Шинэчлэлийн Засгийн газар Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг байгуулахдаа яамны бодлого, үйл ажиллагаагаар дамжуулан даяаршлын эрин зуун дахь Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлалын салбарт бусдаас ялгарах онцлогийг хамгаалах, тодотгох нэмэгдүүлэх зорилго тавьсан билээ. Тэгвэл өнөөдөр зорилгынхоо хүрээнд хийсэн олон ажлынхаа дүнд яам өөрийн бүтэц, чиг үүргээ цаашид хэрэгжүүлэх өргөн боломжтой болжээ. Тодруулбал, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдаж, шинэчлэлийн Засгийн газрын байгуулсан хэд хэдэн яамд чиг үүргийн хувьд төсөөтэй яамдуудад нэгдсэн ч Соёл, спорт, аялал жуучлалын яамыг хэвээр үлдээлээ. Түүнчлэн салбарын сайдыг ч халж, сэлгэсэнгүй. Үүнийг яам болон яамны удирдлагын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлуудын үр дүн хэмээн соёл, урлаг, спортын олон зүтгэлтэн, мэргэжилтэн, ажилтан, тамирчид хэлж байгаа ажээ.
Тус яам байгуулагдсан цагаасаа эхлэн хариуцсан чиглэл бүртээ шинэ брэнд бий болгох зорилт тавин ажилласан байна. Тухайлбал, “Монгол соёл аялал, жуучлалын гол брэнд” хөтөлбөрийн хүрээнд аймаг, сумдын наадамд олон жуулчдыг татах зорилгоор наадмын товыг эрт зарлах тухай саналыг салбарын сайд нь гаргаж, улмаар Засгийн газраас дэмжсэн аж. Түүнчлэн “Шонхор-шувуу ажиглагчдын зах зээл дэх Монголын брэнд” хөтөлбөрийн хүрээнд шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаж, түүгээр дамжуулан жуулчдыг татах өргөн боломж нээгдсэн гэдгийг энэ чиглэлийн мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм байна.
Мөн монгол бичиг, уран бичлэгийг ЮНЕСКО-гийн дэлхийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвөөр бүртгүүлж ч амжсан гэнэ.
Нөгөө талаас соёлын асуудлыг хариуцсан бие даасан яам байгуулсныг иргэд, олон түмэн хамгийн ихээр мэдэрч, хүлээн авсан зүйл бол мэдээж тернозавр батаар гэдгийг хүн бүр мэднэ. Өмнө нь хариуцах эзэнгүй байхад Монгол Улсын археологийн хичнээн ч мянган үнэт өв хил даван гарч одсныг хэн ч мэдэхгүй. Гэхдээ шинэ яамтай болсноор эхнээс нь эргүүлж авч эхэлсэн нь тун таатай мэдээлэл байсан юм.
Харин спортын талаас яам байгуулагдсан хоёрхон жилийн хугацаанд өөрийн орондоо олон улсын спортын 17 тэмцээнийг зохион байгуулжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд гаргасан зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газраас 2013 онд тогтоол гаргаж, олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан 44 тамирчинд урамшуулал олгохоор болсон. Энэхүү урамшуулал нь цаашид Монгол Улсаас олон арван Олимпийн аварга төрөн гарахад дэмжлэг болж чадсан шийдвэр гэдгийг тамирчид дуу нэгтэй хэлж байгаа аж.
Энэ мэт дээр дурдсан цөөн хэдэн зүйл нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хийсэн ажлуудын нэг хүрэхгүй хувь гэнэ. Тиймээс ч цаашид монголын соёлын өвийг хамгаалах, спортыг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хариуцсан яам нь олон зүйлийг хийнэ хэмээн иргэд, олон нийт харж, хүлээж байгаа сурагтай.