Өндөр төвшний авлигачид гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Өндөр төвшний авлигачид гэж хэн бэ?

Монгол Улсын нэг айл өрх зургаан сарын хугацаанд 260-380 мянган төгрөгийг авлигад зарцуулжээ. Энэ бол АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй “Засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн хүрээнд “Сант марал” сантай хамтран хийсэн судалгаанд дурдагдсан тоо. Үүнээс харахад авлига гэгч нийгмийн бүх шатанд, бүх давхаргад нүүрлэжээ гэж хэлж болохоор. Гэхдээ 100 мянган төгрөгийн авлига, тэрбум төгрөгийн авлигын  хооронд ялгаа  байгааг анзаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдээ цэцэрлэг, сургуульд хамруулах, эмнэлгийн үйлчилгээ авах, төрийн байгууллагаар ажил бүтээхийн тулд жирийн иргэнээс   өгч байгаа бага хэмжээний хахууль, төрийн өндөр албан тушаалтан, бизнесийн салбарынхны бусдад өгч, авч буй тэрбумаар тоологдох авлигын хоорондох ялгааг хэлээд байна. Судлаачид авлигыг оролцогч албан тушаалтан, байгууллагын төвшин, авлигаас үүдэх хор уршиг, хохирлын хэмжээ, мөнгөн дүнгээс хамаарч өндөр төвшний, улс төрийн, доод төвшний гэж ангилжээ. Үүнээс шинэ гэж харж болох өндөр төвшний авлига гэгчийг  хууль тогтоогч эвсэл төрийн албан тушаалтан төрийн бодлогыг тодорхойлох явцад өөрийн болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн нийтийн өмч, бусад нөөц баялгийг хуваарилах үйл ажиллагаа гэж зарим судлаачид үзсэн байна. Гэхдээ өндөр төвшний авлигад юуг хамаарах, хэрхэн ойлгох талаар нэг мөр болсон нэр томъёо одоогоор алга.  Дээр  дурдсан судалгаагаар иргэдийн олонх нь  буюу 26.9 хувь нь төрийн өндөр албан тушаалтанд хамаарах авлигыг өндөр төвшний авлига гэж ойлгож байна. Тэгвэл өндөр төвшний авлига манайд ямар хэлбэрээр илэрч байна вэ.  Хамгийн түрүүнп төрийн албан тушаалтнуудад холбогдох албан тушаал, авлигын хэргийг шалгах эрхтэй,  шалгасаар ирсэн  АТГ үүнд хамаатай. АТГ 2007 онд байгуулагдсан цагаасаа улстөрчидтэй холбоотой авлига, албан тушаалын цөөнгүй хэргийг шалгасан  байдаг. Гэвч шүүхээр гэм буруу нь тогоогдсон нь цөөн. Хариуцлага  тооцож чадаагүйн учир нь “УИХ-ын гишүүний халдашгүй дархан  байдал”  гол халхавч болжээ. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид тавьсан шаардлагаар гишүүн улс орнууд авлигын хэргийг мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх зорилгоор халдашгүй байдлыг тэнцвэртэй хэрэглэх үүрэг хүлээсэн байдаг аж Өөрөөр хэлбэл “Халдашгүй дархан байдлын хүрээнд хамаарах хүмүүс буюу УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт/ гэмт хэргээс зайлсхийх хүмүүсийг гэмт хэргээс хаацайлах нөхцөл болох ёсгүй” гэсэн үг. Гэтэл манай улсын хууль эрх зүйн орчинд  халдашгүй дархан байдлыг өргөн хүрээнд хэрэглэдэг аж. Тухайлбал, УИХ-ын тухай хуулинд “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газар нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж заажээ. Тэгэхээр бусад тохиолдлоор УИХ-ын гишүүдийн хэргийг  шалгахад нөгөө л “Халдашгүй дархан байдал” саад болж байна.  Ийм жишээ захаас аваад бий. АТГ-аас  нэр бүхий УИХ-ын гишүүдтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийг шалгасан  ч бүрэн эрхийг нь  түдгэлзүүлэх асуудал дээр очоод гацчихсан, ингэж явсаар хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болсон хэргийн жишээнүүд  байна. Дэлхийн бусад орнуудад  гишүүний дархан эрх нь зөвхөн УИХ-ын чуулганы үед л үйлчлэх, чуулган эхлэхээс 40 хоногийн өмнө, болон хойно үйлчлэх, эрүүгийн хэрэгт холбогдсон, эх орноосоо урвасан асуудалд дархан эрх үйлчлэхгүй байхаар зохицуулсан байдаг аж. Харин Монгол Улсын хувьд сонгуульт хугацааны турш халдашгүй дархан байдал үйлчилж байгаа нь олон сөрөг үр дагавар дагуулж байна. Нөгөө талаар аймаг дүүргийн Иргэдийн хурлын шийдвэр цөөн хүнд үйлчлэх тохиолдлууд гарах болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд НИТХ-ын  хэсэг нөхөд Бразил руу  туршлага судлах нэрээр төсвөөс зардлаа гаргуулсан асуудал. Үүнээс  авлига үүсэх боломжийг хуулиар баталгаажуулаад өгчихсөн байх нь. Мөн наадам, цагаан  сар, шинэ жил, чуулган завсарлах хугацаатай уялдуулдан гэнэт, шуурхайлан баталдаг “но—той хуулиуд ч  үүнд хамаарч таарна.  Өнөөдрийн байдлаар өндөр төвшний авлига гэж юуг хэлэх, хэнд хамаарах, хэдий хэмжээний мөнгөн дүнтэй  авлигыг хамааруулах зэргийг анхлан ярьж, үүнтэй тэмцэх арга замын талаар Иргэний нийгмийн байгууллагууд дөнгөж  ярьж, судалж эхэлж байна. Ямартаа ч төрийн албаны тухай хуулиас эхлээд  олон хуульд өөрчлөлт оруулах, улс төрийн намуудын сонгуулийн системийг өөрчлөх,  өндөр төвшний авлигыг өдөөгч эрхзүйн орчныг шинэчлэх  замаар бүх шатны авлигыг таслан зогсооно гэж үзэж буй.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж