Ерөнхий сайдыг огцруулах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг огцруулах нь зөв үү?

УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Огцруулах үндэслэлд эдийн засаг хүндэрч, ард түмний амьдрал доройтсон төдийгүй 2015 оны төсвийн хуулийг төслийг өргөн мэдүүлэхдээ хууль зөрчсөн зэрэг нийт дөрвөн асуудлыг хөндөн тавьж байгаа. Тэгвэл бид эл асуудлын хүрээнд иргэдийн байр суурийг сонирхлоо.

 

Засгийн газрыг ажиллуулах ёстой

Өмнөх Засгийн газрын алдаатай бодлогын үргэлжлэл одоо явж байгаа. Түүнийг нь засч, залруулах гээд ажиллаж байгаа. Энэ Засгийн газрыг ажиллуулахад юу нь болохгүй болчихоод байгаа юм бэ. Алдаа байж болно, гэхдээ огцруулах хэмжээний асуудал үүсгэсэн гэж үзэхгүй байна.

Мөн энэ Засгийн газар ажилласнаар өмнөх Засгийн газрын ажлуудыг унагаад муу болгочихсон гэж бодохгүй байна. Хоёр жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлууд их хийгдлээ. Улаанбаатар хотод “Гудамж төсөл”-ийн хүрээнд асар олон уулзавруудыг өргөтгөсөн, аймгуудыг Улаанбаатар хоттой авто замаар холбосон. Өмнөх Засгий газартай ажлыг нь харьцуулахад илүү юм хийгдэж байгаа. Энэ чигээр нь ажиллуулах хэрэгтэй. Шүмжлэлтэй юм бий, түүнийг нь засуулаад ажиллуулахад болохгүй зүйлгүй.

                                                           Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Дамдин

 

Хийсэн ажил байгаа юм уу?

Хоёр жилийн хугацаанд нэг их хийсэн юм байхгүй. Бидний амьдрал яг хэвээрээ байна. Иргэд ажил төрөлгүй, ядуу зүдүү.  Амьдрал улам доройтож байна. Нэг л сайхан ярьсан улсууд, огцруулах нь зүйтэй.

                                                                                         Сүхбаатар дүүргийн иргэн Б.Сүрэн

 

 

 

Огцруулах нь зөв

МАН-ын бүлгийн гишүүд огцруулах дөрвөн үндэслэл хэлж байгаа. Үндэслэлтэй тэр нь. Таван ч төсөвтэй болсон. Улсын нэгдсэн төсөв,  Чингис бонд, Самурай бонд, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээд, энэ хөтөлбөрийн тухайд үр дүнгээ өгсөн зүйл бий.

Гэхдээ санхүү нэг л байж, Сангийн яам бүх юмаа зангидаад явж байх ёстой. Чингис бондыг босгосон нь сайн хэрэг. Түүнийг эргэн төлнө. Эргээд татвар төлөгчдийн мөнгө, мал сүрэг, уул уурхайн ашигт малтмалаасаа төлнө. Тэгэхээр бонд босгосон хөрөнгийг зөв зүйлд зарцуулах ёстой. Тэр нь ард түмэнд нээлттэй ил тод байх ёстой. Чингис, Самурай бондын зарцуулалтын талаар УИХ-ын гишүүд мэдээлэл авч чадахгүй байхад ард түмэн яаж авах юм. Бүр сохор, мэдээлэлгүй.

                                                                                         БЗД-ийн иргэн Л.Ганбаатар

 

Өөрчиллөө гэхэд Дараагийн Засгийн газар ажил хийх үү?

Шинэ сайд нарыг томилоход “Давхар дээл”-тэй хүн санал болгож болохгүй шүү гэж Ерөнхийлөгч захиад байхад зөрөөд санал болгож байгаа.  Буруу юм. Гэхдээ Ерөнхий сайдыг өөрийг нь юу, юугүй барьж аваад огцруулна гэх нь буруу. Өөрөө Ерөнхий сайдаар байхыг бодоод байгаа нь ажил хийх гээд л тэр болов уу. Ажлыг нь хийлгэх ёстой. Тэгээд ч одоо Засгийн газрыг огцруулах нь тогтворгүй л юм болж хувирна. Дараагийн Засгийн газар нь ажилтайгаа танилцах гэж ядсаар байтал сонгууль болж, хийсэн бүтээсэн юмгүй хоёр жилийг авах вий гэж болгоомжилж байна.

                                                                         Сүхбаатар дүүргийн иргэн Р.Оюунбат

 

Хоёр жил хүлээхээс айж байна

Дахиад хоёр жил яаж хүлээнэ дээ гэдгээс л айж байна. Юу болох болдоо гэдгээс айж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ маш их өсч байна. Монголын нийт иргэдийн амьдралын төвшин доогуур байгаа шүү дээ. Сая төгрөгийн цалин авлаа ч юунд ч хүрдэггүй.  Гадаадаас ах, эгч нар маань Монголд ирээд бараа, бүтээгдэхүүний үнэ ямар үнэтэй болоо вэ гэж дуу алдаж байгаа.

                                                                             Чингэлтэй дүүргийн иргэн Б.Ундармаа

 

 

Огцруулах нь буруу

Ерөнхий сайд нь байж ажлаа хийгээсэй л гэж бодож байна. МАН-ынхан бужигнуулаад ажлыг нь хийлгэхгүй байна. Юу хийсэн юм бэ гээд л байгаа, энэ хоёр жилд өчнөөн юм хийж байгаа. Зам, барилга гээд. Авто замуудыг шинэчиллээ. Цалин, тэтгэвэр нэмэхгүй байна л гэх, нэмсэн шүү дээ. Ирэх жил дахиад ч нэмнэ гэж байнаа. Төсөв, мөнгө болохоо байлаа л гэх. Зээл, тусламж авч байж одоогийн нөхцөл байдлаас босно. Огцруулах нь буруу л гэж бодож байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Янжмаа

 

Хийсэн ажил бий

Шинэчлэлийн Засгийн газарт хийсэн бүтээсэн юм бий. Боловсролын байгууллагад шинэчлэл хийгдэж, үр дүн нь гарч байна. Ардын намынхан Засаг барьж байхад ард иргэдийн амьдрал үнэхээр дээр байсан гэж үү. Цөөнх болчихоор Засгийн газар барьж байсан үеийн юмаа мэдэхгүй болчихсон юм шиг санагддаг. Телевизээс мэдээ үзэхээр, Ардын намынхны ярьж байгааг сонсохоор. Хийсэн юм бий, түүнийг нь эсэргүүцэж огцруулахыг л бодоод байна.

                                                           Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Туяацэцэг

 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж