Ж.Энхбаяр: Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орж байгаа юм уу

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орж байгаа юм уу

Гадаад харилцааны сайд Л.Болдыг ажлаас нь чөлөөлсөн асуудал улс төрийн хүрээнд хэрүүлийн алим болов. Энэ асуудлаас үүдэн сөрөг хүчин, эрх баригч намын бүлэг хоёулаа ажлын тав хоногийн завсарлага авсан юм.

Учир нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайдаас Л.Болд сайдыг чөлөөлөх болсон шалтгааныг тодруулахыг хүсэв. Тэрбээр, Л.Болд сайдыг өөрчлөх үндэслэл шалтгаан юу болох. Л.Болд яагаад ажлаа өгөх болсныг тодруулав.

Харин Ерөнхий сайд “Та нар л өөрсдөө төрийн бүтэц данхагар байна гэж шүүмжилсэн. Манай бүх сайдууд сайн ажилласан. Бодлого тодорхой болгох үүднээс бүтцийн өөрчлөлт хийж сайдуудаа чөлөөлж байна” гэсэн хариулт өгсөн ч Ж.Энхбаяр гишүүн шалтгаан үндэслэлийг нь нэхэж багагүй маргаан үүсгэв.

Тэрбээр шалтгаангүйгээр ажлаас нь чөлөөлсөн явдалд бухимдаж байгаагаа илэрхийлж “Хоёрдугаар ээлжийнхэн хоолонд орох гэж байгаа юм уу. Ажлын хариуцлага алдсан тохиолдолд чөлөөлдөг. Гэтэл үндэслэл харагдахгүй байна. Төрийн албаар арилжаа наймаа шиг панз үсэргэдэг болоо юу. Гадаад харилцааны яамны бодлого үргэлжилж байгаа. Өөрчилж байгаа үндэслэлд та хариулт өгсөнгүй. Л.Болд гэдэг улстөрчийнх нь хувиар асууж байна. Сайн ажилласан гэчихээд огцруулаад байгаа нь ойлгомжгүй байна. Ер нь тэгээд сайн ажилласан сайдаа огцруулдаг болсон юм уу. Танай нам фракци дотроо эрх мэдлийг авлигажуулж бүр дэндлээ. Тендэрээр авлигажуулна, гадаад томилолтоор авлигажуулна. Төрөөр дэндүү тоглож, дэндүү доромжилж гүйцлээ” хэмээн бухимдсан юм.

Ж.Энхбаяр гишүүний шүүмжлэлээс болсон уу, яасан ямартай ч Л.Пүрэвсүрэнг томилох асуудлаар хоёр нам хоёулаа завсарлага авч, дахин долоо хоног хойшиллоо.

 

Эх сурвалж: Ардчилал сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж