“Билигт гүүш” шилдэг орчуулгын шагналыг олгоно

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

“Билигт гүүш” шилдэг орчуулгын шагналыг олгоно

Монголын соёл, яруу найргийн академиас анх удаа гадаад хэлнээс орчуулсан бүтээлд хамгийн өндөр уран зохиолын шагнал олгох болсон талаар тус академийн ерөнхийлөгч, Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, утга зохиолын орчуулагч, нэрт дуун хөрвүүлэгч Соёлын Гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам нар “Нээлттэй мэдээллийн төв”-д мэдээлэл өнөөдөр/10.17/ мэдээлэл хийлээ.

Гадаадын уран зохиолын шилдэг бүтээлийг монгол хэлнээ, Монголын уран зохиолын шилдэг бүтээлийг гадаад хэлнээ орчуулан нийтлэх эрдмийн бүтээлч үйлсийг хөхүүлэн дэмжих, уран сайхны орчуулгын ур чадвар, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийг дэмжих зорилгоор нэрт гүүш Ж.Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагналыг бий болгожээ.  Энэхүү анхны шагнал гардуулах ёслол 2015 оны гуравдугаар сарын 21-нд буюу Дэлхийн яруу найргийн өдөр болох бөгөөд орчуулгын шилдэг нэг бүтээлийг бэлгэдлийн цом, диплом, 2500 ам.доллартай тэнцэх мөнгөн шагналаар урамшуулах аж .

Г.Мэнд-Ооёо “21-р зуун гараад манай өмнөх үеийн орчуулгын мастеруудын ур ухаан улам сайжирч шинэ залуу орчуулагч нар бий болж байна. Бидэнд нэгэн сайхан шагнал олгох талаар нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарам гуай санал болгосон юм. Хинди хэлнээс “Таван сургамж”, “Бхагаватгита” зэрэг сонгодог 27 ном уран зохиолын дээжүүдийг мөн англи хэлнээс “Монголын эзэн Чингис хаан болон түүний үр сад”, “Монголын байлдан дагууллын түүх” зэрэг 10 гаруй номуудыг орчуулж, уншигчдын хүртээл болгосон орчуулагч Ж.Гэндэндарам “Билигт гүүш” хэмээх шилдэг орчуулгын шагналыг бий болголоо. Шагналыг хоёр жил тутамд хэвлэгдэж нийтийн хүртээл болсон орчуулгын уран зохиолын номоос сонгож, нэр дэвшүүлэн, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн шилдэг бүтээлийг шалгаруулан нийтэд зарлах юм. Одоогоор шилдэг бүтээлд олгох мөнгөн шагнал 2500 ам.доллар буюу 4 сая 600 мянган төгрөгт багтаж байна. Энэхүү шагнал цаашид хэдэн зуунаар дамжигдан олгогдох боломжтой. Өнөөдрийн ханшаар шилдэг бүтээлд олгох мөнгөн шагнал болох 2500 ам доллар нь 4 сая 600 мянган төгрөг болж байна.” гэсэн юм.

Нэрт гүүш Ж.Гэндэндарам: “Хүн ном уншиж гэгээрснээрээ нийгэмд өөрийгөө тодорхойлж байдаг. Ертөнцөд өөрийгөө гэгээрэх, ертөнцийг гэгээрэх гэдэг асуудал бол нэн тэргүүнд тавигдаж байна. Манай монголчууд эртнээс соёлтой ард түмэн байсан. Миний бие 1950-иад оны дундуур Энэтхэг улсад суралцахаар явсан юм. Тэнд дөрвөн жил суралцах хугацаанд Энэтхэгийн эртний түүхэн байгаль, соёлын түүхтэй ярилцаад үнэхээр бишрэн шүтэж, ядаж үүнээс ганц хоёрыг ч болов монгол хэлрүү буулгаад ард түмний оюуны мэлмийд бэлэг барих юмсан гэж хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн ирсэн юм. Өнөөдөр эргээд харахад Энэтхэгийн сонгодог ном, уран зохиолын дээжээс 27-г, англи хэлнээс 10 гаруй бүтээлийг орчууллаа. Мөн өөрийн 10 гаруй бүтээлийг гаргалаа. Хүн өөрийн орны ном зохиолыг уншаад гэгээрэхээс гадна бусад орны бүтээлийг уншиж, улам их гэгээрч хүний оюун ухаан улам их тэлж байдаг. Эндээс үндэслээд би орчуулгын ажил гэдэг бол үнэхээр гайхалтай ажил юм байна. Энэ эрдмийг үргэлжлүүлж, миний энэ сэтгэл амьд үлдээсэй гэсэндээ энэхүү шагналыг санаачилсан юм. Цаашид орчуулагчид маань олон орны сайхан бүтээлийг ард түмэндээ өргөн бариасай гэсэндээ, залуучууд маань урамшаасай гэсэндээ энэхүү шагналыг бий болгоё гэсэн сэтгэгдэл төрсөн юм.” гэв.

 

Монголын соёл, яруу найргийн академиас сүүлийн арван жилд гарсан шилдэг орчуулгын сан хөмрөгөөс сонголт хийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн шилдэг нэг бүтээлийг шалгаруулах юм байна. Өдгөө 85 настай нэрт дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагналын анхны эзэн ирэх оны гуравдугаар сард тодрох юм.

“Билигт гүүш” шагналыг цаашид хоёр жил тутамд хэвлэгдэж, нийтийн хүртээл болсон орчуулгын уран зохиолын номоос сонгох аж.

Ч.БОДРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж