“Гутаалгасан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана”

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

“Гутаалгасан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана”

“Гүтгэлгийг няцааж, гутаалгасан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана”

Манай сайтад нийтлэгдсэн “Алтыг идэж болохгүй, гэвч…” нийтлэлийн мөрөөр манайд хандсан хүн бол Хөвсгөл далайн эзэд ТББ-ын тэргүүн Б.Баярмаа юм. Тэрбээр болсон үйл явдлын талаар ийн өгүүлж байна.  

-Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын стратегийн ордод олгогдсон лицензүүд Дээд Шүүхийн шийдвэрээр цуцлагдсан байснаа дахин яагаад яригдаад эхлэв ээ?

-Дээд Шүүх 2013 оны зургадугаар сарын 24-нд 117 тоот тогтоолоороо Талст маргад компанид хууль бусаар олгогдсон 8 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байсан. Гэтэл Талст Маргад компани нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгүүлсэн лавлагааг бараг жилийн дараа Дээд Шүүхэд ирүүлж, 117-р тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан. Үүнийг Дээд Шүүх 2014 оны 6 дугаар сарын 31-нд хэлэлцээд 117-р тогтоолыг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны 20 дугаар шүүхэд буцаасан юм.

-Одоо хэргийн нөхцөл байдал ямар янзтай байгаа вэ? Та нарын талд шийдвэр гарах найдвар байна уу?

-Байгаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны гэрчийн тайлбар хэргийг бидний талд шийдвэрлэхэд чухал нөлөөтэй нотолгоо болсон. Гэрч Талст маргад компани байгаль орчны үнэлгээг удаа дараа хүсэлт тавьж байж яамнаас авсан биш харин өөрсдөө аваачиж өгсөн болохыг нотолсон. Бас ерөнхий үнэлгээний дүгнэлт бол нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатайг тодорхойлсон баримт бичиг болохоос биш үнэлгээ хийлгэсэн гэдгийг батлан харуулж чадахгүй гэдгийг төрийн ажил хариуцсан мэргэжсэн албан хаагчийн хувьд маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн. Шүүгчид үүнийг анхааралдаа авч хэргийг хуулийн дагуу шударгаар шийднэ гэдэгт бид итгэлтэй байгаа. 

-УИХ-ын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга байсан Батж.Батбаяр сэтгүүлч Б.Ганчимэгт томоохон ярилцлага өгч таныг “Чингис зочид буудалд хятадуудтай хамт хүү бид хоёртой уулзаж, лицензээ зарах санал тавьсан. Зарахгүй болохоор 2012 онд шүүхэд өгсөн” гэсэн байсан нь “Өдрийн сонин”-д гарсан байна?

-Би үнэхээр их гайхаж байна. Их хурлын гишүүн, Байнгын хорооны дарга байсан хүн яаж ингэж худлаа ярьж, хүн гүтгэж чадаж байнаа гэж. Асар их нөөцтэй стратегийн ордыг алдана гэхээс айж сандрахдаа юу ч хийхээс буцахгүй байгаа үнэн төрхөө л илчиллээ дээ. Дээд Шүүхээс лицензийг цуцлах шийдвэр гарснаас хойш л Монголын шилдэг нийтлэлчдийн клубын зарим гишүүдээр миний нэр төрийг гутаасан гүтгэлэг бичүүлж эхэлсэн юм. Гэхдээ тэд дотор санаа гаргаж, миний нэрийг бичдэггүй байсан. Хүү нь ч шүүхэд гаргасан тайлбартаа “Хятадын компанид лицензээ худалд гэж тодорхой мөнгөн дүн санал болгож тулгасан”, “Худалдахгүй бол лицензүүдийг цуцлуулах арга хэмжээ авна гэсэн нэг хүн нэхэмжлэгч дотор байгаа” гэсэн байсан. Би шүүх хурал дээр хэнийг хэлээд байгааг асууна гэж бодож байсан. Гэтэл аав нь сая орон даяар зарлаад өглөө.

-Яагаад эд нар нийлж, тань руу дайрч, нэр төрийг чинь гутаах болсон юм бэ?

-Талст маргад ХХК-ийн 8 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа Монголын Шилдэг Нийтлэлчдийн клубын зүгээс зорилготой, зохион байгуулалттай, захиалгат, бүлэглэсэн гүтгэлгүүд эхэлсэн. “Худал үгийг 100 давтвал үнэн болдог” гэдэг реклам сурталчилгааны арга техникийг ашиглаж жирийн иргэн миний хуулиар хамгаалагдсан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараах болсон. “Ордыг авахаар хүссэн хятадуудын захиалгаар хэдэн цаасанд л яваа”, “Захиалга гүйцэтгэгч”, “Эх оронч дүртэй”, “2008 онд Хятадын саналыг барьж ирсэн зууч”, “Та нарын сайн явахыг харнаа гэж Монголчуудаа харааж зүхсэн”, “ТББ толгойлон эх орончийн дүрд хувилан санаагаа үргэлжлүүлэн сайн яваа” гэхчилэн гүтгэж гутаасан. Хятад хүнд дургүй монголчуудын сэтгэл зүй дээр тоглон домог зохиож, намайг “Хятадын талын хүн” болгон нийт нийгмээрээ жигшүүлэхийг хичээж байх шиг. Үүнийг нь нийгэм тэр чигээрээ “Үнэн” гэж хүлээн авч Баярмааг үзэн ядна гэж тооцсон бололтой. Тэгээд би бууж өгөх ёстой юм шиг байна л даа.

Мэдээж би шүүхэд хандаж, нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэл гаргана. Энэ хүмүүсийг ярьсан, бичсэн, нийтэлсэн зүйлсийнхээ үнэн зөвийг нотлохыг шаардана. Миний  нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорыг арилгуулах болно. Нэр төр, алдар хүнд гэдэг нь зөвхөн эрх мэдэлтэй, эд хөрөнгөтөн, олны танил хүмүүст байдаг зүйл бишээ. Эгэл жирийн хүнд ч энэ нь байдаг, бас эрхэмлэдэг үнэт зүйл нь юм. Эрх дархтай хүмүүс энэ мэтээр халдах вий гэхдээ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмтэй улс оронд хуулиар хамгаалчихсан байдаг. Үүнийг энэ эрхэмсэг хүмүүст мэдрүүлэх цаг нь болжээ. Жирийн иргэн хүн өөрөө өөртөө эрхэмсэг оршихуй гэдгийг өөрсдийгөө бусдаас илүүд өргөмжлөн эгэл иргэдийг басамжлан хууль ёсны эрхэнд нь халдагсдад ухааруулах шаардлагатай болсон байна.

-Тэдэнд яаж ойлгуулна гэж?

-Монголчууд эртнээс нэр төрөө маш их эрхэмлэдэг ёс заншилтай ард түмэн. “Хүн нэрээ, тогос өдөө”, “Нэр хугарахаар яс хугар” зэрэг сургаалаар өсч хүмүүжсэн бид үр хүүхдэдээ ч ингэж захиж сургадаг улс. Иймээс эцэг эхээс оноосон нэр, энэ нийгэм, хамт олон, нутаг усныхан, ах дүүс, хамаатан садан, ураг төрлийнхөн дундаа олсон өчүүхэн ч гэсэн нэр хүндээ гүжир гүтгэлгээр гутаалган доромжлуулахыг цааш тэвчихгүй. Нэр төрийг минь хамжин дэмжин сэвтүүлэхийг оролдсон энэ хүмүүс хамтдаа хариуцлага хүлээхийг хуулийн дагуу шаарданаа.

-Батж. Батбаяр гуай ярилцлагадаа “Баярмаа одоо юу хийдгийг би мэдэхгүй. Гэхдээ их сайхан амьдарч байгаа гэсэн. Би хараад л байгаа гэсэн” байсан?

-Монголын тэргүүн баян тэрбумтан хүнийг атаархтал амьдрал маань эрс сайжирсан зүйл байхгүй ээ. Миний амьдрал өнөөгийн монголын жирийн дундаж давхаргын хүмүүстэй л адил хэмжээнд байна. Гэхдээ надад бусдын амьдралыг бусниулан сүйтгэж, буруу аргаар баяжих сувдаг сэтгэл, шунахай зан байдаггүй юм. 100 ч наслахгүй байж идэж барахгүй их хөрөнгө хурааж яах билээ. Авсанд аваад орох биш, хүмүүс энэ хорвоод нүцгэн ирээд нүцгэн буцдаг гэдэг биз дээ.

-Талст маргад компани “энэ лицензийг аваад асар өндөр үнэтэй нөр их ажил хийж байгаа. Одоогийн байдлаар 70-аад тэрбум төгрөг зарцуулсан явж байна” гэсэн. Гэтэл одоо лиценз нь цуцлагдсан болохоор хэцүү л байгаа байхдаа?

-Батж.Батбаяр гуайн ярилцлагаас би олон шинэ мэдээлэл олж авлаа. Манай нутгийн баялгийг лиценз эзэмшигчид өндөр үнээр хоорондоо наймаалцаж байгаа тухай, энд бас их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа гээд олон баримт одоо ил боллоо. Манай улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад 2006 оноос нэгдээд уул уурхайн компаниуд төрд хэдий хэмжээний татвар төлснөө, засгийн газар нь хэдийг авснаа ил тодоор тайлагнадаг болсон. 40 сая төгрөгөөс дээш орлого төвлөрүүлдэг компаниудын тайланг аудитын компани нэгтгэж, компанийн өгсөн, засгийн газрын авсан дүн тохирч байгаа эсэхийг тогтоодог юм. Зөрөө гарвал дахин тодруулж тохируулга хийгээд нийтэд ил тодоор тайлагнадаг болсон. Би энэ санаачлагын ажлын хэсэг болон Үндэсний зөвлөлийн гишүүний хувьд 70 тэрбумын зардал гарсан компани яагаад нэгтгэлд ороогүй байсан юм бол гээд ажлын алба руу хүсэлт явуулж мэдээлэл авсан. Ингэхэд Талст маргад компани зөвхөн 2012 онд л ил тод байдлын тайлангаа өгсөн байна. Энэ тайлангаас үзэхэд тус компани 2012 онд 154 сая төгрөгийг өгсөн, Засгийн газар 44 сая төгрөг авсан гэсэн дүн байна. Тэгэхлээр 70 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан юм бол доо гэсэн асуулт сонирхол татаж байгаа. Бүрэнтогтох суманд гэхэд 2010, 2011, 2012 онд зөвхөн газрын төлбөр л төлсөн байналээ. Үүнээс өөр татвар, төлбөр, хураамж төлөөгүй гэж  сумын татварын байцаагч хэлсэн. Гэтэл сумын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг, жилд суманд 60 сая төгрөг өгдөг гээд хэвлэлээр бичүүлээд байгаа. Аль нь үнэн болохыг холбогдох байгууллагууд тогтоох бизээ. Татварын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гээд төрийн холбогдох байгууллагууд анзаарч байгаа байлгүй. Батбаяр гуай өөрөө ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнийг мэдээсэй гэж хүсч байгаа гэсэн байналээ.

Анх 2006 онд Дэлхийн байгаль хамгаалах сан, Хүний эрх, хөгжил төвтэй  хамтран “Уул уурхайн дахь авилгын асуудал” төслийн хүрээнд судалгаа хийх үед Бүрэнхааны фосфоритын ордод олон тооны лиценз олгогдсон байсан нь анхаарал татсан. Дараа нь Нээлттэй нийгэм хүрээлэнгийн мониторингийн тэтгэлэгийн уралдаанд энэ асуудлаар төсөл бичиж дэмжлэг авч илүү нягталж үзсэн юм. Олон лицензүүд хууль зөрчин олгогдсон байсныг илрүүлж, УИХ, АМГ, БОЯ зэрэгт энэ тухай мэдэгдэж, хяналт шалгалт хийхийг шаардаж байсан. Энэ үед  Батж. Батбаяр гуай Байгаль орчны Байнгын хорооны дарга байсан. Би түүнд энэ тухай албан тоот ч явуулж мэдэгдэж байсан. Өнөөдөр нэг сумын хэсэг хүний эсэргүүцэлтэй тулгараад байдал ийм хүнд байгаа юм чинь ашиглаад эхлэхээр бүхэл бүтэн аймаг, улс, магадгүй олон улсын хэмжээний эсэргүүцлийг давна гэдэг улам бүр бэрх болно. Тийм болохоор би өөрийгөө энэ компанид учрах эрсдлийг урьдчилан сануулж, харин ч тус хүргэж байна гэж боддог юм. Эртхэн өөрсдөө больчих нь өлзийтэй дээ.

 Ярилцсан Ж.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж