Орос, АНУ зэрэг орнуудын хотуудад Эбола вирусийн сэжигтнүүдийг эмнэлэгт хүргэсэн нь дэлхийн айдсийг дахиад л гаргалаа. Эболатай байж магадгүй гэсэн эх, охин хоёрыг Амурын Комсомольск эмнэлэгт хүргэсэн нь манай хувьд хамгийн ойр нутаг гээд түгшүүр төрүүлснийг нуух юун. Азаар тэр нь ханиад байжээ. Мөн Оросын төвийн нутагт хоёр африк оюутанг эмнэлэгт хүргэн дуулиан гаргалаа. Гэвч хожим тэднийг Эболатай тэмцэх сургуулилалтад хамруулсан гэж албаныхан мэдэгдсэн юм. Хойд хөршид Эбола орж ирсэн гэх мэдээлэлд манайхан ч ихээр эмзэглэв. Шууд сайтынхан шууд л оросууд хилээ нэг сараар хаалаа гэж мэдээллээ. Айдас гэх ийм аж.
Эбола вирусийн талаарх хамгийн таатай хоёр мэдээлэл өнгөрсөн долоо хоногт байлаа. Вирусийн амьдрах хугацааны 21 хоног түүнийг баталгаажуулах дараагийн 21 нийт 42 хоногийн дотор өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй учраас Сенегал улсыг энэ өвчнөө ялсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарлав.
Дараагийн нэг таатай мэдээ нь одоо эмнэлэгийн туршилтад байгаа үр дүнтэй гэдгээ харуулаад эхэлсэн туршилтын вакцины 800 ампулыг Канад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргэжээ. Канадын Виннипег хотын үндэсний микробиологын хүрээлэнгийн эрдэмтэдийн бүтээсэн вакцин VSV-EBOV гэж нэрлэгдсэн байна. Эм одоо сайн дурын 20 хүн дээр туршигдаж байгаа бөгөөд эхний сайн үр дүн харагдсан гэнэ. Туршилтийн дүнгийн илтгэл ирэх арванхоёрдугаар сард гарна.
Эмийн түрүүчийн энэ хэсгийг Эбола вирусийн дэгдэлтэд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа Баруун Африкийн орнуудад тараах ажээ. Эмийн амжилттай байгаасай гэж залбирья. Үр дүн сайн гарвал энэ аюулт өвчнийг ялах магадлал маш өндөр болно.
Ш.МЯГМАР