Б.Тэмүүлэн Ташкентийн Гран-прид түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн Ташкентийн Гран-прид түрүүллээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран-при тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Т.Батзориг, Х.Цогтгэрэл, +100 кг-д Б.Тэмүүлэн нар барилдсанаас хүнд жингийн ганц жүдоч маань алтан медаль хүртлээ.

+100 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Тэмүүлэн Узбекстан, Унгарын бөхчүүдийг ялснаар хэсгийн аварга болж, мөнгөн медалийн төлөө Оросын бөх Волков Андрейтай барилдаж, ялсан юм. Тэрээр алтан медалийн төлөө Австрийн бөх Аллерсторфертэй барилдаж, өчих мэхээр цэвэр ялснаар тус тэмцээний аварга боллоо.

Энэ өдөр 90 кг-ын жинд барилдсан Т.Батзориг, Х.Цогтгэрэл нарын хувьд хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ.

Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд 42 орны эрэгтэй 142, эмэгтэй 140 нийт 282 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын шигшээ баг тэргүүллээ.

Тодруулбал Ташкентийн дэвжээнээс эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин, 73 кг-д Гавьяат тамирчин С.Ням-Очир, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн АЛТ, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, 73 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон МӨНГӨ, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг, 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар ХҮРЭЛ медаль хүртсэн амжилтаар тэргүүлэв.

42 улсаас 24 нь ямар нэгэн медаль хүртсэнээс Монгол Улс 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, тэргүүлсэн бол Румын хоёр алт, Узбекстан, Израиль, Герман, Белги зэрэг улс тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилтаар удаалав.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж