“Босго” тогтоосон “Tribute” концерт

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

“Босго” тогтоосон “Tribute” концерт

Урлаг… Тэр дундаа амьд тоглолт гэдэг хүний зүрх, сэтгэл оюуныг баясгадаг том таашаал. Тиймээс амралтын өдрөөр оюуны таашаал авах санаатай болзсон цагтаа яарсаар Соёлын төв өргөөг зорисон юм. 19.00 цагийн тоглолтоос нэг минут хоцорч “Bee Gees” хамтлагийн “Tribute” концертод гүйсээр ортол тоглолтын эхний уран бүтээл эгшиглэж эхлэх нь тэр.

Концертын танхимд дөнгөж хөл тавихад үзэгчид аль хэдийн суудлаа эзэлчихсэн дүүрэн байгааг хараад жаахан гайхаснаа нуух юун. Монголчууд бид хоцорч суудлаа эзэлдэг, тоглолт ч цагтаа эхлэх нь тэр болгон тохиогоод байдаг завшаан биш гэдгийг хүн бүр л мэднэ. Товлосон цагаасаа хоцрох нь монголчуудад уламжлал болж тогтсон зүйл бус тоглолтын зохион байгуулалтаас шалтгаалдагийн том жишээг “Шар айраг”, “Sweetymotion” хамтлагийнхан харуулсан нь энэ.

Тайзны өнгө аяс, хөнгөн хөгжмийн хэмнэл зэрэг нь нэгэн үдшийг дэлхийн хөгжмийн урлагийн томоохон төлөөллүүдийн нэг “Bee Gees” хамтлагийн ертөнцөд аваачсан билээ. Тоглолтын эхлэлээс л “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү “Bee Gees” хамтлагийнханыг санагдуулам үйлдэл, өгүүлбэрээр үзэгчдийг хөгжөөж, үзэгчид ч түүний шог яриаг дуртайяа хүлээн авсан юм. Дэлхийн томоохон эл хамтлагийн уран бүтээлийг манай уран бүтээлчид тайзнаа амьдруулж дуулна гэдэг чамгүй ур чадвар шаардсан гэдэг нь тодорхой. Тэр ч утгаараа уран бүтээлчдэд чамгүй хүнд байсан биз ээ. Харин манай “Tribute” концертын уран бүтээлчдийн хувьд нарийн техник шаардсан нугалаа, гоцлол дуулалтыг үзэгчдэд хүргэсэн нь Монголын рок попын уран бүтээлчдэд өндөр “босго” тогтоочих вуу гэсэн бодол төрлөө. Мөн бусад тоглолтуудтай харьцуулахыг өгөгдлийг өгч байлаа. Амьдаар дуулж, зарим нэг жижиг алдаанууд ч үзэгчдийн нүд, чихэнд тод байлаа. Магадгүй энэ нь тоглолтыг улам л сонирхолтой болгосон гэхэд хэлсдэхгүй. Уг тоглолтын үеэр олны танил олон эрхмүүд үзэгчдийн суудалд сууж байснаас УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг өөрийн гэргий О.Байгальтайгаа зочилсон явдал болов. Хосууд тоглолтын дундуур үзэгчдийг уриалж бүжиглэж, тайзан дээрх уран бүтээлчидтэй зэрэгцэн дуулж нэгэн үдшийг үзэгчидтэйгээ сонирхолтой өнгөрүүлсэн болов уу.

Урлаг сонирхогч хэрнээ мэргэжлийн хэмээн өөрсдийгөө тод цоллодог уран бүтээлчид олон зүйлсийг энэ тоглолтоос суралцсан гэж найдья. Техник тоног төхөөрөмж хөгжихийн зэрэгцээ манай дуучдын арга барил нарийн хөгжиж, амьд дуулалтаас илүүтэй ам барих нь элбэг тохиолддог болсон энэ үед чадварлаг дуулалтыг харуулсан нь саашаалтай.

“Bee Gees” хамтлагийн Tribute концерт олон давуу талуудыг уран бүтээлчдэд авчирсаны нэг нь телевизээр тоглолтын орчин, дууны тохиргоог танхимд байгаа мэтээр айл бүрийн хойморт аваачихыг оролдсон явдал байлаа. Дуу дүрсний өндөр үзүүлэлттэйгээр “Univision”-ы “0” сувгаар багахан төлбөртэйгөөр шууд үзэгчдэд хүргэсэн. Үзэгчдийн зүгээс амралтын өдрөөр гэр бүлтэйгээ гэртээ сууж байгаад хүлээн авч үзсэндээ ам сайтай байгаа ажээ.

Амралтын өдөр тэр тусмаа Ням гаригт уран бүтээлчид тоглолт хийгээд байдаггүй өдрийн сонголт. Энэ өдөр миний төдийгүй үзэгчдийн хувьд сэтгэлийн таашаал авсан тоглолтыг “Шар айраг”, “Sweetymotion” хамтлагийнхан өгсөн юм. Уран бүтээлчид маань ч өөрсдийн тоглосон тоглолтоосоо сэтгэлийн таашаал авсан нь ойлгомжтой биз ээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж