Д.Ганбат: Бусад улс шүүхдээ төсвөөсөө тодорхой хувь тогтоож өгдөг | News.MN

Д.Ганбат: Бусад улс шүүхдээ төсвөөсөө тодорхой хувь тогтоож өгдөг

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Д.Ганбат: Бусад улс шүүхдээ төсвөөсөө тодорхой хувь тогтоож өгдөг

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

Шүүхийн шинэтгэлийн хамгийн гол асуудал шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах. Энэ нь өмнө нь төдийлөн сайн хангагдаж чаддаггүй байсан.

Шинэтгэл эхэлснээр энэ байдал байх ёстой хэмжээндээ ойртож очиж байгаа гэж үзэж болно. Шүүхийн тухай хуулиар Шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагаа хоёрыг тусад нь гаргаснаар шүүхийн бие даасан байдал хангагдах маш том дэвшил хийгдсэн.

Шүүхийн захиргааны тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн төсвийг төлөвлөн УИХ-д өргөн мэдүүлэх бүрэн эрхтэй. Шүүхийн  тухай багц хуулийн хүрээнд шинэтгэл өрнөж байгааг хуучны зөвлөлт маягийн боловсролоор өсч хүмүүжсэн хүмүүс хоцрогдсон сэтгэлгээгээр буруу ойлгох хандлага бий. Шүүгчийн цалинг нэмнэ гэхээр багш, эмч нарынхтай жишиж, барьцаж ойлгодог. Энэ бол тийм биш.

Шүүх эрх мэдлийг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэгч шүүгч хүн ямар нэгэн төрийн байгууллага, албан тушаалтан, нөлөө бүхий хэний ч хөндлөнгийн нөлөөллөөс ангид шүүх таслах ажиллагааг зөвхөн хуулийн дагуу л явуулдаг.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн манай нийгмийн хамгийн гол суурь бол шударга ёсонд суурилсан хараат бус шүүх гэдгийг иргэн хэн ч ойлгох ёстой. Бусад оронд бол шүүгчдийг бүх насаар нь томилж, амьдралын баталгааг нь хэнээс ч, юунаас ч үл хамаарах байдлаар эрх зүйн зохицуулалтыг сайн хийж, аюулгүй байдлыг нь ч хангаж өгдөг.

Харамсалтай нь бид өнөөдөр улс орны эдийн засгаас болоод ийм түвшинд хүргэж чадахгүй байгаа ч ямартаа ч шүүхийн захиргааг нь тусад нь "өрх тусгаарлуулж", цалин хангамжийг нь ярьж эхэлж байна. Энэ нь цаашдаа улам боловсронгуй болоод, өдөр ирэх тусам төгөлдөржөөд явна.

Дэлхийд шүүх засаглалыг ямар түвшинд авч үзэж, хараат бус байдлыг нь яаж хангаж өгдөг вэ, тэр л зарчим руу бид дөхөж байгаа болохоос Монгол улсад хаа ч байхгүй.  Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулсан юм огт биш.

Хүний хувь заяа, амь нас, өмч хөрөнгөтэй холбоотой хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэж байхад төр засаг хараат бусаар ажиллах нөхцөл, баталгааг төр засаг хангаж өгөх ёстой. Шүүгч хүн ажпынхаа хажуугаар багшлах эрхтэй.
Шүүхийн шинэтгэл бол Монгол улсын иргэдийн эрх, эрх чөлөөний төлөө хийгдэж байгаа том ажил

Хөдөө орон нутагт бол ажлын ачаалал зэргээс шалтгаалаад энэ нь хэрэгжих боломжгүй. Гэтэл багш, эмч бол ажлын бус цагаар хувийнхаа аж ахуй эмнэлэг ч юм уу ажиллуулж, эрхлэх боломжтой. Гэтэл шүүгчид ийм эрх бол хуулиар хориотойг ойлгох хэрэгтэй. Зарим оронд бол улсынхаа төсвийн тодорхой хэсгийг шүүхдээ хуваарилж өгдөг.

Бид ийм жишиг рүү дөхөж явааг өмнө нь байгаагүй учраас зарим хүмүүс гайхаж  хүлээж авч байж магадгүй. Шүүх, шүүгч рүү хараат бус ажиллаж чадахгүй байна гэж хүмүүс дайрч, хардаж сэрддэг. Тэр бүрт шүүгчээс илүү хариуцлага, чадвар, ёс зүй шаардаж байна.

 Дэлхийн түвшинд хүртэл цалин, төсвийг нь хангаж чадахгүй ч гэсэн хөдөө орон нутгаар явж байхад шүүхийн үйл ажиллагаа өмнөхөөс шинэчлэгдэж, байдал өөр болж байна. Шүүгч орой гэртээ очоод хоол хүнс, хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовохгүй цалинтай байх хэрэгтэй. Шүүхдээ итгэдэг, хараат  бус шүүхээр шүүлгэх эрх иргэн бүрт бий.

Шүүхийн шинэтгэл бол Монгол улсын иргэдийн эрх, эрх чөлөөний төлөө хийгдэж байгаа том ажил. Шударга шүүхээр шүүлгэхийг хүссэн хэн ч энэ ажлыг ойлгож дэмжинэ гэж би итгэж байна. Мэдээж төр бол бодлогоороо шүүхийн төсвийг хангапттай хэмжээнд баталж, ажиллах нөхцөл, эдийн засгийн баталгааг нь хангаж өгөх үүрэгтэй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж