Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

ОХУ хилээ хаасан уу?

“Эбола вирус Орос улсад бүртгэгдсэний улмаас тус улсын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж энэ сарыг дуустал улсын хилээ хаахаар болжээ. Үүнд агаарын болон газрын бүх боомт багтаж байгаа юм. Хил хаах хугацааг цаашид сунгаж ч магадгүй” гэсэн мэдээлэл анхаарал татав.

Хөрш орныхон маань хил гаалиа хаачихаад байхад манай холбогдох албаныхан таг дуугүй байгаад гайхлаа. Тиймээс  Гадаад харилцааны яам, Хил хамгаалах  ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн албад руу холбогдож, ОХУ хилээ хаасан эсэхийг тодрууллаа.

Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас “Хөрш орнууд хилээ хаах болвол албан ёсоор нот бичиг ирүүлэх ёстой. Одоогоор ОХУ-оос нот бичиг ирээгүй” гэсэн бол Хил хамгаалах газраас “Хил хаах тусгай журам бий. Журмын дагуу Гадаад харилцааны яамаар дамжуулан манайд мэдэгдэх ёстой. Одоогоор ямар ч мэдээ, мэдээлэл байхгүй” гэсэн хариултыг өгч байна.

Дэлхий нийтийг цочроогоод байгаа эбола вирус хойд хөршид илэрсэн гэх мэдээлэл ч эргэлзээтэй байж болзошгүй  юм байна. Учир нь ОХУ-ын Орлов мужийн Мэргэжлийн хяналтын албанаас эбола илэрсэн гэх мэдээллийг үгүйсгэж “Африкаас ирсэн залуусыг эмнэлэгт хүргэж, шинжилгээ хийсэн нь сургуулилт байсан” гэсэн тайлбарыг өгчээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж