“Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн “Мишээл экспо” төвд болж байна. Үзэсгэлэнг “Үйлдвэр хөдөө аж ахуйн яам”, “Нийслэлийн Засаг даргын тамгын газар” “Монголын ажил олгогч эздийн холбоо”-ны дэмжлэгтэйгээр “Мишээл Групп” ХХК, “Монголын ноос ноолуурын холбоо”, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо” хамтран энэ сарын 16-20-ны хооронд зохион байгуулж байна.
Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой уг үзэсгэлэн энэ удаад Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн жилийн хүрээнд бол буйгаараа онцлог ажээ. Үзэсгэлэнд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 гаруй хувь хүн аж ахуй нэгж оролцож байна.
Энэ үеэр арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдаа, загварын үзүүлбэрийг сонирхуулахаас гадна бүх бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр болон 10-40 хувийн хямдралтайгаар, гэр бүлийн багцын хямдрал, хямдралын ваучераар авах боломжтой гэнэ.
Эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар чухал ч гэлээ аль ч нийгмийн үед хамгийн тогтвортой байдаг салбар нь хөдөө аж ахуй юм. Тиймээс төрөөс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төрөөс ноосны үйлдвэрүүдэд 70 тэрбум, ноолуурын үндэсний үйлдвэрүүдэд 107 тэрбум, арьс ширний үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатай олгож эхэлсэн билээ. Мөн үндэсний үйлдвэрт хонины болон тэмээний ноосоо тушаасан малчдад урамшуулал олгохоор 12.3 тэрбум, арьс ширээ тушаасан малчдад 2.7 тэрбум төгрөгийг олгоод буй юм.
Б.МИШЭЭЛ