“Материал Импекс” ХХК төлбөртэй нийтлэлээ зогсоо! | News.MN

“Материал Импекс” ХХК төлбөртэй нийтлэлээ зогсоо!

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

“Материал Импекс” ХХК төлбөртэй нийтлэлээ зогсоо!

Энэ цагт мөнгөтэй компани төлбөртэй захиалгат нийтлэлээр энгийн иргэдийн эрх ашгийг “уландаа гишгэдэг” болжээ. “Материал Импекс” ХХК-ийн удаа дараалсан төлбөрт нийтлэл Голден Парк хотхоны оршин суугчид бидний тав тухтай тайван амьдралын эсрэг хар сүүдэр татуулан нийтлэгдэж байна.

Хүйтний ам наашлахтай зэрэгцэн овлигогүй баян компанийн эзэд шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдож, биднийг орон гэрээс маань хөөн зайлуулах башир төлөвлөгөөгөө улам эрчтэй хэрэгжүүлж байгаа нь бидний сэтгэлийг ихээр түгшээж байна.

Бид орон сууцтай болохын тулд хамаг байдаг хашаа хороо, эд хөрөнгөө зарж, банкны зээлэнд хамрагдах гэж дор хаяж 1-3 жил хөөцөлдсөний эцэст орон сууцтай боллоо гэж баярлаж байснаас Материал Импекс компанийн эзэн Б.Зоригтын шуналаас болж өдий хүртэл эд хөрөнгө болоод сэтгэл санаагаараа хохирно гэж бодож байсангүй. Бид анх 2010 онд амьдрал ахуй нөхцөлөө сайжруулахаар энэхүү орон сууцыг сонгон захиалга өгч, 2012 онд шинэ байрандаа орцгоосон боловч одоог хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй явна.

Гэтэл Материал Импекс ХХК нь барилга ашиглалтад орсноос эхлэн хотхон уруу орж гарах орц гарцыг хааж, галын дохиолол, гэрэлтүүлэг зэргийг удаа дараалан санаатайгаар эвдэж сүйтгэх зэргээр өөрсдийн дураар асуудал үүсгэсээр ирлээ. Ингээд ч үл барам уг хотхоны олон мянган иргэдийг хохироочихоод, гол асуудлыг хохирсон иргэдээс холдуулж, биднийг үл тоон асуудлыг компани болон хувь хүн рүү чиглүүлж, өөрсдөө буруугүй мэтээр олон нийтийн хэрэгслээр худал, төөрөгдүүлсэн мэдээллийг төлбөртэйгээр цацаж байгаад үнэхээр гомдолтой байна.

Хэдий хүртэл энэ мэт мөнгөтэй хүмүүсийн гарт энгийн иргэд хохирсоор байх вэ?

Голден парк хотхоны 3000 гаруй иргэдийг үл тоон, эрх ашгийг нь хохирсоор л байх уу?

Нэг гэр бүлийн гишүүд хувьцааг нь хуваан эзэмшиж, ТУЗ-ийн нэрээр өөрсдийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг Материал Импекс ХХК-иас энгийн ард иргэдийг өдий хүртэл хохироосон увиагүй үйлдлүүдээ зогсоохыг оршин суугчид бид шаардаж байна.

 

Голден Парк хотхоны 688 өрхийн

3000 гаруй оршин суугчдын төлөөлөл

Төлбөртэй нийтлэв.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж