“Өндөр ээж” | News.MN

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Одоогоос 30-аад жилийн өмнө 13-хан настай жаахан охин Япон улсыг зорьж, хүүхдийн цовоо цолгиун  хоолойгоор эхийн  ачлал хайр хийгээд дэлхий ээжийн энэрэл хайрын тухай ухаарал уяралын дуу аялан хоёр улсын хооронд сүмочдоос өмнө  гүүр  барьсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Японы газар хөдлөлтөд аав, ээжээсээ хагацаж, гэр оронгүй болсон хүүхдүүдийн төлөө хандивын тоглолт хийж төрөлх хэлээрээ “Хирошима охины цаасан шувуу” дууг дуулж  явсан  бяцхан охин зах зээл эхэлсэн 1990-ээд оны хүнд үед эх орондоо ирэхдээ хүүхдүүд өлсч, даарч, орон гэргүйн улмаас гудамжинд тэнэж байгааг хараад нулимс дуслуулж буцсан бол эргээд тэдэнд зориулж халамжийн төв нээж буяны үйлсэд зүтгэж ирсэн юм.

Тийм болохоор тэр бол “Өндөр ээж”. Өөрөө хүүхэд байж тэр үед “Бөхийн өргөө”-д тоглолт хийчихээд гарч явахдаа орц хонгил, траншейд орогнож яваа хүүхдүүдийг  хараад аавынхаа гараас татаж “Аав аа, энэ хүүхдүүд  даарч байгаа байх даа. Өлсч байгаа байх даа.

Орой болж байхад хаана очиж хонох юм бол оо” хэмээн өрөвдөж нулимс дуслуулж явсан тухай түүний аав олон жилийн өмнө дурсч байсан нь бий. Тэгвэл нэг хэсэгтээ урлагаас завсарлага авсан  тэр  эргэн ирж байна. Удахгүй тоглолтоо хийнэ.

Түүнээс гадна өнгөрсөн зун түүний дуулсан “Цаасан шувуу” дуу Японы дунд сургуулийн англи хэлний  сурах бичигт орж, тус улсын Элчин сайдын яамнаас түүнд хүндэтгэл үзүүлсэн бол тун удахгүй төр, засгийнхаа хүндтэй шагналаар шагнах гэж байгааг дуулгасан гээд олон сайхан мэдээлэл байна.

Хэн гэдгийг нь огт дурьдалгүй ийнхүү бичиж байгаа ч уншигч та аль хэдийнэ энэ эрхэм бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр хэмээн таньчихсан, өөр шинэ мэдээлэл юу байна гээд уншиж суугаа гэдэгт итгэлтэй байна. Тиймээ, түүнийг  ярьж, бичихэд, дурсахад

“Ээжийн бүүвэйн энэ  дуу

Эгшиг надад хайрласан

Энэ л миний дуулах дуу

Ээжийн бүүвэйн дуу”  гэсэн энхэр  мөрүүд өөрийн эрхгүй  аманд аялагддаг. Хүний хань, айлын гэргий, алдрай хөөрхөн үрсийн ээж, Монголын урлагт өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээж яваа гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүрийг “Polit”-ийн нэг өдөр буландаа  зочноор урьсан юм.

ФЕНҮҮДТЭЙГЭЭ УУЛЗАНА ГЭХЭЭС ДОГДОЛЖ БАЙНА

-Сайн байн уу, Оюунтүлхүүр ээ. Японд сурч, уран бүтээл туурвин биднээс олон жил хол байсны эцэст айлын гэргий, хүний хань, алаг үрсийн ээж болж урлагаас багагүй хугацаанд хөндийрсөн чинь үзэгч, фенүүд бидний хувьд  жаахан тиймхэн байсан шүү. Удахгүй шинэ бүтээлүүдээ дэлгэж, цомог, тоглолт гээд олон сайхан бэлгийг үзэгч, фенүүддээ барих гэж байгааг чинь сонсоод их баяртай байна?

-Би 1983 онд 13 настай Япон улсад анх  очсоноос хойш 30-аад  жил өнгөрчээ. Хэдийгээр багагүй хугацаа ч гэсэн өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад  өчигдөрхөн мэт тодхон санагдаж байна. Магадгүй маш богинохон хугацаа ч юм шиг. Амьдралынхаа  нэлээд хугацааг  хүний нутагт  өнгөрөөлөө. Уран бүтээл туурвихын зэрэгцээ  сурч боловсорч, магистр хамгаалсан гээд бодоход тэнд олон ажил  амжуулж чадсандаа   сэтгэл хангалуун байдаг. Уран бүтээлийн  завсарлага авч байна гэж зарим хүн хэлдэг л  юм.

Завсарлах юу байхав,  хүүхдээ хараад гэртээ байгаа ч зүгээр суугаагүй. Өнгөрсөн жилүүдэд хийсэн хөдөлмөрийг  маань төр засаг үнэлж, нэр хүндтэй шагнал хүртээсэн. Баярлууштай хэрнээ асар их хариуцлага ногдуулсан гэж ойлгож  явдаг юм. Ард түмэн, нутгийн зон олон, фенүүд маань надаас ихийг хүлээж байгааг алхам тутамдаа мэдэрч ирсэн. Одоо хүүхдүүд маань овоо боллоо. Хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар уран бүтээлээ амжуулж байсан, түүнийгээ үзэгч фенүүдээ хүргэхээр сүүлийн үед нэлээнд шаргуу ажиллаж байгаа шүү. “Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой”, “Зүрхэнд туссан гэгээ” зэрэг уран бүтээлүүдээ клипжүүлж  нэгэн зэрэг сонсогч түмэндээ хүргэсэндээ баяртай байна.

Монгол түмэндээ зориулж  ирэх  сарын эхээр “Хайрын эгшиг”  уран бүтээлийн бие даасан  тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Тоглолтынхоо бэлтгэлийг хийж байна, тоглолтоо сайхан болно гэдэгт бас итгэлтэй байна. Бас үзэгч, фенүүдтэйгээ уулзана гэхээс догдолж байна даа.

-Тоглолтын бэлтгэл, зардал, зохион байгуулалтыг ямар байнгууллага хариуцаж байна?

-“Бал продакшн” /инээв/. Хошигносон юм шүү, яг үнэндээ тэр бүх ажлыг манай Бал /Балдоржийгоо хэлэв/ хариуцаж байгаа. Манай хүн урлагт их элэгтэй, миний ар талыг бүрэн хариуцдаг халамжтай хүн дээ.

-Ингэхэд хаанахын бэр болсон бэ. Гэр бүлээ танилцуулаач?

-Завхан нутгийн бэр болсон. Нөхөр маань төрийн албан хаагч. Манайх хоёр хүү, нэг охинтой.

-Анх ээжийн тухай дуу зохион дуулж байснаас хойш  олон жил өнгөрчээ. Гэхдээ та хүүхэд байхдаа Японд  хүүхдүүд газар хөдлөлтөд өртөн ээж ааваасаа хагацаж, гэр оронгүй болж байгааг хараад тэдэнд туслах хандивын тоглолт хийж, бас Монголынхоо өнчин ядуу хүүхдүүдийг халамжлах тухай бодож тусламжийн гараа сунгаж  явсаныг бид мэднэ.  Тэгвэл өөрөө ээж болоход ямар мэдрэмж төрж байв?

-Хүн өөрийн биеэр туулж байж л ээжийнхээ зовлонг биеэрээ мэдэрдэг юм билээ. Дуу зохиогоод  дуулж явахдаа ээжийгээ  ойлгож  байна гэж боддог байлаа. Гэтэл өөрийн биеэр туулж  байж л бүхнийг мэдэрч  бараг “Ээжийгээ баярлуулж байл уу” гэсэн  бодол төрж байсан.

Ээждээ улам хайртай болж, намайг ингэж зовж зүдэрч өсгөж, хүмүүжүүлсэн  аав, ээжийнхээ ач буяныг насан туршдаа, зүрх сэтгэлдээ хадгалж явах ёстой гэдгийг ойлгосон. Хүний амьдралын утга учир гэдэг их сонин юм. Ер нь амьдрал үр хүүхэд дээр тогтдог юм биш үү. Эхийн санаа үрд, үрийн санаа хаана ч юм бэ нэг газар явж байдаг гэдэг үнэхээр үнэн юм байна лээ.

ХАЛАМЖИЙН ТӨВДӨӨ 1000 ГАРУЙ ХҮҮХДИЙГ ӨСГӨЖ, ХҮМҮҮЖҮҮЛСЭН

-Японы хүүхдүүдэд туслах хандивын тоглолт хийж, Монголдоо бас гэр оронгүй хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж ирсэн тэр тухайгаа дурсаач?

-1993 онд Японд очоод өвөл, зуны амралтаар Монголдоо ирж байсан даа. Японд 500 гаруй   тоглолт хийсэн дээ. Тэр дотор аялан тоглолт, хандивын тоглолтууд маань орж байгаа юм. Японд байхдаа гэрээ их санана. Газар хөдлөлт, цунами гээд байгалийн давагдашгүй хүндрэл бэрхшээл их гардаг, сэтгэл эмзэглэдэг байсан.

Юу ч болж болзошгүй тэр газар оронд амьдарч байгаа япон хүмүүсийн сэтгэлийн хат, хөдөлмөрч зан чанарыг биширч байлаа. Зовлон шаналалаа даван туулах чадварыг нь дэлхий нийт харж, хүндэлж байна шүү дээ. Би  тэр ард түмнийг өнөөдөр ч асар ихээр хүндэлж явдаг. Чадах ядахаараа тусалж, дэмжих, хувь нэмрээ оруулахыг хичээдэг  байсан. Япончууд манай монголчуудад хүртэл өнөөдрийг хүртэл асар их тусалж дэмжиж ирсэн шүү дээ.

Тэгээд тэнд байхдаа наашаа, эх орондоо  ирэх бүрт  Монголын  нийгмийн  амьдрал маш хүнд байгаа нь мэдрэгддэг байлаа. Траншейны хүүхдүүд гэнэт өссөн. Тэрийг хараад шоконд орж байлаа. Тэднийг харж хандах арга төр, засагт байдаггүй юм байх даа гэж бодож явсан.  Хүүхдэд хайртай болохоор тэр үү, нулимс унагаж  явсан өдөр  бий. Тэр жил Японд газар хөдлөлт болж, би хандивын тоглолтод оролцсон юм.

Тэр үеэр дуулахаас гадна  “Монголын амьдрал хүнд  байна, хүүхдүүд тэнд өлсч даарч, хэцүү бэрх байна”  гэдгийг  ярьсан. Хэн ч байсан нийгмийн нэг иргэний хувьд чадахынхаа хэрээр хувь нэмрээ оруулах ямар нэгэн үүрэг байдаг. Нийгэмд гарч байгаа үзэгдлүүдтэй хүн болгон  ямар нэгэн байдлаар холбоотой. Тэрний төлөө хариуцлагаа ухамсарлах ёстой.

Уран бүтээлчид нийгэмтэйгээ асар  ойрхон  байх  нь чухал. Нийгмээс огт хамааралгүй юм шиг дуулаад байж таарахгүй. Тухайн үед миний чадах л юм тэр байсан. Тоглолт хийж, орлогыг нь  тэр хүүхдүүдэд хандивладаг байлаа. Тэр үед хандивлах арга зам хэцүү байсан учраас сан байгуулах шаардлага тулгарч аяндаа “Оюунтүлхүүр сан” бий болсон. Өмнө нь албан бусаар хандивын тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байсан. 1997 онд  эрхээ  авсан.  Сан байгуулчихаар миний амьдралын нэг хэсэг болчихож байгаа учраас чадах чинээгээрээ  л туслахыг боддог.Энэ ажил маань одоо ч үргэлжилж байгаа.

-Энэ хүртэл хэдэн хүүхдэд тусламжийн гараа сунгав?

-1997 онд сангаа  байгуулчихаад 50 хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх хүчин чадалтай “Тэмүүлэл” нэртэй халамжийн төв нээсэн юм. Зардал ихтэй болохоор саад тотгор их бий. Ашгийн бус бор зүрхээрээ зүтгэдэг учраас  миний чадал чинээ яаж хүрнэ вэ, тухайн үеийн боломж ямар байгаагаас шалтгаалах юм  бас  байна. Өнөөдрийг хүртэл 1000 гаруй  хүүхэд халамжийн төвөөр дамжсан.

Төгссөн хүүхдүүд олон бий. Одоо  20 гаруй хүүхэд өсгөж хүмүүжүүлж байна. Маш олон хүүхэд дээд сургуульд суралцаж байгаа. Тэднээс хөлөө олсон нь  цөөнгүй. Яваандаа хүрээгээ тэлэх бодол бий.

БИ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТЭЙ ХҮН БАЙГАА ЮМ

-Япон улсад ажиллаж, амьдарч байхад  тань  тэндхийн бэр болох вий  утгатай мэдээлэл их цацагддаг  байлаа. Интернетээр мэдээлэл авч байсан байх, тухайн үед юу бодогдож байв?

-/инээв/. Би анхнаасаа гадаадын хүнтэй хэзээ ч суухгүй гэсэн бодолтой байсан. Жаахан  байсан хэрнээ их үндэсний үзэлтэй “Монгол хүн юм чинь монголоороо л үлдэх ёстой”  гэсэн  хатуу  байр, суурьтай. Ямар ч гэсэн эцэг, эх нутаг усандаа ойр, монгол хүнийг сонгоно гэсэн бодол хар багаас байсан.

-Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг эрхэм цол, шагналыг авч байхдаа УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан Т.Гандитай зэрэгцээд зогсч байгаа харагдсан. Эгч дүүс хамтдаа  төрийн нэр хүндтэй шагналаар  энгэрээ мялаасан ховор тохиолдол байх?

-/инээв/. Т.Ганди эгч бид хоёр их ойрын хамаатан. Манай ээжийн үеэл юм. Би ч гэсэн эгчээрээ бахархдаг. Ер нь  манай төрөл садангууд дотор олон сайхан хүн бий. Ардын жүжигчин, уртын дуучин Ч.Шархүүхэн эгч  манай эмээгийн үеэл.  Надтай хамт Японд олон тоглолт хийж байлаа.  Нэг тайзан дээр дуулснаа маш том аз завшаан гэж боддог. Сайхан хүмүүс, ахмадуудынхаа нөмөр нөөлгөнд байгаадаа их баярладаг.  

-Таны аав Т.Дамдинсүрэн агсан Монголын хөгжмийн  нэртэй зохиолчдын нэг байсан. Уран бүтээлийн замд аав тань хөтөлсөн  байх даа? 

-Уран бүтээлийн замд гараас  хөтөлсөн хүн бол  гарцаагүй аав минь  байлгүй яахав. Би чинь цагаан толгойн “А” үсэг  сураагүй байхдаа  л нот сурсан юм. Зун аавтайгаа хамт хөдөө очоод оросын сурах бичгээс хичээл үзэж, нот заалгаж байлаа. Намар нь Хөгжим бүжгийн коллежид шалгуулах гэтэл хавар  элсэлтээ авчихсан гээд буцаасан. Аав минь “Шалгаад үзээч, миний охин тэнцэнэ” гэсэн. Тэгээд Соёлын яамнаас албан ёсны зөвшөөрлийн бичиг авч, намайг шалгалт өгүүлэх  боллоо. Шууд комисс бүрдүүлээд  шалгалт авсан.

Тэр үед Н.Ганчимэг багш минь намайг тосч авсан юм. Шавь нарынхаа төлөө зүтгэсэн сайхан хүн ч, их хатуу багш байгаа юм. Гэхдээ хүн итгэсэндээ хатуу байдгийг багш маань  надад биеэрээ мэдрүүлсэн. Сонгодог хөгжмийн нарийн мэдрэмжийг бий болгосон.  Сүүлд Япон улсад очиход тэндхийн багш нар миний тоглож байгаа арга барилыг их өөр юм  гэж гайхаж байсан. Хөгжмийн талаас маш сайн суурийг  тавьж өгсөнд  нь одоо ч  багшдаа баярладаг.

АНХНЫ ЦОМГОО 13 НАСТАЙ БАЙХДАА ГАРГАЖ БАЙЛАА

-Монголд хамгийн анхны цомгийг та гаргаж байсан. Тэр тухай дурсвал…?

-Монгол хэл дээр гаргасан нь  цөөхөн дөө.  “Тэнгисийн дуу”, “Эргэх улирлын аяс”, “Зүүдний учрал”   нэртэй  гурван альбом  гаргасан. Сая шинэ цомгоо гаргалаа. Он гараад ч бас шинэ цомог гаргахаар дараагийн ажилдаа орсон.  Японд байхдаа  8-9 альбом гаргасан, сингл 20 гаруй бий. Анх Японоос захидал ирж “CD-ний бичлэгт орно” гэхэд тэр нь юу байдаг юм бол гэж бодож байснаас л гараагаа эхэлж дээ. Цомгоо тоолдоггүй, тоолж ч  үзээгүй, гэхдээ нэлээд хэд болсон.              

-Хэдэн настай анхны цомгоо гаргасан билээ?

-Хөгжмийн фестивальд 13 настайдаа оролцож “Гран при” шагнал авсан. Түүнээс хойш гуравхан сарын дараа урилга ирж, цомгийн бичлэгт  орж байлаа.

-2007 онд “Зүүдний учрал”-  ын шүлгийг танай  нөхөр бичсэн гэл үү?

-Тэр цомог маань монгол уран бүтээлчидтэйгээ хамтарч, монгол студид бичүүлснээрээ онцлог. Оролцсон хүмүүс бүгд  гар, сэтгэл нийлж зүтгэсэн,  сайн ч  бүтээл болсон.  “Зүүдний учрал” дууны шүлгийг нөхөр маань зохиосон. Эмэгтэйчүүдийн баяраар надад зориулж  шүлэг  илгээсэн юм. Их энгийн үгтэй, би Японд,  нөхөр маань монголдоо байсан болохоор бие биеэ санасан сэтгэлээ дуу, шүлгэндээ оруулсан нь тэр.

Тухайн үед шүлгийнх нь үгийг цээжилчихсэн байсан. Ер нь  аялгуу хийнэ дээ  гэж бодсон шүлгээ би цээжилчихдэг юм. Нэг удаа  хурдан галт тэргэнд суугаад Токио руу тоглолтоор явж байтал энэ дууны дахилтаас эхлээд аялгуу  орж ирсэн. “Гайгүй дуу болох нь”  гэж бодоод амандаа аялангуутаа утсан дээрээ  тэмдэглэж авсан юм.

Тэр өдөртөө хамгийн сүүлчийн хурдан галт тэргэнд амжиж суугаад Нагояд  буцаж ирэнгүүтээ  хөгжим дээр суугаад шууд нотолсон. Сайн дуунууд  маш хурдан бүтдэг. Миний  анхны бүтээл “Ээжийн бүүвэйн дуу”, “Сар” цөөхөн хоромд  бичигдсэн. Өөрөө зохиосон гэхээс илүү онгод ордог гэдэг шиг цаанаас нь өгдөг шиг байгаа юм.  Ер нь манай хүний зохиосон шүлгүүдээс дуу болсон сайхан уран бүтээлүүд бий шүү. “Гурван бүдүүн” хамтлагийн “Ээжийгээ битгий гомдоогоорой” дууны шүлгийг манай хүн бичсэн юм шүү дээ.

-Зохиолын дуучид олширлоо. Рок, попынхон  ч мөчөөгөө өгөхгүй байна. Нэг хэсэг нь язгуур урлагийг хөгжүүлж байгаа ч зөвхөн жуулчдад зориулсан үзүүлбэр болгогсод цөөнгүй, үүнийгээ хөгжил хэмээн тайлбарладаг.  Хөгжлийн тухай  ямар бодолтой байдаг вэ?

-Рок попынхон Ази дотроо тэргүүлж байгаа юм шиг санагддаг. Манай улс бусад оронтой харьцуулахад европжсон ард түмэн. Нийслэлийнхэн маань энд тэндээс мэдээлэл маш хурдан авдаг болсон. Хүмүүсийн сэтгэлгээ маш хурдан өсч байна. Үүнийг өсч хөгжиж байгаа хэлбэр гэж хэлж болно. Нөгөө талаар үндэснийхээ соёл, зан заншлаас гээж байна уу даа гэсэн эмзэглэл төрдөг.

Аль алийг нь бодууштай зүйл. Улс орон хөгжихийн хэрээр хамгийн чухал, мартаж болшгүй соёл үндэсний бахархалаа хаяж гээгдүүлбэл  бид хэн ч биш болно. Монгол угсаатан маш цөөхөн байна. Ёс заншлаа гээчихвэл утгагүй юм болно. Хамгийн нандин юмаа зүрх сэтгэлийнхээ ойр авч явах учиртай.

БИ БАЯН ХҮН БИШ Ч ӨӨРИЙН БОЛОМЖООР ЭМЗЭГ ДАВХАРГЫНХАНД ТУСЛАХЫГ ХИЧЭЭДЭГ

-Таны амьдралын зарчмыг сонирхож болох уу?

-Энгийн сайхан амьдрах сайхан.  Сайхан уран бүтээл хийж, эмэгтэй хүний хувьд, ээж хүний хувьд, нийгмийн нэг эд эсийн хувьд өөрт ногдсон үүргийг нэр төртэй биелүүлж явах нь  миний амьдралын зарчим. Цаг хугацаа явж, эргээд харахад харамсахааргүй амьдрах , намайг гэсэн хүмүүсийн хүндлэл, төрийн өндөр шагналыг дааж явах  нь чухал юм.

-Залуу хүний хувьд өнөөгийн нийгэмд ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?

-Нийгэм маань төөрөлдчихсөн байна. Монголын ард түмэн хаашаа явахаа мэдэхгүй болчихсон нь эмгэнэлтэй. Хөгжиж байна гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ  тэр нь хаана байгаа юм  бэ, харагдахгүй л  байгаа шүү дээ.  Залуус маань хөлөө олж чадахгүй явж байна. Дээгүүрээ хөлөө олохгүй байгаа юм чинь доогуураа ямар байх нь ойлгомжтой. Хэцүү хувь заяатай хүн цөөнгүй  бий.

2.6 сая хүн амыг жирийн хүний амьдралаар амьдруулчихаж болдоггүй юм байх даа. Хүн гэсэн тэр үнэлэмж, амьдрах төвшнийг нь бүрдүүлэх нөхцөл бололцоо хангалттай бий. Ард түмнээ тэгж авч яваа улс орон олон байна. Үнэнийг хэлэхэд, тэдэнтэй харьцуулахад манай улс  санаа зовмоор байгаа шүү дээ. Ардчилал ялаад 20 жил болсон гэхэд улс орны  өнөөдрийн хөгжил чамлагдахаар байна.

Тулгамдсан асуудлуудаа  жаахан ч гэсэн шийдээд явахгүй юм. Ямар нэгэн байдлаар алхам хийхгүй байна. Ялимгүй ч гэсэн урагшилбал, ядаж тавиур дээр хөл нь тавигдаж байгаа бол  алхам хийж, ахиж байна гэж хэлж болно. Гэтэл тийм биш, хөгжүүлэхгүй байгаа улс бий. Дээгүүрээ баяжаад, доогуурх улс хөлөө олохгүй амьдрах хэцүү,  байх  ч хэцүү.

Дээшээ хэлэхэд тэнгэр хол, доошоо хэлэх газар хатуу гэгчээр  байна. Баян  биш ч гэсэн би  өөрийн боломжид тааруулж, эмзэг давхаргынхны төлөө чадах чинээгээрээ зүтгэдэг учраас тэдний  эрх ашгийн төлөө дуугарч тэмцэх ёстой гэж боддог. Монголын ард түмэн эрт дээр үеэс л дэм дэмэндээ амьдарч ирсэн.

Хэзээ ч нэгийгээ гаргуунд нь хаяж, учиргүй доройтуулж байгаагүй.  Ямар ч нийгмийн үед өнөөдрийнх шиг  хэцүү байгаагүй байх. Мөн манайхны  сэтгэлгээ буруу, болж өгвөл буруу тийш  эргэчих гээд  байх юм. Дээгүүрээ зөв удирдаж чадвал өөрчлөгдөх байх. Ярихаас цаашгүй байгаа болохоор гомдмоор байна шүү дээ.

-Та гаднаа их дөлгөөн тайван харагддаг. Бухимдах юм гарч байна уу?

-Хүчээр л өөрийгөө барьж байх юм байна шүү дээ. Гараад явахад л гудамжаар утаа, түгжрэл гээд бухимдах юм зөндөө байна. Бухимдая гэвэл асар их зүйл бий. Тэгж өөрийгөө зовоосноос  заримдаа хараагүй юм шиг өнгөрсөн нь дээр ч юм уу.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Олны танил хүмүүс өөрсдийн давуу тал, чаддаг мэддэг зүйлээ  нийгмийн сайн сайхны төлөө зориулсан жишээ цөөнгүй. Д.Оюунтүлхүүр өөрийн чадах, мэдэх бүхнийг хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, ойлголцол,  улс түмний сайн сайхны төлөө зориулна хэмээн ярьж байна.

Түүний ертөнцөөр аялсан бяцхан ярилцлагаас  уншигч та бүхэн гэрэл гэгээг олж харсан гэдэгт итгэлтэй байна. Эрхэм зочныхоо уран бүтээлд амжилт хүсье. Уншигч та ч бас нэг өдрийг сайн сайхан гэрэл гэгээтэй мэдээллээр эхэлж, улам ихийг  хийж бүтээгээрэй.

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж