Хятадын ТВ болзоо: хайр уу, мөнгө үү?

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Хятадын ТВ болзоо: хайр уу, мөнгө үү?

Орчин цагийн Хятадад цөөхөн боловч, олны танил залуухан бүсгүйчүүд улам бүр ихээр хайрын хэмжүүр бол тоо гэж үздэг болж байгаа бололтой. Сэтгэлд нийцэх залуу нь хошин шогийн сайн мэдрэмжтэй, дажгүй гадаад төрхтэй байхаас гадна хамгийн гол нь өөрийн байртай бөгөөд тэр нь хэдэн метр квадрат вэ гэдэг нь гол асуудал гэнэ. Түүнчлэн нэлээд мөнгөтэй банкны данс заавал байх ёстой бөгөөд мөн тансаг загварын машинтай бол сайн гэнэ.

Бүгд ингэж үздэггүй нь лав авч Хятадын ТВ-ээр гарч байгаа залуу бүсгүйчүүдийн дунд ингэж үздэг бүсгүйчүүд нэлээд олон байна. Хэдийгээр Хятадад реалити шоу харьцангүй сүүлд хөгжиж эхэлж байгаа ч “American Idol”-ыг дуурайсан ТВ шоунууд, ТВ болзоо, танилцах нэвтрүүлгүүд сүүлийн жилүүдэд олон сая хүний үзэх дуртай нэвтрүүлгүүд болоод байна. Шүүмжлэгч нар эдгээр нэвтрүүлгүүд Хятадын залуучуудын дунд уламжлалт бус, сөрөг үнэт зүйл бий болоход нөлөөлж байна гэж шүүмжилж байгаа. Сүүлийн үеийн реалити ТВ-ийн скандалуудын нэгийг “If you are the One” хэмээх олны үзэх дуртай танилцах шоунд оролцсон 22 настай, Бээжин хотоос гаралтай, загвар өмсөгч Ma Nuo дэгдээсэн. Тэрээр өөрийг нь унадаг дугуйндаа суулгая гэсэн нэгэн эрэгтэй оролцогчийн саналыг үгүйсгэсэн нь 1980-аад оноос хойш төрсөн шинэ үеийнхний материалист үзлийг тод харуулсан. Тэрээр “Би унадаг дугуйны арын суудал дээр инээж байснаас BMW-ны дотор уйлж байсан нь дээр” гэж хэлээд хөхөрч байсан ажээ.

ТВ-ээр ийнхүү шулуухан хэлсэн нь Ма-г агшин зуур интернетийн алдартан болгосон бөгөөд тэрээр тус нэвтрүүлгээс өөрийн хосыг ололгүй дуусгасан ч өөр бусад ТВ-ийн нэвтрүүлгүүдэд оролцох олон урилга хүлээн авсан бөгөөд Хятад хамгийн их яригдаж буй ярианы сэдэв болсон бүсгүй болоод байна. Хятадын залуусын хувьд хосоо олно гэдэг асуудал улам бүр төвөгтэй болж байгаа бөгөөд Хятадад баян, ядуугийн зааг улам бүр нэмэгдэж, дээр нь идэр насны залуучуудын тоо мөн насны бүсгүйчүүдийнхээ тооноос 24 саяар илүү, зөрүүтэй байна. Хятад улс сүүлийн 30 жил нэг өрх-нэг хүүхэд гэсэн бодлого баримталж байгаа бөгөөд гэр бүлүүд хүүтэй болохын тулд хэрвээ ураг нь эмэгтэй бол аборт хийлгүүлдэг байсантай холбоотойгоор ийнхүү хүйсийн тэнцвэртэй бус байдал үүссэн байна.

“Маш олон хүмүүс сексийн хувьд үнэнч, ариун байхыг амьдралынхаа чухал үнэт зүйл гэж үздэг. Харин Ма гэдэг хурц хэлтэй, ганц бие охин үүнийг хэрэглээд хаядаг 00-ын цаас шиг үздэг бололтой” гэж түүний талаар Wang Xi Jie хэмээх хүн “Tianya.cn” сайтад бичсэн байна. Өөр нэг блогчин Xie Yong “Ийм нэвтрүүлгүүдийн нэг зөрчилтэй зүйл нь оролцогчид нь баячуудыг шүтсэн, мөнгийг бүхний дээгүүр тавьсан хандлага. Энэ нь Хятадын эх оронч, ахмад настнаа хүндэлдэг уламжлалт зан заншлаас огт өөр… Гэхдээ хэрвээ энэ хүмүүс ийм хачин заваан зүйл өөрсдөө хүсэж байгаа бол бид юу ч хийж чадахгүй” гэж бичсэн байна.

Энэ асуудал Хятадын засгийн газрын хувьд мөн санааг нь зовоосон асуудал болоод байна. Ма-гийн алдартай үгний талаар болон “If you are the One” хэмээх нэвтрүүлгийн оролцогчдийн талаар олон тооны шүүмжлэл хүлээн авсныхаа дараа Хятадын “Улсын радио, кино, телевизийн захиргаа” танилцах нэвтрүүлгийг зохион явуулах тухай хатуу журам гаргасан. Уг журманд “Мөнгийг шүтсэн болон нийгэм, хайрын талаар зүй бус хандлагатай байдлыг шоунд харуулж болохгүй” хэмээгээд “ёс суртахууны хувьд бусдыг өдсөн, өдөөн хатгасан байдал хөтлөгч нарын зүгээс гаргахыг хориглосон”. Энэ журам гарсны дараа Хятадын танилцах шоунууд энэ журмыг баримтлах болно гэж мэдэгдсэн.

Хятадын засгийн газар ТВ-ийн танилцах нэвтрүүлгүүдэд оролцож зохицуулалт хийж байгаа нь гайхалтай зүйл биш. Бээжин Хятадад улам бүр их түгж байгаа, хурц хэлтэй одуудыг гаргаж ирж байгаа реалити шоунуудад болгоомжтой хандсаар ирсэн. 2005 онд David Bowie шиг үсээ засдаг 21 настай нэгэн бүсгүй өөрийгөө эрэгтэй байж байгаа хүйс солиулах мэс засалд орж эмэгтэй болсон гэж ярьсныхаа дараа олны анхаарлыг бүр их татсан. Захиргааныхан түүнийг нэвтрүүлгээс хасах гэсэн боловч тэрээр Хятадын үндсэрхэг дуу дуулж, бүр шоунд түрүүлсэн. Түүнээс гурван жилийн хойно 2008 онд Хятадын ТВ-ийн захиргаа “The First Heartthrob” хэмээх нэвтрүүлгийг хэтэрхий олны анхаарал татах гэсэн, бүдүүлэг үг яриатай хэмээн дундаас нь зогсоосон.

Харин одоо мөнгөний араас хөөцөлдсөн, “алт ухагч” бүсгүйчүүдийн оролцсон нэвтрүүлгүүдийг зохицуулж байна. Хятадын блогчид дунд “BMW-гийн бүсгүй” гэж хочлогдсон Ма Нуо ганцаараа анхаарлын төвд ороогүй. Түүний оролцсон нэвтрүүлгэнд оролцсон Zhu Zhenfang мөн өөртэй нь гар барих гэсэн оролцогчийг чи надад “200,000 мянган юань төлөх юм бол гар барьж болно. Яагаад 200,000 юань гэж үү? Миний ирээдүйн найз залуу ийм хэмжээний мөнгийг сар бүр олдог байх ёстой” гэж хэлж байсан юм. Энэ нэвтрүүлгэд оролцсон, Liu Yunchao хэмээх залууг хүмүүс мөн буруутгаж байгаа бөгөөд тэрээр өөрийгөө 6 сая юаньтай, 3 спорт машинтай гэж онгирч ярьж байсан юм. Харин тэр үнэндээ тийм ч баян биш бөгөөд нэвтрүүлэгт оролцохын тулд баян юм шиг жүжиглэж, худлаа ярьж байсан гэсэн яриа Хятадын интернет ертөнцөд түгсэн.

Хэдий дургүйцэл нь төрсөөр байгаа ч яагаад хүмүүс эдгээр нэвтрүүлгийг үзсээр байна вэ? “Хүмүүс энэ нэвтрүүлгүүдэд дуртай. Яагаад гэвэл бодит байдлыг илэн далангүй ярьдаг юм. Энэ нэвтрүүлгүүд өнөөгийн Хятадын нийгмийг харуулдаг. Орчин үед залуу хүмүүс мөнгөтэй болж, албан тушаал ахихад маш их анхаарч байгаа бөгөөд болзоонд бага цаг зарцуулж байна. Энэ асуудлыг ТВ болзоонууд хөндсөн. Залуучууд эцэг эх, үе тэнгийнхнийхээ зүгээс их шахалтанд өртөж байгаа. Сэтгэлд нийлсэн хамтрагч, ханиа олох нь хүмүүсийн хувьд тийм ч амар биш байна” хэмээн Baihe.com хэмээх интернетийн танилцах сайтыг үндэслэгч Yan Mu ярьж байна. Тэдний сайтад 21 сая хүн бүртгэлтэй байгаа гэнэ. Мөнгөөр хайр худалдаж авч чадахгүй. Гэхдээ өнөөгийн Хятадад мөнгөтэй бол ядаж болзоотой байж болохнээ гэж “CNN” агентлаг мэдээлж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж