Хоёр Солонгосын хил дээр 10 минут буудалцжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын хил дээр 10 минут буудалцжээ

Хоёр Солонгосын хил дээр өчигдөр /Х.19/ цэргүүд 10 минут харилцан гал нээсэн хэрэг гарчээ. Өмнөд Солонгосоос Хойд руу Пхеньянийг шүүмжилсэн үгстэй агаарын бөмбөлөг хөөргөснөөс үүдэн ийнхүү хил дээр буудалцсан байна. Ким Чен Уны засаглалыг шүүмжилсэн үгстэй 50 мянга орчим агаарын бөмбөлөг Хойд Солонгосын хил даван орж ирснээр Пхеньяний цэргүүд гал нээсэн гэнэ. Хойд Солонгосын харуулын 10 цэрэг ням гаригт /Х.19/ зэвсэггүй бүсийн 4 км өргөн хилийн зурваст дөхөн ирж, Өмнөд рүү гал нээсэн байна. Цэргүүдийн буудалцааны улмаас хүн гэмтэж бэртэн, хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй байна. Өмнө нь /Х.10-нд/ ижил шалтгаанаар хоёр Солонгос хил дээр буудалцаж байжээ.

 

 

Хойд Солонгос Өмнөдийн идэвхитнүүдийн бөмбөлөг хөөргөх үйлдлийг дайны өдөөн хатгалга хэмээн үзэхээ анхааруулсан боловч Сөүлийн албаныхан тэднийг хорих аргагүй гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хоёр Солонгосын армийн генералууд хилийн зэвсэггүй бүсэд уулзах үеэрээ хэлэлцсэн боловч шийдэлд хүрч чадаагүй гэнэ.

 

Солонгосын хойгийг хуваасан 1950-1953 оны дайны дараа хоёр орон энх тайвны гэрээ байгуулаагүй юм. Иймээс одоог хүртэл хоёр Солонгосын дайныг албан ёсоор зогссон гэж тооцдоггүй аж. Түүнчлэн Өмнөд Солонгост Америкийн 28500 цэрэг байнга байршин үүрэг гүйцэтгэдэг байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж