М.Саруултөгс: Би хөөмийн галыг сахиж явах захиас хүлээсэн удмын хөөмийчин | News.MN

М.Саруултөгс: Би хөөмийн галыг сахиж явах захиас хүлээсэн удмын хөөмийчин

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

М.Саруултөгс: Би хөөмийн галыг сахиж явах захиас хүлээсэн удмын хөөмийчин

“Эрдэнэт” үйлдвэрээр овоглон нэр хүндийг нь өндөрт өргөж яваа олон авьяаслаг залуусын нэгэн төлөөлөл бол М.Саруултөгс. Тэрбээр саяхан Ховд аймагт зохион байгуулагдсан олон улсын хөөмийн наадмын Гран При шагналыг хүртсэн юм.

Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.

-М.Саруултөгс аль нутгийнх вэ. Аав, ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Ховд аймгийн Чандмань суманд төрж өссөн. Ээж маань Зэрэг сумын хүн. Тийм болохоор зуны амралтаараа Зэрэг сумын Гүвээ бригад, Рашаант, Цагаан амаар мал хариулдаг байлаа. Аав маань 39 жил монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаад гавьяаны амралтандаа гарсан. Ээж маань насаараа нягтлан бодогч хийсэн. Одоо хоёулаа нутагтаа бий.

Манайх сумын төвийн айл. Харин зуны дэлгэр цагт сумын төвд ойрхон зусланд малтайгаа гардаг байсан юм. Би долоон хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Ер нь дундах хүүхэд байх их зүгээр. Том гэж хариуцлага хүлээхгүй, бага гэж эрхлэхгүй. Дундаж жишгээр явж ирсэн. Олуулаа байх гоё шүү. Одоо бүгдээрээ ажил, амьдрал дээр гарчихсан болохоор ах дүү нартайгаа тэр болгон уулзаж чадахгүй. Нэгнийдээ хааяа нэг цуглаж уулзахаар олуулаа бужигнаад хүүхэд насаа дурсаад сайхан байдаг юм.

-Хүүхэд байхаасаа хөөмийн урлагаар хичээллэсэн үү?

-Манай өвөө хөөмийн урлагийн анхны МУГЖ Сундуй гэж хүн байлаа. Дэлхий дахинд хөөмийн дэг жаяг тогтоосон хүн дээ. Тэр хүний сургалтаар өнөөгийн бид хичээллэж, түүний зэрэгт хүрэхийн төлөө зүтгэж яваа юм. Угтаа манай аавын том ах л даа. Гэхдээ бид багаасаа өвөө гэж нэрлэж дуудаж өссөн. Намайг зургаан настай байхад өвөө Ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын хөөмийч байхдаа манайд зун очиж амарсан юм. Тэгэхдээ манай хоёр ах бид гуравт хөөмий анх заасан.

-Одоо хоёр ах тань хөөмийлдөг үү?

-Бага байхдаа манай хоёр ах надаас сайн хөөмийлдөг байсан. Одоо бол өөр мэргэжлийн улс л даа. Би хүүхэд байхдаа хөөмийнд тэгтлээ сонирхолтой биш, эмч болохыг мөрөөддөг, химийн хичээлдээ сайн хүүхэд байсан.

-Өвөө тань чамайг ирээдүйтэй хөөмийч болно гэж мэдэрсэн болов уу?

-Мэдрээд зогсохгүй бүр галын хөөмийг таслахгүй авч явах үүргийг надад захиж үлдээсэн юм. Манай хоёр ах цэцэрлэгийн наснаасаа эхлээд урлагийн үзлэг, наадамд хөөмийгөөр оролцдог, шагнал хүртдэг байсан. Тэгэхэд л манай өвөө энэ хоёр хол явахгүй ээ, танайхаас хөөмийлөх хүүхэд энэ л байгаа юм гэж намайг хэлдэг байсан. Энэ хүнийг хөөмийлүүлээд, хот авч яваад барилдуулах юмсан гэнэ. Ноцолдвол овоо барилдах хүүхэд шиг байгаа юм гэдэгсэн. Өвөө маань өөрөө аймгийн заан цолтой бөх хүн байсан юм.

-Өвөөгийн захиасын тухайд…?

-Би есдүгээр ангид байхдаа эмч болох мөрөөдлөө бүрмөсөн орхисон. Тэр үед өвөө маань өөд болсон юм. Аав Улаанбаатарт өвөөг хэсэг хугацаанд сахиж, сүүлд нь ажил явдлыг нь өнгөрөөгөөд ирэхдээ “За, миний хүү өвөө нь чамайг л хөөмийчин болго гэж захисан шүү. Хөөмийн галыг сахиж явах хүн чамайг гэсэн. Аав нь ийм л даалгавартай ирлээ” гэж хэлсэн. Гэр бүлийн даалгавар, гал голомтны захиас гэдэг утгаар би хөөмийг эзэмшиж, хөгжүүлж авч явах нь миний үүрэг юм байна гэж ойлгосон.

-Тэр цагаас хөөмийч болохоор хатуу шийдсэн үү?

-Тийм. Өвөө нэгэнт суурийг нь тавиад өгчихсөн болохоор сонирхлоороо оролдсоор байгаад сурсан. Манай анги 13 хөвгүүнтэй байсан юм. Бид хичээлийн их завсарлагаагаар цонхны тавцан эсвэл ширээн дээр тойрч сууцгаагаад янз бүрийн дуу хөөмийлдөг байлаа. Тэнд л хөөмийн сургалт, хөгжил давхар явагдаж байсан юм болов уу гэж боддог. Ер нь Ховдын Чандмань сумынхан бүгд хөөмийлнө шүү.

-Газар, уул, усны онцлог, шүтэлцээ байдаг юм болов уу?

-Янз бүрийн л тайлбар байдаг. Миний бодлоор нутгийн онцлог их нөлөөтэй. Чандмань сумтай ойрхон, 40 км-ын зайтай Дөргөн, 60 км-т орших Дарви, Зэрэг, Манхан суманд хөөмийлдөг хүн байхгүй. Тэгэхэд тэрүүхэн тэр Бумбат, Жаргалант гэх хоёр алтайгаар хүрээлэгдсэн гурван нуурын ай сав газарт л хөөмий байгаа юм. Тэгэхээр нутгийн онцлогтой холбоотой гэж боддог.

-Нутагтаа очоод хөөмийлөхөөр ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Манайхны тахидаг овоо байдаг юм. Нутагтаа очоод маргааш нь нар мандахаар сүү, идээний дээжээ өргөөд ажил, амьдралаа даатгаж залбирдаг. Би тэнд хөөмийлөх их дуртай. Дээгүүр шувуу эргэлдээд, хажууд мал сүрэг бэлчээд, цуурай нь давтагдаад үнэхээр гоё сонсогдоно. Ер нь нутагтаа очоод гэртээ 14 хоног амраад ирэхэд хөөмий цээлхэн, хоолой бяртай болчихдог юм. Нутгаасаа энерги, эрч хүч авдаг гэх үү дээ.

-Мэргэжлийн ямар сургууль төгссөн бэ?

-Би Чандмань сумынхаа найман жилийн сургуулийг төгсөөд Ховд аймгийн I арванжилд дэвшин суралцсан. Намайг төгсөж байхад СУИС-ийн хуваарь орон нутагт очдоггүй байлаа. МУИС-ийн Урлаг судлаачийн ангид өрсөлдөөд бараагүй. ШУТИС-ийн хими технологийн ангийн хуваарь авсан ч яваагүй. Дараа жил нь аймгийн төвд хөөмийн олон улсын анхдугаар уралдаан болоход сумаасаа очиж оролцсон.

Тэндээс “Өсөх ирээдүйтэй хөөмийчин” гэсэн шагнал хүртэж, хүссэн урлагийн сургуульдаа элсэн суралцах эрх авсан. Тэгээд ээж, аавынхаа идшийг хийж өгчихөөд арванхоёрдугаар сард СУИС-д хөөмийн анги нээгдэхэд анхны оюутан болж байлаа. Тэнд нэг жил суралцаад гадагшаа явсан даа.

-Гадаадын аль улс руу ямар ажлаар…?

-Германд ардын урлагийг сурталчилж, таван жил гэрээгээр ажилласан. Хөөмийч Хосбаяр “Транс Монголиа” гэдэг хамтлаг байгуулах санаачилга гаргасан юм. “Хөх монгол”-оос нэг, “Бөртэ” хамтлагаас нэг залуу нийлээд, Монголоос морин хуурч нэг залуу бид хоёр очоод анх Транс монголиа” хамлагийг байгуулж ардын урлагийг гадаадад сурталчилдаг байлаа.

-Олон орноор явсан уу?

-Ер нь явж үзээгүй Европын орон байхгүй дээ. 22 улсын 160 гаруй хотод жилд 500 гаруй тоглолт хийсэн байдаг. Албан бус тоглолтыг тооцвол нэлээд олон тоо гарна л даа. Таалагдсан улс гэвэл хөгшин Европ.

-Гадаадын үзэгчид Монголын язгуур урлагийг хэр сонирхдог вэ?

-Маш өндөр төвшинд таашаан хүлээж авдаг. Бусад улс орон өөрсдөд нь байхгүй урсгалыг илүү сонирхож биширдэг. Манайхан хип хоп, рок гээд өөр урсгалыг сонирхдогтой адил. Монголын язгуур урлаг хөгжлийн төвшнөөрөө бусад орныхоос дутахгүй, бараг давамгай гэж боддог.

-Тэндээс ямар бодол тээж эх орондоо ирсэн бэ?

-Сургуулиа төгсөх, амьдрал ахуйгаа төвхнүүлэх, хөөмийн уг үндсийг судлах хүсэл зорилготой ирсэн. Би ирээд хуучнаар “Монголжин гоо”, одоогийн “Sity” дээд сургууль дүүргэж хөөмийчин мэргэжил эзэмшсэн.

-Эрдэнэтэд ирж ажиллах болсон шалтгаан нь юу байв?

-СУИС-д сурч байхдаа Дархан, Сэлэнгийн найзуудаа дагаад газар үзэх зорилгоор Эрдэнэтэд нэг удаа ирсэн юм. Залуусын гэж нэрлэгддэг энэ хот цэвэрхэн, амгалан тайван, дулаахан сайхан санагдсан. Сэтгэл үнэхээр татсан. Тэр үед зөвхөн үндэсний телевиз орон даяар гарна. Телевизээр Эрдэнэтийн тухай, “Эрдэнэт” үйлдвэрийн талаар их нэвтрүүлдэг болохоор зохих мэдлэг, мэдээлэлтэй байсан. Тэгээд алсдаа энд амьдрах юмсан гэсэн мөрөөдөлтэй буцсан юм. 2009 оны сүүлээр гадаадаас ирээд хөдөө аав, ээж дээрээ зун болтол амраад 2010 онд мөрөөдлийн газраа ирсэндээ.

-Мөрөөдлийн газраа ирээд ажилд ороход амаргүй байсан уу?

-“Уурхайчин” соёлын ордны дэргэдэх Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгад л ажилд оръё гэж анхнаасаа зорьсон. Намайг анх уулзахад “Манайд арга зүйчийн орон тоо байгаа. Чи арга зүйчийн шалгалтад ор” гэдэг юм. Тэгэхээр нь би найруулагчдаа “Би арга зүйч хийж чадахгүй ээ. Би хөөмийчин, тайзан дээр амьдардаг хүн. Тийм болохоор тайзан дээр байхыг хүсч байна” гэсэн. Тэр үед манай чуулгынхан Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Хөх хот, Бугат гээд аялан тоглолтоор явах гэж байсан юм. Тэгээд ёстой нөхцөл тохироо бүрдэнэ гэгчээр хөөмийгөө шалгуулж тэнцээд шууд явсан даа. Энэ сайхан хамт олны нэг гишүүн болж цалинтай, цалингүй, гэрээгээр нэг хэсэг ажилласан. Ер нь манай чуулгын босго өндөр шүү.

-Өөрөө хөөмийлөхийн зэрэгцээ морин хуур тоглодог байх аа?

-Хөөмийндөө хамсаа болгож морин хуур, товшуур, хулсан хуур ашигладаг. Түүнээс мэргэжлийн төвшинд морин хуур тоглож чадахгүй. Надад эмзэглэж явдаг нэг асуудал бий. Жил бүр олон хөөмийчин төгсч байна. Гэтэл театр, чуулгуудад хөөмийчний орон тоо байхгүй. Жишээ нь, би хөгжимчний орон тоон дээр ажилладаг. Тоглолтод орохоороо хөөмийчин гэж зарлуулна.

Би яах вэ, ингэж ажиллаад тэтгэвэрт гарлаа гэхэд миний оронд ирэх залуу халаа хөгжимчний орон тоон дээр биш хөөмийчин гэсэн орон тоон дээр ажиллаасай гэж хүсдэг. Өнөөдөр Монголын ардын язгуур урлаг хөгжиж байна. Бид тусгаар улс гэдгээ ёс заншил, язгуур урлаг, монгол ахуй амьдралаараа гадныханд мэдрүүлнэ. Энэ утгаараа ч театр, чуулгуудад бодлогоор үндэсний язгуур урлагийн мэргэжилтний орон тоо байх ёстой гэж боддог.

-Сүүлийн үед ардын язгуур урлагийн хамтлагууд хүчээ авч байна. Тэдний талаар…?

-Нэгэн үе Норовбанзад гуай, манай өвөө Сундуй гээд давтагдашгүй авьяастай хүмүүс Монголын урлагийг дэлхийн тавцанд таниулсан. Тэднээс хойш 1989 оноос 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Эгшиглэн” групп Монголын урлагийг гадныханд сурталчилсан.

Өнөөдөр хүчээ авч байгаа “Хөсөгтөн”, “Домог” гээд язгуур урлагийн хамтлагууд бүгд “Эгшиглэн”-гээс эхтэй. “Хөх монгол”, “Уянга”, “Бөртэ”, “Транс Монголиа” хамтлаг бүгд “Эгшиглэн”-гээс салаалсан. Өөрөөр хэлбэл, хамтлагийн анхдагч нь “Эгшиглэн”. Зарим нь үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ түүх үнэн байх ёстой. Язгуур урлаг хөгжиж байгаад би баяртай байдаг.

-Сая болсон олон улсын хөөмийн наадамд өрсөлдөгчид хүчтэй байв уу?

-Нэг үеэ бодоход хөөмий олон улсад тархаж байна. Монголчуудаас гадна Америк, Орос, Бельги, Герман, Голланд, Хятад гэх мэт 10 гаруй орны хөөмийч оролцсон. Гадаадын өрсөлдөгчид арай болоогүй байна. Гэхдээ хөөмийн урлагийг маш сайн хөгжүүлж байгаа нь харагдлаа. Голландын Ронн гэж залуу хөөмийг сайн сурсан байна. Япон, Белги, Дани, Америкаас ирсэн залуус ч сайн хөөмийлсөн. Судалгаа ч сайн хийсэн байна лээ. Монголоос өмнө хуралдааны Гран при шагналтан, ҮДБЭЧ-ын бүжиг дэглээч мэргэжилтэй морин хуур, хөөмийг өндөр төвшинд сурсан чадварлаг хүн хүчтэй өрсөлдөгч байлаа.

Мөн чуулгын гоцлол хөөмийч Цогтгэрэл, “Морин хуур” чуулгын хөөмийч Ашид гээд дэлхийн тайзан дээр Монголын нүүр царай болдог шигшмэл авьяастнууд өрсөлдсөн. Энэ наадам гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Би анхныхаас нь “Өсөх ирээдүйтэй хөөмийчин” шагнал хүртсэн. 2008 оны наадамд нь гадаадад байгаад орж чадаагүй. Энэ удаа Гран при хүртлээ. 10 гаруй жилийн хугацаанд сурсан мэдсэнээ, хэр зэрэг өссөнөө харуулсан гэж бодож байна. Гэхдээ болоогүй, хөдөлмөрлөх хэрэгтэй, судлах шаардлагатай.

-Хөөмийлж байгааг тань сонсоход олон өнгө гаргадаг. Ер нь хөөмийн дээд төвшин хэдэн янз байдаг вэ?

-Хөөмий давхар өнгө гаргадаг. Суурь өнгөтэй, наана нь дуу оруулдаг авиа давхар гарна. Ер нь бол гурван өнгө гаргаж болдог ганц урлаг шүү дээ. Дэлхийд хоёр зэрэг ярьдаг хүн байдаг. Цаана хоолойн төвөнх дээр ярьж байхад наана амны хөндийд давхар ярих жишээтэй. Өөрөөр хэлбэл, хоёр зэрэг ярьж чадна гэсэн үг. Хөөмийчин хүн гурван зэрэг давхар өнгө гаргаж чаддаг. Маш их мэдрэмж, ур чадвар шаардана.

-Өөрөө гурван зэрэг өнгө гаргах уу?

-Ер нь хөөмийчид бол гаргана. Би 4-5 зэрэг өнгө гаргаж болох болов уу гэж бодоод байгаа юм.

-Сонирхолтой юм. Өөрөө тайзан дээрх имидж бүрдүүлэлтдээ хэр анхаардаг вэ?

-Анхаарна шүү. Ноёны гоё хувцас өмсчихөөд ямар ч намба төрхгүй бүмбэгэр нөхөр тайзан дээр гараад зогсвол зохимжтой харагдахгүй л болов уу . Тийм болохоор сахал ургуулж, хувцсандаа уусч шингэсэн имидж бүрдүүлэн бага зэрэг оворжуу харагдахыг хичээдэг.

-Таны зүүснийг хараад тэнгэр сахилтай хүн гэж ойлголоо, зөв үү?

-Би ажил, амьдралыг минь дааж явдаг багшдаа их баярладаг. Миний шашны багш Монгол даяар мэдэх хувилгаан хүн бий. Энэ тухай дэлгэрэнгүй ярих хэрэггүй байх.

-Өөрийн тань урын сан хэр баялаг вэ?

-Ямар ч байсан хоёр цагийн тоглолт хийчихнэ.

-Бие даасан тоглолт хийх бодол бий юу?

-Энэ сард багтаад нэг цомог гаргах гэсэн төлөвлөгөөтэй байсан ч харамсалтай нь амжсангүй. Ирэх сард гаргачих болов уу. Тэгвэл цомгийн баяр ч юм уу, бие даасан тоглолт хийх хүсэл байна. Германд байхад Испани, Италиас “Танай хөөмийчнөөс нэг цагийн тоглолт авъя” гэсэн хүсэлт хамтлагт ирдэг байсан. Тэр үед цэвэр бие даасан тоглолт хийнэ. Тайзан дээр ганцаараа гараад сууна.

Цагийн тоглолт дуусгаж байж л тайзнаас бууна. Тайзан дээр надад туслах хэн ч байхгүй. Морин хуур, хулсан хуур тоглоно, уртын дуу дуулна, исгэрнэ, биелнэ, өөрийн бүхий л авьяасаа үзүүлнэ. Миний хувьд бие даасан тоглолт гэдгийг тэгж л ойлгодог. Харин Монголын уран бүтээлчдийн бие даасан тоглолтыг үзэхээр хамтарсан тоглолт шиг сэтгэгдэл төрдөг. Ер нь хөөмийгөөр бие даасан тоглолт хийх хүнд л дээ. Гэхдээ хийнэ. Үүний төлөө хөдөлмөрлөнө.

-“Уурхайчин” соёлын ордноос зохион байгуулж буй ажлын талаар?

-Одоо манай хамт олон “Хан хуур” гэдэг төсөл хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд дуучид, бүжигчид, хөгжимчид гээд уран бүтээлчдийнхээ хүрээнд морин хуурын анхан шатны сургалт явуулсан. Цаашлаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн цех хэсэг болгоноос төлөөлөл болгож ажилчдыг хамруулна. Мөн тэдний хүүхдүүдийг ч хамруулах зорилго бүхий таван жилийн төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд 2015 оноос ардын язгуур урлагийн хөөмий, ерөөл, магтаал, тууль, цуурын сургалт явагдана.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-20 202.179.27.112

Bayar hurgie! Oodrog bodoltoi saihan husel temuuleltei zaluu baina! Sundui guain hoomiilj baisaniig medne ! Saihan udamaa zalgamjilsen aviyaslag zaluud ulam ih amjiltiig husen erooe! Hunii sain muu heleh hamaagui,zovhon ooriigoo hogjuulj oodrog saihan yavaarai!

Avatar

Үнэн 2014-10-20 103.229.123.202

Монголын хөөмэйчид сэтгэхүйн доройтолд орсон , савнаасаа хальж чаддаггүй бүтэн 40 , 50 жил хөөмэйлж ирсэн зүйлүүдээ одоог хүртэл залхтал хөөмэйлдэг нь энэ гэлтгүй бүгд толгой нь ажилдаггүй .

Avatar

shudraga 2014-10-20 150.129.142.49

gantsaaraa hogjuulsen yumshig yarisan bna . Ongiro zaluu bna oor zondoo sain hoomiichin bi hovdiin hoomii naadamd 25 hun l orson hudlaa yarij bolohgui shuu zaluu bi uzsen zohion baiguulalt muu bsan .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж