“Спортоор бол олимпийн эрх авлаа”

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

“Спортоор бол олимпийн эрх авлаа”

-Италийн Милан хотоос Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Аюулгүйн зөвлөлийн хоёр гишүүнтэй цахимаар холбогдож, АСЕМ-ын эрх авснаа мэдээллээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж сая Италийн Милан хотоос УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай холбогдож, Милан хотноо хуралдаж дууссан АСЕМ-ын дээд түвшний уулзалтаар  2016 онд АСЕМ-ыг даргалж, уулзалтыг зохион байгуулах орноор Монгол Улсыг сонгосон талаарх мэдээллийг дуулгав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү нэр хүндтэй үүргийг хүлээхийн төлөө олон хүн хүч хөдөлмөрөө зориулсныг дурдаад тэр бүх хүмүүст, Монголын ард түмэндээ баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн юм. Хоног, хоногоор түүчээлэн наашилж буй АСЕМ-ын уулзалтыг эх орондоо зохион байгуулна гэдэг нэр хүнд төдийгүй асар хариуцлагатай үүрэг гэдгийг Ерөнхийлөгч хэлж байна.

Европын Холбооны гишүүн 27 улс, Европын хоёр орон, (Норвеги, Швейцарь), Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (ASIAN)–ны гишүүн 10 орон, Зүүн Хойд Азийн 10 орон  Австрали, БНХАУ, Монгол, Мьянмар, ОХУ, Пакистан, БНСУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын Комисс АСЕАН-ны Нарийн бичгийн даргын газар, мөн энэ жилээс гишүүнчлэлд нь нэгдэж буй Хорват, Казакстаныг оруулан тооцвол 53 орны төлөөлөгчдийг эгнээндээ багтаасан энэхүү олон улсын байгууллагын орнуудын төрийн тэргүүн болоод Засгийн газрын тэргүүн нар Монголд чуулах нь. “АСЕМ-ын эрхийг авчих юмсан” гэсэн  хүсэл олон сар жилийн өмнөөс төрийн өндөрлөгүүдийн хувьд байсан, тэрхүү хүсэл биеллээ хэмээн УИХ-ын дарга тодотгосон юм. Тэрбээр АСЕМ-ын хурлыг Монголд зохиох эрх авсан нь “Спортоор бол Олимпийн эрх авсантай адил” хэмээн зүйрлэсэн юм.

АСЕМ-ийг эх орондоо зохион байгуулах эрх авсан Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдоржид талархал илэрхийлэн батламж гардуулсан байна. Уулзалтад оролцсон ОХУ-ын ерөнхийлөгч В.В. Путин, Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Ф.Олланд,  Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян нарын төрийн тэргүүн, сайд нар бүгдээрээ халуун талархал илэрхийлжээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж