“Улаанбаатарт уулзацгаая, АСЕМ-ынхаан”

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

“Улаанбаатарт уулзацгаая, АСЕМ-ынхаан”

Ази, Европын орнуудыг нэгтгэсэн АСЕМ-ын дээд хэмжээний  10 дугаар уулзалт Итали улсын Милан хотноо амжилттай өндөрлөж, тус байгууллагын 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулсан юм. Энэ тухай баярт мэдээ өнгөрсөн баасан гаригт түүчээлэн ирсэн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар сэтгүүлчдэд мэдээлэхдээ “Манай улс спортоор бол Олимпийн эрх авлаа” хэмээн тодотгосон.

Дэлхийн таван тивийн хамгийн олон улс орныг багтаасан, дэлхийн нийт хүн дийлэнх олонх /Ази тивд дэлхийн хүн амын 60 хувь, Европ тивд 11 хувь/ нь аж төрж буй Ази, Европ хоёр тивийн улс орнуудаас 53-ыг нь хэдийнээ эгнээндээ багтаасан АСЕМ-ын арваннэгдүгээр уулзалтыг зохион байгуулах эрхийг Монгол Улсад өгч, 2016 онд Улаанбаатарт уулзахаар товлоод улс орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нутаг, нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.  

Ази-Европын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ыг зохион байгуулах анхны санаачлагыг 1994 онд Сингапур, Францын удирдагчид гаргасан байдаг ажээ. Харин анхны дээд хэмжээний уулзалт 1996 оны  гуравдугаар сард Тайландын Бангкок хотноо болсон байна. Хоёр дахь удаагийн уулзалт 1998 онд Их Британийн Лондонд, гурав дахь удаагийн уулзалт 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо, дөрөвдүгээр уулзалт 2002 онд Дани улсын нийслэл Копенгаген, тавдугаар уулзалт 2004 онд Вьетнамын нийслэл Ханой, зургадугаар уулзалт 2006 онд Финландын нийслэл Хелсинк  хотноо болсон байна.  

2006 оны есдүгээр сард Хельсинк хотноо болсон АСЕМ-ын зургадугаар уулзалтын үеэр Монгол Улс АСЕМ-д нэгдсэн оржээ. Тухайн үед манай улсын хамт Энэтхэг, Пакистан улсууд мөн АСЕМ-д элсчээ. АСЕМ-ын удаах уулзалт 2008 онд БНХАУ-ын нийслэл Бээжин, 2010 онд Бельги улсын нийслэл Брюсель, 2012 онд Лаос улсын нийслэл Вьентьянд болсон бөгөөд 10 дахь удаагийн уулзалт Италийн Милан хотноо энэ оны аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд болж, өндөрлөлөө.

Дараагийн уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 онд болно. Бүүр 2016 оны долдугаар сарын сүүлийн долоо хоногт Улаанбаатарт уулзах тов зарласнаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэн. 2016 он бол ээлжит уулзалтаас гадна АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулж эхэлсний 20 жилийн ой тохиож байгаа бас нэгэн онцлог бий. Италийн Милан хотноо болсон аравдугаар уулзалтын үеэр дараагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхийн төлөө хэд хэдэн улс нэрээ дэвшүүлэн өрсөлджээ. Манай улсаас гадна Канад, Франц зэрэг орноос АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалтыг эх орондоо зохиох хүсэлт илгээсэн ч тэдгээрээс  Монгол Улсыг сонгосон байна. Тиймээс ч Монгол Улсын Ерөннхийлөгч Ц.Элбэгдорж “Ази Европын уулзалтыг зохион байгуулах эрхийг авна гэдэг Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Ард иргэддээ баярлах хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндийг өндөрт авч явахын тулд иргэн бүр хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэ амжилт нь Европын болоод Азийн хэмжээнд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм” хэмээн мэдэгдсэн билээ.

АСЕМ бол хоёр бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулах, хамтын шийдвэр гаргах олон талт яриа хэлэлцээний чухал суваг бөгөөд Ази, Европын 53 улс, байгууллагууд гишүүнээр элссэн юм. Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казакстан, Монгол, Норвеги зэрэг орнуудаас бүрддэг дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулна гэдэг их нэр хүнд гэдэгтэй маргах хүн үгүй. Азийн цээжин дэх Монгол хэмээх нэрийг улам тод томруунаар харуулахад ирэх 2016 оны АСЕМ-ын уулзалт ихээхэн нэмэртэй нь дамжиггүй. АСЕМ-д нэгдсэнэээсээ хойш манай улс тус уулзалтыг алгасалгүй оролцсон бөгөөд ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн байна. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтуудаас гадна манай улсын төлөөлөгчид АСЕМ-ын Азийн Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази-Европын Залуу парламентчдын зургадугаар чуулга, Копенгагенд болсон Байгаль орчны сайд нарын уулзалт, Токиод болсон Терроризмтэй тэмцэх асуудлаарх бага хурал, Хамбургт болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоод байгаа юм.

  

Дэлхийн 50 гаруй улс орны төрийн тэргүүн болоод Засгийн газрын тэргүүн нарыг нэгэн дээвэр доор уулзуулахын тулд зохион байгуулалтын хувьд анхаарах зүйл түм бум бий. Наад зах нь олон орны төрийн тэргүүнийг нэг зочид буудалд буулгахгүй байх гэдгээс эхлээд  ганц төр, засгийн хүрээнд бус бизнесийн салбарынхантайгаа хамтдаа нугалах олон ажил биднийг хүлээж байна. Гэвч чадахгүй гэх зүйл үгүй. Урьд нь манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг зохион байгуулж, 104 орны 1215 төлөөлөгчийг хүлээн авч байсан түүхтэй. Ноднин, 2013 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан эл нэр хүндтэй бага  хуралд гадаадын улс орнуудаас нэг Ерөнхийлөгч, хоёр дэд Ерөнхийлөгч, нэг Ерөнхий сайд нэг, дөрвөн Шадар сайд, бусад сайд нарын төвшний төлөөлөгчид оролцож байсан юм. Ерөнхийлөгчийн урилгаар Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн хатагтай Ан Сан Сү Чи, Йемений Нобелийн Энхтайвны шагналт, хатагтай Таваккол Карман нар гээд олон хүндтэй зочид ирж, дэлхий нийтийн нүд, чихийг Улаанбаатар руу соронздож байсан нь саяхан. Зурагтаар л бараа зүсийг нь харж, баатарлаг үйлсийг нь сонсож байдаг дэлхийн томчууд Монголд ирнэ гэдэг бахархам үйл гэдгийг тэгэхэд олон хүн мэдэрсэн. Зочломтгой зангаараа гадныхныг гайхуулдаг монгол ухаан ч тэр үед сэргэсэн юм даг. Оюутан залуус сайн дураараа нэгдэн Чингисийн талбайг савандаж угаагаад л, шуудай үүрч хог түүдэг “царай муутан”-уудаа хотын төвөөс алсхан байхыг гуйж байсан санагдана.

 Ирэх 2016 онд ч тэр хэрийн сэтгэл, зүтгэл гарч л таарна. Тиймээс ч Ерөнхийлөгч “Улаанбаатарт уулзацгаая, АСЕМ-ынхаан” хэмээн нүүр бардам урьсан биз ээ. 

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж