Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар финалд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар финалд шалгарлаа

Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар хэсгийн аварга болж, улмаар мөнгөн медалийн болзол хангасан бол О.Ууганбаатар, Ц.Мөнхзаяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Узбекстаны нийслэл Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Ням-Очир, 81 кг-д О.Ууганбаатар болон эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар барилдаж байна. Манай дөрвөн бөх барилдаж байгаагаас хоёр нь финалд шалгарч хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдаж буй Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нар мөнгөн медалийн төлөө болзол хангаж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Х.Цагаанбаатар эхний тойрогт хийлж, Италийн Парлати, Узбекстаны Бобоевг нарыг ялж, хэсгийн аварга болсон юм. Тэрээр мөнгөн медалийн төлөө ОХУ-ын бөх Зелимхан Оздоевтэй барилдаж, ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

С.Ням-Очир эхний тойрогт хийлж, Туркийн Хасан Ванлиоглу, Францын Дупрат нарыг ялж, хэсгийн аварга боллоо. Тэрээр мөнгөн медалийн төлөө ОХУ-ын бөх Денис Ярцевийг ялж, финалд шалгарлаа.

Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар Беларус, Узбекстаны бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсон юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Узбекстаны Имамовд ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Ц.Мөнхзаяа Узбекстаны Курвонова, АНУ-ын Ханнах Мартин нарыг ялж, шөвгийн наймд шалгарсан юм. Тэрээр хэсгийн аваргын төлөө Германы Траждостой барилдаж, ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон юм. Ц.Мөнхзаяа хүрэл медалийн төлөө Испаний Исабел Пучетэй барилдахаар шалгараад байна.

Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагт эхэлнэ.

Барилдааныг http://134.213.29.25-с шууд үзнэ үү.  www.ippon.org

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж