Р.Болд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзав | News.MN

Р.Болд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Р.Болд Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд өнөөдөр Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтад Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн салбарын боловсрол хариуцсан мэргэжилтэн Асако Маруяама, Хот байгуулалтын мэргэжилтэн Стефан Рау болон төслийн ажилтнууд оролцов.

Энэ 2014 онд Азийн хөгжлийн банкнаас Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх болон Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах гэсэн зээлийн хоёр төслийг Монголд зориулан боловсруулж батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг хатагтай Асако Маруяама танилцуулав. Хатагтай Асако Маруяама Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх төслийг, ноён Стефан Рау Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийг тус тус боловсруулсан хүмүүс юм. Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх төслийг хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр гэсэн гурван гол салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлснээр тус хотыг Улаанбаатартай өрсөлдөхүйц болгоход нь дэмжлэг үзүүлж, төвлөрлийг сааруулах, ядуурлыг бууруулах зэрэг чиглэлд түлхэц болно гэж уулзалтад оролцогсод хэлж байлаа.

Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас боловсруулж буй энэ хоёр төслийн явцын талаар танилцуулж, тулгарч байгаа зарим асуудлаар санал солилцлоо. Эдгээр төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн сангаас санхүүжүүлэх юм байна.

Зөвлөх Р.Болд Азийн хөгжлийн банк нь 1990 оноос хойш Монгол Улсад ихээхэн дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд хамгийн сүүлд ЖДҮ-ийг хөгжүүлэхэд 30 сая ам.долларын зээл олгохоор гарын үсэг зурсан талаар мэдээлэл авсан гэлээ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхааралд байдгийг тэмдэглэсэн юм.

Дээрх хоёр төслийг энэ жилдээ багтааж Монгол Улсын Засгийн газартай хамтран боловсруулж, Азийн хөгжлийн банкнаас зээлийг батлуулах төлөвлөгөөтэй гэдгийг  Хатагтай Асако Маруяама тайлбарлаад аравдугаар сарын үлдсэн хугацаанд, эсвэл арваннэгдүгээр сарын эхээр Монгол Улсын Засгийн газартай гэрээ хийж үзэглэх шаардлагатай гэлээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсөв арваннэгдүгээр сарын 15-нд бэлэн болно. Тэр хүртэл хугацаанд Монгол Улсын Засгийн газар дээрх төслүүдийг авч үзэх боломжтой гэв.

Эх сурвалж: www.president.mn

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж