Аймгуудын төсөв хүрэлцээтэй юү?

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Аймгуудын төсөв хүрэлцээтэй юү?

2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг өнөөдрөөс/10.17/ эхлэн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Ирэх улс орны төдийгүй эгэл иргэдийн ахуй амьдрал, эдийн засгийн төлөв байдал ямархан байхыг Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр танддаг болохоор хүн бүр л чих тавин чагнаж байна. Бүх  нийтээрээ хэмнэлттэй, хүртээмжтэй сайн төсөв хүлээж байгаа энэ цаг үед төсвийн төслийн талаар  аймгуудын  дарга нар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан:

-Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн УИХ-д өргөн барьсан Төсвийн тухай хуулийн төсөл урьд урьдныхаас илүү дэвшилттэй боловсруулсан гэж бодож байна. Энэ жилээс эхлэн аймаг орон нутгийн бүхий л асуудлаа өөрөө шийдэх боломж өгч байна. Өмнө нь аль нэг суманд цэцэрлэг барих болоход УИХ-аас шийддэг байсан бол одоо аймаг өөрсдөө шийдэх боломж гарч байгаагаараа давуу талтай. Энэ жилийн хувьд Сум хөгжүүлэх санд манай аймагт 11 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх жил 14 тэрбум төгрөг төсөвлөгдөх сураг дуулсан. Гэхдээ УИХ-аар эцэслэн шийдвэрлээгүй байхад юуг ч өмнө нь хэлэхэд хэцүү байна. Ямартай ч ирэх  жилийн төсөв аймгуудад илүү боломж, бололцоо өгөх болов уу гэж хүлээж байгаа.

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатар:

-Энэ жил манай аймагт 55 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүгээр нутгийн иргэдийн амьдрах орчинг сайжруулах чиглэлээр бүтээн байгуулалт, авто замын ажил хийсэн. Одоо орон нутгийн засаг захиргаа босоо удирдлагатай болсон болохоор ирэх оны төсвийн тухай хуулиар сайдын багцаас аймаг орон нутгийн төсөвт оруулах санал яригдаж байсан. Гэхдээ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй байгаа ирэх оны Төсвийн тухай хуулийг өмнө нь тааварлахад бэрх л дээ. Ер нь төсвийн захиран зарцуулалтыг тухайн аймаг, орон нутагт нь өгөх болов уу гэсэн хүлээлттэй байна.

 

Баян-Өлгийн аймгийн Засаг дарга Х.Дармен:

-Төсвөөс орон нутгийн төсвийг 20-22 хувиар танана гэсэн гэсэн таамаг сонсогдсон. Төсвийг танахаар бол Орон нутаг хөгжүүлэх сангаас таналтыг хийдэг. Ингэхээр зарим орон нутагт тендер зарлаагүй, гэрээ хийж амжаагүй бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулах байх. Манай нутгийн хувьд  төсөв таналт гайгүй байх.

 

 

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь:

-Одоо өргөн баригдаж буй төсөв их хэцүү шиг санагдсан. УИХ –аар санал, санаачлага гарах байх. Төсөв хэдий хэмжээгээр батлагдсан байсан ч гэсэн хамгийн наад зах  улсын төсвөөр эхлүүлсэн бүтээн байгуулалт, ажлыг дуусгахгүй бол үхмэл хөрөнгө болно. Ер нь цаашдаа яамнаас аливаа бүтээн байгуулалтын тендер зарлах хэрэггүй. Яам бодлогоо бариад сууж байхад том тендер нь Худалдан авах ажиллагааны газраар, бусад нь орон нутгийн эрхийн хүрээнд шийдэгдэх хэрэгтэй.

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуун:

-Улс орны эдийн засгийн байдал, ялангуяа уул уурхайн салбар хүндхэн байгаа учир ирэх жилийн төсвийг танаж магадгүй. Манай аймгийн хувьд 2008 онд 47800 хүн амтай байлаа. Одоо 59500 суурин хүн амтай болсон. Энэ хугацаанд 10 гаруй мянгаар нэмэгдсэн байна. Энэ бол зөвхөн албан ёсны бүртгэлтэй суурин иргэдийн тоо. Цаашдаа хүн амын төвлөрөл их болох учир нийгмийн суурь үйлчилгээндээ түлхүү анхаарах шаардлагатай байгаа. Бид одоогоор хувийн хэвшилтэй нийлж, нийгмийн суурь үйлчилгээ болох боловсрол, эрүүл мэндийн салбарт шаардлагатай бүтээн байгуулалтаа боломжоороо шийдэхийг хичээж байна. Цаашдаа хүн амын шилжин суурьшилт нэмэгдсэн нөхцөлд төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй байна гэлээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хувьд ирэх оны төсөв яагаад ч хүрэлцэхгүй талаар гомдол мэдүүлсэн бол хөдөө орон нутгийн Засаг дарга байдал хэрхэхийг хүлээсэн байдалтай байгаа нь тэдний ярианаас илт байлаа.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж