Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” тоглолт айсуй | News.MN

Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” тоглолт айсуй

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” тоглолт айсуй

Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолт аравдугаар сарын 31-ны 19.00 цагт Үндэсний АСА циркт болно.

Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь  уртын дуу билээ. Уртын дуу гэдэг нэрийн тухайд зарим судлаачид урт ая эгшиглэнтэй дуулдаг учраас уртын дуу гэж нэрлэсэн гэж аялгууны талаас нь, нөгөө зарим нь монголчууд уртын дууг эртнээс эдүгээ хүртэл зуун зууныг дамнан, үеэс үед өвлөн дуулж ирсэн тул урт дуу буюу “урт настай дуу” хэмээн нэрлэх болсон гэж цаг хугацааны талаас нь, гурав дахь нь уртын дуунд хүний амьдралын утга учир, байгаль нийгмийн үзэгдлийн мөн чанар хийгээд дээд тэнгэр, гараг эрхэс, уул ус, газар дэлхий, энэрэл хайр, элбэрэл журам гэх мэт мөнхийн сэдвийг ямагт тусган илэрхийлдэг тул үүрд мөнх буюу уртын урт гэсэн утга санаагаар уртын дуу хэмээн нэрлэсэн гэж шүлгийнх нь агуулга талаас тус тус тайлбарлах нь буй. Юнеско-гоос 2005 онд уртын дууг Хүн төрөлхтний биет бус өвийн санд бүртгэн авсан билээ.

Дэлхийд гайхагддаг монгол үндэсний урлаг, тэр дундаа суу билгийн гайхамшиг уртын дууны үнэ цэнийг өнөө үедээ мэдрүүлэх, уртын дууны шуранхай өв соёлоо уламжлуулан хөгжүүлэх үйлсийг дэмжих зорилгоор залуу уран бүтээлч, уртын дууч Бавуудоржийн Тунгалагийн уран бүтээлийн “Этүгэн аялгуу” нэртэй анхны бие даасан тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж зэхжээ. 

Эл тоглолтын ерөнхий найруулагчаар “Натур Даанс” продакшны захирал, Соёлын тэргүүний ажилтан Д.Энхбаяр, бүжиг дэглээчээр СУИС-ийн бүжгийн тэнхимийн эрхлэгч СОёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг, хувцасны зураачаар “Нүүдэл трейд ХХК”-ийн захирал, Соёлын тэргүүний ажилтан Ц.Энхтуяа, тайзны зураачаар Драмын эрдмийн театрын жүжиг чимэглэлийн эрхлэгч Соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг, продюсероор “Урлаг Маркет ХХК”-ий захирал Соёлын тэргүүний ажилтан Б.Нямсүрэн нар ажиллаж байна.

Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолт аравдугаар сарын 31-ны 19.00 цагт Үндэсний АСА циркэд  болох бөгөөд тасалбарын үнэ 21 мянган төгрөг юм байна.

Э.ТЭКҮ


 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж