч 2012 оны баримт нь байхгүй байснаас бурууджээ. Түүнчлэн Юко Обучи сангийн мөнгөөр 2012 онд эгч, хүргэн ахынхаа компаниас 3.8 сая иений бараа худалдаж авсан гэнэ.

 

Ийнхүү Японы сөрөг хүчний Ардчилсан намаас Ерөнхий сайд Шинзо Абегийн багт ажиллаж буй хоёр сайдын эсрэг гомдол гаргаснаар суудлаас нь огцруулж чаджээ. Японы Ардчилсан нам өнгөрсөн 2012 оны сонгуулиар Шинзо Абегийн Либерал демакрат намд парламентын эрх мэдлээ алдсан юм. Японд улс төрийн санхүүжилттэй холбоотой хэрэг олон нийтийн анхааралд ихээр өртдөг байна. Мөн сонгогчдын саналыг худалдаж авах аливаа оролдлогыг хатуу хориглосон байдаг аж.

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

Японы Худалдаа, эдийн засгийн сайд Юко Обучи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж