Хог дээр хаягдсан хөдөөгийн театр…

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Хог дээр хаягдсан хөдөөгийн театр…

Театрыг урлагийн ариун сүм хэмээн дээдэлдэг. Энэхүү ариун сүмээс сэтгэлийн таашаал авах гэж, уран бүтээлчдийг нь харах гэж хүмүүс очдог. Гэтэл урлаг, соёлынхон маань сүүлийн үед үзэгчдээ ч хүндлэхээ байж, хоорондоо ч ойлголцохоо байсан нь харамсалтай. Үүний тодоос тод жишээг өчигдөр болсон жүжигчин бүсгүйчүүдийг шүүх хурал харууллаа. Улаанбаатарт байгаа хуруу дарам цөөн театруудын хувьд мэргэжлийн уран бүтээлч, мэргэжлийн бус дарга, удирдлагын дунд үл ойлголцол үүсч байсан бол тэрхүү жаварт салхи хөдөө орон нутгийг чиглэсэн нь харамсалтай. Багагүй хугацаанд Хөдөө орон нутгийн театрын тухай судлаж, хэд хэдэн уран бүтээлчидтэй уулзаж театрын үйл ажиллагаа зохицуулалтын талаар ярилцаж үзлээ. Тэдний яриа нэн гунигтай, хөдөөгийн театр ч “шалдир, булдир” зүйлс бишгүй нэг байгаа нь ажиглагдсан юм.

Соёл, урлагийн салбарт ажиллагсад буюу “ТҮСУ” зэрэглэлээр цалинждаг уран бүтээлчдийн цалинг энэ оны гуравдугаар сард 15 хувиар нэмж, есдүгээр сард дахин 15 хувиар нэмсэн гэнэ. Монгол Улсын хэмжээнд 120,000 ажилтныг хамруулж цалинг нь нийт 30 хувиар улсаас нэмжээ. Тэгтэл одоо хүртэл хөдөө орон нутгийн ажилчдын цалин нэмэгдээгүй гэх гомдлыг уран бүтээлчид хэлсээр байна. Урлагийн салбар  бизнес, эдийн засаг гэх мэт бусад салбараас ялгаатай. Хичээнгүй зүтгэл, маш их хөдөлмөрийн үр дүнд олонд хүлээн зөвшөөрөгддөг  гэдгийг бид мэднэ. Дөрвөн жил сургуульд сураад л мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин болчихдоггүй. Хмагийн багадаа л  12 жил хөдөлмөрлөж байж мэргэжлийн уран бүтээлч болдог. Арай гэж мэргэжлийн уран бүтээлч болсон ч ажиллах хоногийн тоо цөөтэй, төд удалгүй тэтгэвэрт гаргадаг салбар бол урлаг. Олон жилийн хөдөлмөр бага үнэлгээтэй, ажиллах хугацаа бага байгаа нь ч харамсалтай биш гэж үү…

Сүүлийн үед цалин, уран бүтээлчдийн залгамж халаа гэх мэт асуудлаас гадна соёл, урлагийн байгууллагын дарга нарын томилгоо, халаа сэлгээ анхаарал татах болжээ. Улаанбаатар хот, орон нутаг гэлтгүй театрын удирдлагуудыг Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ шийдвэрлэж шалгалт авч, сонгон шалгаруулдаг.  ТАЗ-ийн сонгон шалгаруулалт нүдээ олсон зүйл болдоггүйг  уран бүтээлчид арга барсан шинжтэй ярьж байна.  Төрийн албаны зөвлөл бус засаг дарга нарын шийдвэрээр удирдлагууд томилогддог бол засаг даргыг аль нэг төрийн эрх барьж байгаа намын харьяа хүн удирдаж эхэлдэг аж. Тиймээс дам дамаа шат шатандаа удирдлагын асуудал танилын нүүр харж, үзэгний үзүүрээр шийдвэрлэдэг  болсон нь урлагийн салбарт маш том хохирлыг авчрах болжээ.

Хөдөө орон нутаг битгий хэл Улаанбаатарт байгаа томоохон театруудын дарга нарын сонголт эргэлзээ төрүүлж байхад хөдөө орон нутгийн удирдлага сонголт ямархуу байгааг таашгүй. Тиймээс ч мэргэжлийн бус удирдлага, мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зөрчил байнга гарч байдаг ажээ. Хөдөөгийн  театруудын уран бүтээлчдийн хувьд мэргэжлийн, уран бүтээлчдийг ойлгох удирдлага ховор байгааг ч уран бүтээлчид хэлж байсан ч хоёр дахь гэр болсон театраа сайн талаас нь бидэнтэй хуваалцах уран бүтээлчид ч таарсан юм.  Хөдөөгийн театрын өнөөгийн байдал, учирч буй “жаргал-зовлон”-гийн талаар хэд хэдэн театрын уран бүтээлчдээс тодруулснаа уншигчдадаа хүргэе.

“Дуучид жүжиг тоглох тохиромжгүй”

Хөдөө орон нутгийн театруудаас дарга, удирдлагуудтайгаа маргаантай байгаа нэгэн театр бол Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид юм. Тэдний нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Нарантуяа бидэнтэй санал бодлоо хуваалцлаа.

-Ардын дуу бүжгийн чуулга гэсэн статустай хэрнээ драмын жүжиг тоглож болдог юм уу. Хөгжимчид, дуучид драмын жүжигт дүр бүтээж болдог  гэж үү?

-Дуулалт жүжиг бол байх зүйл. Харин манай чуулгын уран бүтээлчдийн хувьд, дуучин, хөгжимчин, бүжгийн сургууль төгссөн мэргэжлийн уран бүтээлчид болохоос драмын мэргэжлийн жүжигчид биш шүү дээ. Ядаж жүжгийн нэг сургалтанд суучихсан бол яая гэх вэ дээ. Яахав уран бүтээлч хүн хөрвөх чадвартай байх ёстой гэдэг утгаараа хөгжимчид, бүжигчид, дуучдыг драмд тоглуулаад байх шиг байгаа юм гэж зөвтгөж болно. Ардын дуу бүжгийн эрдмийн чуулга гэдэг тодотголтой тайзны уран бүтээлчид өнөөдөр дуугаа дуулж чадахгүй, бүжигчид бүжиглэж, хөгжимчид хөгжмөө тоглож чадахгүй байна. Хүнд асуудал, манай чуулгын хувьд эмгэнэл.

-Боловсон хүчний дутагдал байгаа юм биш үү?

-Үгүй. Удирдлагын асуудалтай байгаа. Удирдлага тэр олон хөгжимчин уран бүтээлчидтэй ажиллаж харилцаж чадна гэдэг маш том ур чадвар. Харин уран бүтээлчид боловсон хүчний хувьд хангалттай нөөц бололцоо бий. Сард 400 мянган төгрөгийн цалинтай хэрнээ байр түрээслэж, хоол ундаа болгоод явж байгаа шижигнэсэн уран бүтээлчид байна. Харин сүүлд Солонгост сургууль төгсөөд уран бүтээл туурвиж байгаад ирсэн гурван хүүхдийг ажилд аваагүйд их гайхсан. Уг нь эх орондоо, нутгийнхаа ардын урлагт зүтгэх хүсэлтэй хүүхдүүд шиг санагдсан. Тэрнээс өндөр цалинтай гадаад оронд ажиллаад байвал ажиллаад л байхаар. Гэхдээ бас л хэрэгтэй боловсон хүчнийг ажилд авдаггүй. Тэгсэн хэрнээ шал хэрэггүй хүмүүсийг ажилд авах нь авдаг шүү.

-Танил талаа ажилд аваад байна гэж хэлж болох уу?

-Танил ер нь аль ч салбарт бий гэж боддог. Сайн чанартай уран бүтээлчдээс түрүүлээд танил тал дагансан хүмүүсийг ажилд авах асуудал хаа сайгүй л байдаг. “Сэлэнгийн долгио” чуулгыг тойрдог гэж хэлж болохгүй байх. Ажлаас хүн хална гэж айлгадаг, уран бүтээлчид дуугарч чадахгүйд хүрчихсэн. Нэг хүнийг халлаа гэхэд тухайн асуудал шүүхээр шийдэгдээгүй байхад орыг нь залгах уран бүтээлчийг аль хэдийнэ албан ёсны ажилтнаар томилох жишигтэй. Энэ бол хууль бус шүү дээ. Яахав хүнтэй тулж уулзахаас илүү үзэгний үзүүр ойрхон юм болов уу даа. Манай чуулгын уран бүтээлчид хэлдэг л юм “таны хэлсэн үг уг нь зөв гэхдээ бид хамаагүй дуугарч чадахгүй шүү дээ” гэж…Тэгэхээр удирдлагын дарамт уран бүтээлчдэд хэр хүрч байгааг харж болно. Тамгаар далайлгаж, үзгээр айлгадаг нь нууц биш ээ.

-Уран бүтээлчид хэдэн настайдаа тэтгэвэрт гардаг вэ. Бусад салбарын ажилчдыг бодвол харьцангуй эрт гардаг юм шиг ээ?

-Бүжигчид 40 хүрч амжаагүй байхдаа тэтгэвэрт гардаг. Гэвч тэд чинь унаган багаасаа бүжигчин хийчихсэн энэ мэргэжилдээ хайртай л байгаа. Үнэхээр хэрэгтэй бол тэтгэвэрт нь гаргасан сайн боловсон хүчнийг ч бид авч ажиллуулж болно. Дээр нь нэг асуудал байна мэргэжлийн чуулга уран сайхны зөвлөлгүй байгаа. Юу гэсэн үг вэ. Уран сайхны зөвлөл гэдэг бол чуулгын хувьд маш чухал. Тэгээд уран сайхны удирдаач, найруулагч хоёрыг нэг хүн хийдэг учраас хоёр хүний цалингаар цалинждаг. Энэ байж болох зүйл гэж би бодохгүй байгаа. Ерөөсөө л чуулгын бодлого, зохицуулалт нь алдагдсан. Хэд хэдэн удаа удирдлага, ССАЖЯ-нд хандсан шалгалт хийсэн боловч уран бүтээлчид юм хэлж чадаагүй айгаад, нөгөөтэйгүүр даргын өрөөнд орж байж байгаад л орой нь буцдаг.

“Цалин нь огт өөрчлөгдөөгүй байна”

Дорнод аймгийн хөгжимт драмын театрт “Сарьсан багваахай” дуулалт жүжгийг тавиад ирсэн найруулагч Эрдэнэбаатар ийнхүү асуултанд хариулсан юм.

-Саяхан Дорнодын хөгжимт драмын театрт “Сарьсан багваахай” жүжгийг амжилттай найруулсан гэж сонссон?

-Тийм шүү, маш сайн болсон гэж хэлж болно. “Сарьсан багваахай” оператте нь удахгүй Драмын театрт тавигдах гэж байгаа.

-Дорнодын театрын уран бүтээлчид удирдлагууд хоорондоо хэр асуудалтай байдаг вэ. Таньд юу ажиглагдсан бэ?

-Удирдлага уран бүтээлчдийн асуудал харьцангуй бага байлаа. Удирдлага нь их залуухан хүнтэй, уран бүтээлчид нь ч удирдлагаа их дэмждэг нь харагдаж байсан. Харин уран бүтээлчид тун цөөхөн арав гаруй хөгжимчид, бүжигчидтэй байсан даа. Эндээс очиж хамтарч ажилласан залуучууд маань уг нь цалин өндөр байсан бол үлдээд, амьдармаар  газар байна гэж уулга алдаж байдаг шүү.

-Боловсон хүчин бага, уран бүтээлчид цөөхөн байсан байх нь ээ?

-Боловсон хүчин багатай нэг дуучин байлаа гэхэд жүжиглээд, бүжиглээд, дуулаад л бүх л зүйлээ хийдэг байх жишээтэй. Уг нь хөгжим, уран бүтээлчдийг нь нэмчихвэл Дорнодын хөгжимт драмын театр маань Монголын хоёр дахь дуурийн театр болоход бэлэн болсон байгаа ажиглагдсан.

-Төрийн урлагийн уран бүтээлчдийн цалин саяхан нэмэгдсэн шүү дээ. Дорнодын театрын уран бүтээлчдийн цалин нэмэгдсэн байсан уу?

-Цалин яг хэвэндээ, орон тоо нь ч хэвээрээ. Цөөхөн дуучид, цөөхөн хөгжимчид, бүжигчидтэй. Хөдөө орон нутгийн театрт Улсын урлагийн бодлого, зохицуулалт байхгүй байгаа нь илт. Уг нь Хөгжимт драмын театрын хувьд маш гоё байртай болчихсон байна лээ…гэх хариултыг өгч байсан юм.

Улсаас урлагийн бодлого, зохицуулалтыг хэзээнээс үр дүнтэй анхаарч эхлэхийг мэдэхгүй ч ялзарсан хуучны тогтолцоо одоо хүртэл зарим газруудад тохиолдож байгааг уулзсан хүмүүсийн ярианаас харж болох юм. Хэдийгээр сайн муу олон шүүмжийг дагуулдаг урлаг наанаа хөгжиж байна гэх боловч начир дээрээ аль хэдийнээ уруудаж, доройтож байна гэхэд хилсдэхгүй.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж