“Австри улс 40 сая еврогийн зээл олгоно”

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

“Австри улс 40 сая еврогийн зээл олгоно”

Монгол Улсаас Австри Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Батжаргалтай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Австри улсад айлчиллаа. Энэ айлчлалын үр дүнг товч дүгнэвэл?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Австри улсад хийх албан ёсны айлчлал амжилттайгаар өндөрлөлөө. Монгол Австрийн хооронд 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойшхи харилцаагаа улам гүнзгийрүүлсээр ирсэн. Хоёр улсын ерөнхийлөгчид ганцаарчилсан уулзалт, тус улсын парламентын дэд даргатай уулзалт хийлээ. Хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжих томоохон боломжууд нээгдэж байна. Австрийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр зургаан төсөл хэрэгжих гэж байгаа. Одоо дараагийн шатны зээлийн асуудал яригдаж байна. Хоёр орны хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх шинэ салбарууд бийг ч мөн ярилаа. Аялал жуулчлал, эрчим хүчний гэх зэрэг.

Австри нь Монгол Улсыг маш их сонирхож байна. Хоёр хөрштэйгээ гурван талт уулзалт хийснийг маань судалж, бахархаж байна. Хоёр улстайгаа дамжин өнгөрөх тээврийн асуудлаа хурдан шийдээд, гуравдагч оронд гарах боломжоо бүрдүүлэх хэрэгтэй. Мөн бүс нутгийн түвшинд аюулгүй байдлын асуудлаар ажиллаж буй хүчин чармайлт, тухайлбал, умард солонгосыг олон улсын гэрээ хэлэлцээрт татан оруулах асуудлаар манай улсын зүгээс хийж буй алхмыг сайшааж байна.

-Австрийн Засгийн газрын зээл гэдгээ тодотгооч?

-40 сая еврогийн зээлийн асуудлыг нааштай шийдсэн. Зургаан төсөлд зориулахаас дөрвийг нь эрүүл мэндийн салбарт, нэг нь онцгой байдлын газарт гал түймэртэй тэмцэх техникийн тусламжинд, мөн нэг төсөл нь Улаанбаатар хотын бохир усны шугамыг солиход зориулагдах болно.

-Зээлийн нөхцөл нь ямар байх вэ, хэдийд, ямар хувийн хүүтэй буцааж төлөх вэ?

-Таван жилийн хугацаанд хүү төлөхгүй. Таван жилд буцаан төлөлт хийхгүй. 27 жилд бага багаар хуваан төлөх нөхцөлтэй.

-Сэргээгдэх эрчим хүчний асуудлаар хамтран ажиллах боломж байгаа талаар Австри улсын бизнес эрхлэгчдийн зүгээс ярьж байна. Үүнд Монгол Улсын хувьд дэмжиж, хамтран ажиллах боломж бүрдүүлэхэд асуудал бий юу?

-Хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны комисс гэж бий. Засгийн газар хоорондын уг комисс нь 1972 оноос хойш ажиллаж буй. Австри нь Монгол Улстай худалдааны хэлэлцээр байгуулсан хоёр дахь орон. Сэргээгдэх эрчим хүч нь тус улсад өндөр хөгжсөн. Эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг усан цахилгаан станцаас гаргадаг. Нэг ч килограмм нүүрс түлдэггүй орон. Үүний оронд ус, нар, салхин цахилгаан станц, байгалийн хийг ашигладаг. Ийм улсаас сэргээгдэх эрчим хүч ашиглах туршлагыг нь, технологийг нь авах боломж байгаа.

-Хоёр улсын хувьд адилхан далайд гарцгүй. Яг энэ асуудлаар хамтран ажиллах уу?

-Хэдийгээр далайд гарцгүй ч Австри нь найм, есөн улстай хил залгадаг. Манай улсын хувьд хоёр л хөрш бий. Тэгэхээр асуудал гэдгийнхээ хувьд Монгол Улсад илүү хүнд. Австрийн засгийн газраас ирэх сард “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын НҮБ-ын бага хурал”-ыг Вена хотноо зохион байгуулахаар болсон. Манай Ерөнхийлөгчийг урьсан байгаа.

-Вена дахь НҮБ-ын байраар зочилж, НҮБ-ын салбар төвийн Ерөнхий захирал бөгөөд Мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Ю.Федотов болон Вена дахь НҮБ-ын салбарын удирдлагуудтай уулзалт хийсэн. Энэ уулзалтын үр дүнг танилцуулбал?

-Вена дахь НҮБ-ын байранд Мансууруулах бодисыг таних лабораторитай Ц.Элбэгдорж биечлэн танилцлаа. НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх чиглэлийн байгууллагатай тодорхой ажилд хамтран оролцохоор тохирлоо. Хил дамжсан малын өвчинг таних, зогсоох, вакцин үйлдвэрлэхэд хамтран ажиллахаар боллоо. Энэ нь монголоос гадагш экспортлох мах махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд тун чухал үүрэгтэй.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж