“Тэнгэрийн ботго” наадмын эзэн 6 саяыг хүртжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн ботго” наадмын эзэн 6 саяыг хүртжээ

-Долоо дахь удаагийн “Тэнгэрийн Ботго” наадамд 149 уран бүтээлчид оролцжээ-

2001 онд Дундад улсад байгаа бүх монголчуудын дунд “Мөнх Тэнгэр” яруу найргийн наадам болжээ. Тэрхүү наадамд Алшаа Зүүн хошууны яруу найрагч Тө.Энххад “Тэнгэрийн ботго” шүлгээрээ түрүүлсэн ажээ. Алшаа хошууны төр засаг, түмэн олон ихэд бэлэгшээн өөрийн хошуундаа яруу найргийн нэгэн үйл явдал хийхээр шийдэн, нэрийг юу гэж өгөх талаар олноороо хэлэлцсэн байна. Алшаа нутаг бол бүх Монгол улсад тэмээгээрээ алдартай бөгөөд өдгөө зургаан түмэн тэмээтэй учир тэрхүү наадмаа “Тэнгэрийн ботго” хэмээн нэрийдэхээр шийджээ. Ийн 2002 онд “Тэнгэрийн ботго” наадмаа зөвхөн Алшаа нутагтаа анхлан зохион байгуулж, улмаар бүх улс даяар зохион байгуулдаг болсноор Дундад улс дахь Бүх монголчуудын хамгийн том яруу найргийн наадам болсон түүхтэй аж.

“Тэнгэрийн Ботго” яруу найргийн наадмыг Одон телевизээр дэлхий даяар цацдаг бөгөөд эрх тэгш, шударга болдог байна. Наадамд оролцогчдын бүтээлээс жигшин хагас шийдвэрлэх уралдаанд 12 эсвэл 16 шүлэгч үлдээн, тайзнаа шүлгээ уншиж, айргийн таван найрагчийг байлдаг гэнэ. Эх бүтээлийг шалгаруулахдаа яруу найрагчийн нэр, нутаг усыг нь тавихгүйгээр тоогоор дугаарлан шүүгчдэд уншуулдаг байна.

2014 оны буюу долоо дахь удаагийн “Тэнгэрийн Ботго” наадам аравдугаар сарын 12-ны өдөр Хөх хотод болоход 149 уран бүтээлчид оролцож, босго даваанд Шилийн гол, Баарин, Ордос, Алшаа, Хөлөнбуйр зэрэг нутгийн 12 найрагч шалгаран үлдснээс  Баруун Сөнөд нутагтай яруу найрагч Б.Өлзийнаран энэ удаагийн “Тэнгэрийн ботго” наадмын эзнээр тодорсон байна. Тэргүүн шагналын эзэн нь 20,000 юань буюу 6 сая төгрөгийн шагнал, цом хүртсэн бол бусад айргийн тавд шалгарсан яруу найрагчид ч мөнгөн шагнал олгосон байна.

Энэ удаагийн “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын шүүгчдээр Дундад улсын зохиолчдын эвлэлийн яруу найргийн нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, ӨМӨЗОрны зохиолчдын эвлэлийн тэргүүлэгч, төрийн шагналт, алдарт яруу найрагч Артай, төрийн шагналт яруу найрагч Л.Одсэр, Бүх улсын “Мөнх Тэнгэр” наадмын хоёрдугаар удаагийн тэргүүн шагналт, нэрт яруу найрагч Д.Цэрэнванжил, Өвөр Монгонголын Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн профессор, яруу найрагч Ц.Цолмон, ӨМБИС-ийн МСС-ийн дэд профессор, яруу найрагч На.Өлзийдэлгэр, ӨМБИС-ийн МСС-ийн профессор утга зохиол шүүмжлэгч, яруу найрагч Хайрхан нарын шүүгчид ажиллажээ. Мөн шүүгчээр Монгол улсаас яруу найрагч Г.Мэнд-Ооёо уригдан очсон байна.

Тэнгэрийн ботго нэрийн утгын талаар Төвдалайн Энххад найрагч:

  • “Намайг бага байхад аав ээж минь ингэн тэмээ ботголоходоо их хол явж шилэрдэг, ботголохоо хүнд үзүүлэх дургүй юмаа гэж ярьдаг байв. Миний багын оюун ухаанд хаана явж ботголдог бол, Тэнгэрт л ботголдог байх, тэндээс ботгоо дагуулаад ирдэг байх гэсэн бодол төрсөн. Эрдэм ном хөөж эхлээд Тэмээг тэнгэрийн амьтан, бас Тэнгэрээс Тэмээг онцгойлон Монголчуудад илгээсэн буянт амьтан гэдэгт итгэх болсон юм. Энэхүү амьтаны газар нутгийг булааж, ач тусыг мэдэхгүй хөнөөх нүгэл хийхэд хүрвэл, Тэмээ тэнгэртээ буцчих байх гэж бодож “Тэнгэрийн ботго” гэсэн шүлгээ бичсэн юм.”  хэмээн хариулсан байх юм.

Ийн “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын шүүгчдийн үнэлгээ оноо бүхнийг дэлгэцнээ харуулж, үзэгчдэд ил тод зарлаж, тэмцээнийг шударга сайхан болгож байгааг дуулаад манай улсад зохиогддог “Болор цом” наадмын шалгаруулалтад авууштай туршлага мэт санагдлаа.

“Тэнгэрийн Ботго” наадмын 2-р байрын яруу найрагч Б.Очирваань

 

ТЭНГЭРТ УРАМШИН ШҮЛЭГЛЭХҮЙ

 

Намрын өвс тэнгэрийн гүнийг

Тунгалаг харцанд минь хадгалжээ

Тэнгэр түүнийг нь мэдэлгүй

Бурхад ирэх зүгээс сураг тавьж анирдах нь

Яахын ч завгүй хайлан урсах

Цаг хугацаанд үнэмшүүлнэ

 

Усны нүүдэл тэнгэрийн үнэрийг

Гуниг нөмрүүлэн авчирчээ

Тэнгэр түүнийг нь мэдэлгүй

Зэллэх шувуудын нүдэнд дүрээ тольдож үзэгдэх нь

Талаа харах мэт гэрэлтэх

Амгалан сэтгэлийг төрүүлнэ.

 

Ноолох салхи тэнгэрийн зүгийг

Мэргэн хүнээр сахиулжээ

Тэнгэр түүнийг нь мэдэлгүй

“Үнэрт бор”-ын амьсгалд нийлэн дуулан хоргодох нь

Чулуунд дарагдаж хэвтэх

Газрын үнэнийг өгүүлнэ.

 

Нарлах ертөнц тэнгэрийн замыг

Үлгэрт ойрхон зохиожээ

Тэнгэр түүнийг нь мэдэлгүй

Мөрөн дээгүүр нойтон сар шиг цуурайтах нь

Манан дунд үүргэлэх

Марал бугын зүүдний зурхай төөрүүлнэ.

 

Уулсын өндөр тэнгэрийн хоосныг

Үүлэн дотор мөнхөлжээ

Хорвоо түүнийг нь ажааралгүй

Уртын хонгор дууны нугалаанд шингэж эзгүйрэх нь

Үнэнд итгэн урамших

Хүний гэнэнийг учирлана.

 

Үнэнд итгэх урамших

Хүний гэнэнийг учирлана.

 

“Тэнгэрийн Ботго” наадмын тэргүүн байрын яруу найрагч Б.Өлзийнаран

 

 

НАМАЙГ БҮТЭЭХ ОРОН ЗАЙ

 

Хайл урсан шувууд ганганалдсан

Хаврын халтар талаар

Хаа нэгтээ аргал цавьдартан харагдаад…

Жороо хээрийн хатираатай ардын дууны аялгуунд

Зургийн шиг байгалиа үгүйлсэн зүрхний шарх хөндөгдөж

Жавхлан дассан нүдэнд уйтгар эхэлж ирнэ

Зээргэнт хөдөөгийн хаваржаа миний

Хаваржин аялсан ардын дуу минь

Би энэ дуунд шингэнэ.

 

Тэнгэрийн хаяа руу нэлийн сунасан

Зуны ногоон талаар

Тэлмэн тэлмэн зэрэглээ өвсөн дээр хөвөөд…

Жонон харын алхаатай борхон амьдралын айзамд

Нүүдлээ санасан сэтгэлийн чавхдас хөндөгдөж

Нулимс цийлэгнэн сормуус чийгтэнэ

Алтанхан талын зуслан мину

Зунжин уяраасан ардын дуу минь

Би энэ дуунд мэлтэгэнэнэ.

 

Дэрсэн намаа бөхөлзөж дэндүү гэмээр салхи сэвэлзсэн

Дээлийн хуучин гадар шиг намрын талаар

Дэгдээхий дэвтэрч навчис хийсээд…

“Хөгшин хоохноо” үлгэрээс чагнаж

Хүрэн говьдоо сэтгэлийн уяас алдууран

Хөндүүрт зүрхэн дээр хүйтэн жавар татна

Аясхан талын намаржаа мину

Намаржин дэндрүүлсэн ардын дуу минь

Би энэ дуунд амьдарна.

 

Явган шуурга гуядаж малын бэлчээр дарсан

Ес тоолох өвлийн цагаан талаар

Янгирын сүрэг цахилах шиг ягаан гэгээ татаад…

Жаахан шаргын гүйдэл дээр нүүдэл үргэлжилнэ

Зовхинд мэлтрэх нь цантай одны дуслууд

Зовнисон зүрхний цохилго дээр өнгөрсөн улирлууд…

Дасал халуухан өвөлжөө мину

Өвөлжин цэцэглэсэн ардын дуу минь

Би энэ дуунаас дэлгэрнэ.

 

Бурхны мутар шиг зөөлөн талдаа

Богинохон насаа элээж л явахад

Буурал энэ хорвоо даанч явцуу санагдавч…

Бадаг бадаг ардын минь дууны ид хүчин

Бүтэн сарны гэгээн совин татуулж

Буянт Монголынхоо заяанд багтана.

 

Дөрвөн цагийн нүүдэл мину

Дөрвөн цагийн зүрх минь ээ

Дэлхийд өөр байхгүй миний орон зай

Энэ орон зай намайг Монголоор бүтээнэ.

 

Гэрэл зургийг С.СОЁЛБОЛД

О.НОМТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж