Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбооны Гран-при тэмцээний 73 кг жингийн алтан медалийн төлөө Монголын хоёр шилдэг бөх шалгарснаас С.Ням-Очир ялалт байгуулж, түрүүллээ.
Олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Итали, Узбекстан, ОХУ-ын бөхчүүдийг, олимпийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Ням-Очир Турк, Франц болон ОХУ-ын бөхчүүдийг ялснаар финалд шалгарсан юм.
Мөн энэ өдөр манай бөхчүүдээс 81 кг-ын жинд О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт хийлж, Беларус, Узбекстаны бөхчүүдийг ялснаар хэсгийн аварга болсон юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Узбекстаны Имамовд ялагдсан ч ОХУ-ын бөх Иван Воробевийг 2 минут 39 секундэд цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ. Энэ жинд 25 бөх барилджээ.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан ОУХМ Ц.Мөнхзаяа Узбекстан, АНУ,-ын бөхчүүдийг ялж, Германы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Израйлын Шор, Испаний Пуче нарыг ялснаар хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр манай дөрвөн жүдоч барилдсанаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар Монгол Улс 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Румын хоёр алт, Узбекстан, Израйль, Герман, Белги зэрэг улс тус бүр нэг алтан медаль хүртсэн амжилтаар удаалж байна. Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг жингийн барилдаан болох юм.
Ч.БОЛОР