“Нийгмийн хамгааллыг дэмжих хийморьтой өглөө” ТББ-аас зудад нэрвэгдээд байгаа аймаг сумдад туслан, хандив өргөх зорилгоор “Сэтгэлийн эгшиг” хандивын тоглолтыг зохион байгуулах ажээ. Рок поп, хип хоп, хошин урлагийн оддын хамтарсан энэхүү тоглолтонд Нисванис, Татар, Fire, Lumino, A Sound, Дэлгэрмөрөн, Агиймаа, Баярцэцэг, Анхаа, Халиун зэрэг олон хамтлаг дуучид ая дуугаа өргөх юм. Уг тоглолтыг Нийслэлийн Онцгой Байдлын газар, Гандан Тэгчилэн хийдтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зудад нэрвэгдээд байгаа олон аймагт хүрч, сэтгэлийн өргөл барих үйлсийн дор нэгджээ. Малчдад энэхүү тусламж нь мөнгөн хэлбэрээр шууд очихгүй бөгөөд хоол хүнс, эм тариа, малын тэжээл хэлбэрээр хүрнэ хэмээн “Нийгмийн хамгааллыг дэмжих хийморьтой өглөө” ТББ-ын тэргүүн Н.Номин-Эрдэнэ хэлсэн юм. Тоглолт энэ сарын 13-нд “АСА” циркэд ганцхан удаа зохиогдох бөгөөд тус байгууллагаас цаашид жил бүр хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Мэдээллийн ивээн тэтгэгчээр TV9, “Эх орон”, MN 25-р суваг телевиз болон тэргүүлэгч Fм, радионууд ажиллаж байгаа ба залуус та бүхнийг хүрэлцэн ирж, шинэ залуу уран бүтээлчидтэй нэгэн үдшийг цоглог, доргио өнгөрөөн, малчин ард түмэндээ сэтгэлийн дэм хайрлаасай хэмээн хүсч байна.
Б.Болор-Эрдэнэ