Хүнсээ хэмнэх аянд нэгдэхийг уриалав | News.MN

Хүнсээ хэмнэх аянд нэгдэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Хүнсээ хэмнэх аянд нэгдэхийг уриалав

-Нийт хүнсний бүтээгдэхүүний 30 хувь нь хаягдаж байгаа тул хүнсээ хэмнэхийг уриалж байна-

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын ХХААБ-ын Монгол  улс дахь суурин төлөөлөгчийн газар, Хөдөө аж ахуйн хоршоологчдийн үндэсний холбоо хамтран хэд хэдэн арга хэмжээг санаачлан хийж буй. Энэ хүрээнд өнөөдөр Хөдөө аж ахуйн их сургуульд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Хурлаар хүнсний хог хаягдалтай тэмцэх асуудлыг онцолсон бөгөөд хөдөө аж ахуйн салбарт арвин туршлагатай монголчуудын хувьд хэдий хэмжээний хүнсний хог хаягдал хаяж буй нь тодорхойгүй байдаг ажээ. Тиймээс бүх нийтийн “Хүнсээ хэмнэе” аянд нэгдэхийг уриалж, салбарынхан цаашдаа энэ талаарх тоо баримт цуглуулахыг зорих юм байна.

Дэлхийн хүн амын өсөлт энэ хэвээрээ байвал 2050 он гэхэд одоогийн хүнсний үйлдвэрлэлийг 69 хувь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гэхдээ хүнсний үйлдвэрлэлийг шууд нэмэгдүүлнэ гэхээсээ өмнө хүнсий хаягдлыг бууруулах нь чухал байгаа гэж НҮБ-ын ХХААБ үзэж буй. Учир нь өнөөдрийн байдлаар дэлхийн нийтийн хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гуравны нэг нь хэрэглэгчийн ширээн дээр хүрэхээсээ өмнө муудаж хог болон хаягддаг ажээ. Тухайлбал хөгжиж буй орны хувьд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 14 хувь үйлдвэрлэгдэх явцдаа хаягдал болдог. Харин хөгжсөн улсад бол хэрэглээнд очсон хойноо хүнсний бүтээгдэхүүний 28 хувь нь хаягдал болдог байна. Үүнээс үзэхэд 1,3 тонн хүнс жил бүр хаягдал болон хаягддаг нь нийт хүнсний бүтээгдэхүүний 30 хувь болж байгаа ажээ. Жил бүр хөгжиж буй азийн орнуудад нэг хүн 11 кг хоолыг хог болгон хаяж байна гэдэг. Азийн хөгжсөн оронд энэ үзүүлэлт 80 кг болдог байна. Дэлхий нийтэд бол үр тарианы 30 хувь, сүү цагаан идээний 20 хувь, махны 20 хувь нь хаягддаг гэх судалгаа байдаг. Харин Монгол орны хувьд хүнсний хаягдлын нарийн судалгаа байдаггүйг салбарынхан хэлсэн юм.

Монгол Улсын хувьд, 2013 оны статистикийн мэдээгээр 145.3 мянган малчин өрх нийт мал сүргийн 87.2 хувьтай тэнцэх мал сүргийг уламжлалт өрхийн аж ахуйн хэлбэрээр адгуулан маллаж, мал аж ахуйн гаралтай хүнс үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж байна. Газар тариалангийн салбарт 34.5 мянган өрхийн тариалан эрхлэгчид 191.6 мянган тонн төмс, 101.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч хүн амыг газар тариалангийн бүтээгдэхүүн ялангуяа төмс, хүнсний ногоогоор хангахад үнэлж байршгүй хувь нэмэр оруулж байгаа юм. Гэтэл хүнсний хог хаягдлаар авч үзвэл хамгийн их хаягдал гаргаж байгаа салбар бол үр тариа гэж болно. Үр тарианы 50 хувийг босоо төмөр агуулахад хадгалж байна. Харин 17 хувийг модон, таван хувийг чулуун, 28 хувийг тоосгон агуулахад хадгалдаг нь  хорогдлыг нэмэгдүүлдгийг албаныхан учирлалаа. Мөн Монголд хүнсний ногооны хаягдал өндөрт тооцогддог байна. Сүү цагаан идээний хувьд, үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүрэх хүртлээ дамжиж байгаа шат дараалал, тээвэрлэлтийн нэгдсэн систем байдаггүйгээс үүдэн хаягдал ихээр гардаг ажээ.

Ийнхүү хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр монголчууд арвин туршлагатай ч үйлдвэрлэл, тээвэрлэлтийн шатанд стандартын горим алдагдсанаас багагүй хэмжээний бүтээгдэхүүнийг хүнсний хог хаягдал болгож байна. Тиймээс нийтээрээ хүнсний хог хаягдалтай тэмцэх энгийн нэгэн алхам бол хүнсээ хэмнэх гэдгийг албаныхан онцлоод, “Хүнсээ хэмнэе” аяны хүрээнд энэ бүх тоо баримтыг нэгтгэх их ажлыг эхлүүлжээ.  

У.БОЛОР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж