Э.Бат-Үүл: Энэхүү гэрээ хууль бус гэж үзэж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Энэхүү гэрээ хууль бус гэж үзэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн гарын үзэг зурсантай холбогдуулан нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн АН-ын Нарийн бичгийн дарга П.Нүрзэд нар дөнгөж сая мэдэгдэл хийлээ.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэлэхдээ "Энэхүү гэрээ хууль бус гэж үзэж байна. АН-ын ҮЗХ-ны гүйцэтгэх зөвлөл хуралдаагүй. Нийслэлийн АН-ын хорооноос шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Энэ талаар нийслэлийн АН-ын хороо хуралдаж, хууль бус гэрээний талаар шүүхэд хандах болно. Энэ гэрээний хамгийн гол аюул нь энэхүү гэрээ нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гээд заачихсан байгаа. Намын даргын хувьд ичсэн хүн хүн ална гэж болж байна. Ийм гэрээг байгуулахын тулд нийслэлийн Ардчилсан намын даргатай зөвлөх ёстой. Надтай бол юу ч яриагүй" гэв. Түүнчлэн "АН-ын дарга Н.Алтанхуяг сүүлийн үед эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд увайгүй үйлдлийг их хийж байна. АН-ын гишүүд дэмжигчид битгий хэл жирийн хүний ч ой санаанд багтамгүй үйлдлийг ихээр хийх боллоо.Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаа авч үлдэхийн тулд долоон сайдыг золиосолсон. Одоо АН-ыг улс төрийн золиос  болгож байна. Намынхнаас хэнтэй нь ч яриагүй, хувийн шийдвэр гаргаж МАХН-тай гэрээ байгууллаа. Гэтэл Н.Алтанхуягт ийм эрх байхгүй. Энэ гэрээнд АН-д ноцтой хохирол учруулах гурван заалт байгаа. Гэрээний 3, 9, 14 дүгээр зүйл нь манай намд ноцтой хохирол учруулна. Тиймээс нийслэлийн АН-ын хороо энэ асуудлаар хуралдах болно" гэдгийг хэлсэн юм.

Л.ХАЛИУ

Нийслэлийн Ардчилсан намаас гаргасан мэдэгдлийн бүрэн эхийг хүргэж байна.

Мэдэгдэл

АН-ын дарга Н.Алтанхуяг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг Нийслэлийн АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээж авлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан  энэхүү гэрээг Засгийн газарт хамтарч байгаа “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан мэтээр ойлгуулахыг улайран зүтгэсэн боловч ачир дээрээ МАХН-тай далдуур улс төрийн тохиролцоог хийжээ гэж дүгнэхээр байна. Энэхүү тохиролцоог намынхаа дүрмийг санаатайгаар зөрчиж, жирийн гишүүд, дэмжигчдээсээ нуух замаар хийсэн нь улс төрийн ёс зүйтэй алхам бус, цэвэр хуйвалдааны шинжтэй үйлдэл юм.

АН-ын хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн дүрэм ёсоор бол улс төрийн бусад нам, эвсэлтэй хамтран ажиллах, гэрээ байгуулах тухай асуудлыг намын дарга ҮЗХ-ны хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, өөр нам, эвсэлтэй хамтран ажиллах гэрээ байгуулах эсэхийг шийдэх бүрэн эрх дүрмээр Н.Алтанхуягт бус гагцхүү ҮЗХ-нд бий. Гэтэл АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-тай, олон нийтийн дунд хэдийнээ авлигын “загалмайлсан эцэг” гэгдэх болсон  Н.Энхбаяртай 2024 оныг дуустал хүчин төгөлдөр үйлчлэх хатуу заалт бүхий гэрээ байгуулсан нь намын дүрмийг санаатайгаар зөрчиж, гишүүд дэмжигчдийн итгэлийг хөсөрдүүлсэн, манай намын үнэт зүйлсийг уландаа гишгэсэн туйлын хариуцлагагүй үйлдэл боллоо гэж Нийслэлийн АН үзэж байна.

Гарын үсэг зурсан хамтран ажиллах гэрээнд 2016, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН, МАХН-тай түншлэн оролцох, тэр ч бүү хэл тойрогт нэр дэвшигчдийг “тохиролцох” тухай далд бөгөөд хорон утгатай заалтуудыг тусгасан нь намын гишүүдийн бухимдлыг дээд цэгт нь аваачиж, намын эв нэгдлийг бусниулж, манай намд итгэх олон нийтийн итгэлийг сулруулж эхэллээ. АН-ын дарга Н.Алтанхуягийн гарын үсэг зурсан энэхүү гэрээнд бичсэнчлэн “УИХ-ын ээлжит сонгуулийн мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид бие биеийнхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь зохицуулна”, “…нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгийнхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана…” гэснийг нийслэлийн нутаг дэвсгэрт дагаж мөрдөхгүй гэдгийг Нийслэлийн АН хатуу мэдэгдье. Энэ мэт хэсэг бүлэг хүний дүрэмгүй тоглолт, хуйвалдааны улс төрийг даруй зогсоож, намын дотоод эв нэгдэл, гишүүдийн эрх ашигт харшилсан бусармаг гэрээг даруй цуцалж, гэрээ байгуулсан этгээдтэй хариуцлага тооцохыг ҮЗХ-ны хурлаас шаардаж байна.

Нийслэлийн Ардчилсан Намын дарга  Э.БАТ-ҮҮЛ

2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж