Хөлбөмбөгчдөд хаалттай хөлбөмбөгийн холбоо

Хуучирсан мэдээ: 2014.10.19-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгчдөд хаалттай хөлбөмбөгийн холбоо

Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдын эрхийг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хасаад байгаа билээ. Энэ шийдвэр өнөөдөр өглөө олон нийтэд ил болсон. Тэгвэл өнөөдөр өглөө 11:00 цагт Монголын Хөлбөмбөгийн холбооны гишүүд болж буй асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр зарласан. Тэд холбооны байранд хэвлэлийн хурал хийх байсан ч дотогш нь оруулсангүй. Мөн хэвлэл мэдээллийнхнийг ч нэвтрүүлээгүй юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар өчигдрөөс эхлэн Хөлбөмбөгийн холбооны байрнаас портер машинаар бичиг баримт, цаасан хайрцагтай зүйлсийг зөөж эхэлжээ. Сэтгүүлчдийг очих үеэр ч мөн портер машинаар хайрцагтай зүйлс зөөж байсан юм.

Мөн хэвлэлийн хурал хийхээр ирсэн Хөлбөмбөгийн холбооны гишүүд, хөлбөмбөгчид холбооны байрны үүдэнд багагүй зогссоны эцэст гадаа хурлаа хийлээ. Хурлын үеэр “Дэрэн” клубын Ерөнхийлөгч Г.Мөнхчулуун “Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Д.Ганболд олон улсад болоод эх орондоо үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон. Тиймээс Монголын Хөлбөмбөгийн холбооны дүрмиийн 28 дугаар зүйлийн хоёрт заасны дагуу Монголын Хөлбөмбөгийн холбооны гишүүдийн гуравны нэг хувь нь бичгээр мэдэгдсэн тохиолдолд удирдах зөвлөлөөс ээлжит бус их хурлыг хуралдуулах учиртай. Энэ заалтын хүрээнд бид өнөөдөр Хөлбөмбөгийн холбоон дээр ирж, их хурлыг хуралдуулах саналт хураалт явуулж байгаа.

Хөлбөмбөгийн холбооны гишүүдийг мөн энд ирж гарын үсгээ зураач гэж уриалж байгаа юм. Одоогийн байдлаар түрүүчээсээ хүмүүс ирж, гарын үсгээ зурж, бидний явуулж байгаа үйл ажиллагаанд оролцож байна. Хэрвээ нийт гишүүдийн гуравны нэгийнх нь гарын үсэг цугларвал бид их хурлаа хэзээ хуралдуулах товоо шийдэх учиртай” хэмээн ярьсан юм. Түүний дараа Олон улсын хөлбөмбөгийн холбооноос чухам ямар шийд гарсан талаар танилцуулсан. Өчигдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооноос мэдэгдэл гаргасан.

Тус мэдэгдэлд Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдыг таван жилийн хугацаанд дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд хөлбөмбөгийн ямар нэг үйл ажиллагаанд оруулахыг хориглосон. Б.Ганболд нь 2009 онд Азийн хөлбөмбөгийн холбооны конгрессийн үеэр, 2011 оны ОУХХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль, Олон улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн сонгуульт үйл ажиллагааны үеэр Мухаммед Бин Хаммамаас авлига авсаныг нь тогтоосон байна. Энэ бол Монголын Хөлбөмбөгийн холбоо, хөлбөмбөгчид, цаашлаад Монгол Улсыг олон улсад гутаан доромжилсон үйлдэл болчихоод байгаа юм.

Тэгвэл Монголын Хөлбөмбөгийн холбооны байрны өмнө болсон хурлын дараа зарим гишүүдтэй цөөн хором ярилцлаа.


“Дэрэн” клубын Ерөнхийлөгч Г.Мөнхчулуун: Бид Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд санаа зовж байна

-Өнөөдрийн хурлын зорилго бол санал хураалт.  13 цагийн байдлаар хэчнээн гишүүн ирэв. Өнөөдөртөө гуравны нэг нь бүрэлдэж, бичгээр саналаа өгч амжих нь уу?

-Өчигдөр орой Дэлхийн хөлбөмбөгийн холбооны мэдээ гарсанаас хойш манай гишүүд, хөлбөмбөгчид маш их идэвхтэйгээр бидэнтэй холбогдсон. Тэгэхээр гуравны нэг хүрнэ гэдэгт эргэлзэхгүй. Хэрвээ гуравны нэгтээ хүрчих юм бол удирдах зөвлөлдөө хүсэлтээ гаргана. Дүрмийнхээ дагуу удирдах зөвлөл ч хуралдах ёстой. Хэрвээ хурлын тов гарчих юм бол бид хэлэлцэх асуудлаа батална.

-Удирдлагагүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр яах билээ?

-Уг нь ирэх сард шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэж байсан. Тэгэхээр энэ асуудлыг хурдан шийдэх ёстой. Бид удирдах зөвлөтэйгээ ярилцаад, Ерөнхийлөгчийн сонгуульт үйл ажиллагааг наашлуулах уу гэдгээ ярина. Их хурлаараа асуудлаа шийднэ.  Одоо бол бид удирдлагагүй байна.

Тийм болохоор Хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагаанд санаа зовж байгаа. Бид аль болохоор л дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах зорилготой байна. Ер нь энэ бол Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагасан л явдал боллоо.  Монголын нэр хүндийг Олон улсын тавцанд  унагасан өөр  нэг том явдал 2011 онд болсон.

Манай улсыг Зүүн Азийн холбооноос түдгэлзүүлсэн. Гурван жил түдгэлзсэний дараа энэ жил дахиад. Энэ бол үнэхээр том асуудал. Олон улсын байгууллагаас түдгэлзэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Бид Зүүн Азийн хэмжээний ямар ч тоглолтод оролцох эрхээ хасуулаад, гадаа харилцаа ч байхгүй болсон. Энэ том асуудлын үргэлжлэл нь ингээд л явж байна. 

-“Гоол” төслийн хүрээнд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хөрөнгө мөнгө өгдөг. Харин манайх хөрөнгө оруулалтыг нь буруу зарцуулж, хэмжээнээсээ жижигхэн заал танхим, талбай бариад байна гэдэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-“Гоол” төсөл хэрэгжихдээ гурвалсан гэрээгээр явдаг. Хөлбөмбөгийн холбоонд тэр мөнгийг захиран зарцуулах эрх байдаггүй юм. Гүйцэтгэгч компаниа шалгаруулаад, тэр нь Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой гэрээгээ байгуулаад явдаг зарчимтай. Жижиг, том болсон гэдэг асуудал дээр бидэнд энэ бүхэн хаалттай байдаг болохоор мэдээлэл өгч чадахгүй байна.

Мөнгө төгрөг нь яаж зарцуулагдсаныг ч мэдэхгүй юм. Харин гишүүн хүний хувьд барьсан барилга байгууламжийн чанарыг илүүтэй ярьж чадах байх. Манай холбооны барилга 10 жил болоогүй байхад хана нь цуураад, нурах дээрээ тулж байна. Хөлбөмбөгийн заал гэхэд хоёр жил болоогүй байхад дээврийг нь солилоо. Энэ мэтээр асуудал бий. 

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж