Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зам барилгын ажилд нүсэр гэж хэлж болохоор шалгалтыг дөрвөн сарын турш хийсэн байна. Энэ шалгалтын дүнгээ тус байгууллага өнөөдөр Даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцсэн бөгөөд “Монголд зам барилга, ашиглалтаар авах юм алга” гэж хэлж болохоор дүр зургийг өгүүлж байна.
Мэргэжлийн хяналтынхан улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр шинээр баригдаж буй авто зам, замын байгууламж, онгоц хөөрч буух зурвасын барилга угсралтын ажилд хяналт хийсэн юм байна. Үүгээр Төв, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Нийслэлд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 141.7 сая ам.долларын өртөгтэй дөрвөн авто зам, Улсын төсвийн хөрөнгөөр 582.266,3 сая төгрөгийн өртөгтэй 21 авто зам, гүүрийн барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажлуудыг хамруулжээ. Тодруулбал, баруун бүсийн таван аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа 13 объектийн 976.7 км авто замын барилга угсралт, зүүн бүсийн 12 объектийн 464.57 км авто замын барилга угсралт, говийн бүсийн 207.7 км авто замын барилга угсралт, 2000 метр гүүр, тухайн аймгийн нутаг дэвсгэр дэх авто замын ашиглалтын байдлыг шалгажээ. Нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтанд 39,9 км авто замын барилга угсралт, зураг төсөл, 65 метр гүүрийн засвар шинэчлэлт, ЭЗХЯ-ны санхүүжилтээр “Гудамж төсөл”-ийн хүрээнд хийсэн 20.7 км авто зам, дөрвөн авто замын уулзварын өргөтгөл шинэчлэлт, засвар арчлалт, ашиглалтын байдлыг хамруулсан байна.
Орон нутгийн зам ихээр хагарчээ
Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Мандалговь, Дуутын даваа-Мөрөн чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто зам, Улаанбаатар-Лүн, Арвайхээр-Нарийнтээл чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн нийт уртад, асфальт бетон хучлагад торон дагуу болон хөндлөн хагарлууд үүссэн болохыг Мэргэжлийн хяналтынхан тогтоожээ. Мөн их хэмжээний нүх гарч цоорсон, буталсан чулуун суурь ил гарсан, овойлт үүссэн, хучилтын доороос шаварлаг материал ил гарсан байна.
-Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67км \Загастайн даваа\ хатуу хучилттай авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн гэрээг цуцалж, барилга угсралтын ажлын талбай эзэнгүй замын трассын дагуу тээврийн хэрэгсэл онхол дэнхэл замаар, анхааруулах тэмдэг, хаалт хашилт байхгүй үзэгдэх орчин хангалтгүй зорчиж байгаа гэв.
– Хөгжлийн банкнаас Элсэнтасархай–Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км авто замын шинэчлэлтийн барилга угсралтын ажил, Арвайхээр – Элсэнтасархай чиглэлийн 40 км авто замын шинэчлэлтийн барилга угсралтын ажлыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч эх үүсвэр нь тодорхойгүйгээс санхүүжилтгүй болж барилга угсралтын ажил зогсч, тээврийн хэрэгсэл шороон замаар зорчин тоос босон үзэгдэх орчин хязгаарлагдаж тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдаж буй ажээ.
Ерөө, Зэлтэр голын гүүрээр хүн, машин явахад бэрх байна
МХЕГ-ын шалгалтын төлөвлөгөөнийхөө дагуу зарим голуудын гүүрийн ашиглалтыг шалгасан байна. Ингэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө голын хоёр талын салаа дээрх модон гүүрийн зорчих хэсгийн холцорч унасан, хайс, дугуй цохигч эвдэрсэн ажээ. Ерөө гол дээрх модон гүүр цөмөрсөн, тулгуурын бэхэлгээний мод эвдэрч, чулуу дүүргэлт урсч, хазайсан тул тээврийн хэрэгсэл явахад ганхаж байгааг хяналтынхан онцоллоо.
Сэлэнгэ мөрний салааны төмөр бетон гүүрийн хэв гажилтын заадас зарим хэсэгтээ цоорч, бетон нь эвдэрсэн, мастик бэхэлгээний арчлалт хийгээгүй, дам нурууны тулах эд анги байхгүй, дугуй цохигчийн хамгаалалтын бетон элэгдсэн ажээ.
Зэлтэр голын төмөр бетон гүүрийн зарим дам нуруудын төгсгөлийн хавирганы хэсэг болон их биеийн хэсгийг хугацаанд нь засварлаагүй, тулгуурыг ойрын хугацаанд засаагүйгээс хамгаалалтын бетон эвдэрч, арматур ил гарсан, ган тулах элементүүд сулран хөдөлж, хайс нь эвдэрсэн байна. Мөн дамжих хавтанд хагарал гарч, нурж унахад гайхахааргүй болсон гэлээ.
Төв аймгийн Алтанбулаг сумын төвөөс 10 гаруй км-т байршилтай Туул голын модон гүүрийн зарим тулгуурын модон материалууд илжирч муудсан, дугуй цохигч, хайс зарим хэсэгт хөдөлгөөнд орсон, зорчих хэсэгт цөмрөлт үүссэн, завсрын тулгуурын болон эргийн бэхэлгээний мод, чулуу урссан, баруун зүгт хазайсан байна.
Мөн өмнөх онуудад хийгдсэн хяналт шалгалтаар Завхан аймгийн Их уул сумын Идэрийн голын төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлын чанарыг техникийн шаардлагын хэмжээнд хүргэх талаар үүрэг даалгавар өгсөн боловч биелэгдээгүйгээс чанаргүй барилга угсралтын ажил үргэлжилсээр буйд Мэргэжлийн хяналтынхан шүүмжлэлтэй хандаж байна.
БНХАУ-ын зам барилгын компаниуд муу ажиллаж байна
“Чайна гео” ХХК-ны Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй ажээ. Ингэхдээ зураг төслийн дагуу ажлаа гүйцэтгэхгүй байгаа зөрчлийг тогтоосон байна.
“Чайна гжоуба групп” –ын гүйцэтгэсэн Баруун бүсийг хөгжүүлэх төслийн Өлгий-Хашаат чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажилд асфальт бетон хучилтаас өрөмдөж дээж авахад зузаан нь 4.5, 3.8, 2.8, 4.1, 3, 4.4см байгаа нь зураг төсөлд заасан хэмжээг зөрчжээ.
Мөн замуудын асфальт бетон хучилтын нягт стандартад хүрэхгүй байгааг ажлын хэсгийнхэн тогтоожээ. Тодруулбал, “Шин жан шин фа” ХХК-ны гүйцэтгэсэн Увс аймгийн Улаангом-Наранбулаг сум чиглэлийн хатуу хучилттай 90 км авто зам, “Алтайн зам” ХХК-ны “Өлгий-Цагааннуур” чиглэлийн 40км хатуу хучилттай авто зам, “Арж капитал” ХХК-ны гүйцэтгэж байгаа Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 132.6 км авто зам, “Чайна гео” ХХК-ны гүйцэтгэж байгаа Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын асфальт бетон хучилт шаардлагад заасан 98 хувьд хүрэхгүй байжээ. Мөн техникийн шаардлагад заасан технологийн горимыг зөрчсөний улмаас хучилтын гадаргууд нүх, торон хагарал, трассийн дагууд чулууны бөөгнөрөл, нүх сүв үүссэн, замын бетон хашлага нь технологийн горим зөрчигдөн хийгдсэнээс эвдэрсэн, муруй суурилуулсан зэрэг зөрчлүүд илэрсэнийг албаныхан хэллээ.
Ийнхүү орон нутагт ашиглагдаж байгаа болон барьж буй зам, гүүрний шалгалтын дүн тун муу гарлаа. Дээр хэлсэнчлэн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших хэд хэдэн гүүрээр хүн, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болтлоо муудсан байна. Төвийн бүсэд тооцогддо аймаг ийм байхад алслагдмал аймгууд үүнээс ч дор байгаа.
МХЕГ-аас гаргасан шалгалтын дүгнэлтийн дагуу Өндөр дов-Зуун мод чиглэлийн 3.8 км хатуу хучилттай авто зам, Улаанбаатар-Баянчандмань чиглэлийн 6.1 км авто зам, Лүн-Эрдэнэсант-Арвайхээр чиглэлийн 6.9 км авто зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн 12 км авто зам, Улаанбаатар-Зуун мод чиглэлийн 18.4 км авто замуудыг засварлахаар 18 тэр бум 849 сая төгрөг төлөвлөн засварын ажлыг гүйцэтгэж авто замын ашиглалтын хэвийн нөхцлийг хангуулах арга хэмжээ авсан байна. Харин цаашдаа зам, замын байгууламжийн үзлэгийг тогтмол хийж, түүний дагуу урсгал засварын ажлыг норм дүрмийн дагуу гүйцэтгэж гүүрийн ашиглалтын байдалд тооцоо судалгаа хийх, техник-ашиглалтын түвшинг тогтоолгох хэрэгтэйг онцоллоо. Болзошгүй үер, эвдрэлээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгсэл аюул осолгүй зорчих нөхцлийг хангахын тулд хөрөнгө шийдэж, шинэ гүүр барих шаардлагатай газрын судалгааг гарган, их засвар, шинэчлэлтийн зураг төсөл боловсруулах хэрэгтэй байна гэлээ.
У.БОЛОР