Гадаад харилцааны сайд Л.Болд ажлаа хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Гадаад харилцааны сайд Л.Болд ажлаа хүлээлгэн өглөө

– Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан энэ богино хугацаандаа маш их ажил хийж, өндөр үр дүн үзүүлсэн гэж хэн ч дүгнэхээр, нэг хэсэгтээ энэ талаар яригдахаар сайн ажилласан гэв-

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбогдуулан Гадаад харилцааны сайдаас чөлөөлөгдөж буй Л.Болд өнөөдөр үүрэгт ажлаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт хүлээлгэн өглөө. Тамга, тэмдэг болон ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны яамны газрын дарга, холбогдох албаны хүмүүс байлцав.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ “Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан энэ богино хугацаандаа маш их ажил хийж, өндөр үр дүн үзүүлсэн гэж хэн ч дүгнэхээр, нэг хэсэгтээ энэ талаар яригдахаар сайн ажилласан. Батлан хамгаалахын сайдаар ажилласан хугацаандаа ч мөн гадаад харилцааг өндөр төвшинд хүргэснээ үргэлжлүүлж, Гадаад харилцааны сайдаар амжилттай ажилласныг бид мэднэ. Энэ удаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх бодлогын хүрээнд ажлаа өгч буй  болохоос ямар нэг хариуцлагын асуудал энд яригдаагүй гэдгийг онцлох ёстой. Түүнийг сайдаар ажиллах хугацаанд хоёр сарын дотор дөрвөн орны Ерөнхий сайдыг эх орондоо хүлээн авсан, тэрчлэн хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг сар дараалан хэрэгжүүлсэн. Ойрмогхны хугацаанд л гэхэд ASEM-ын дээд хэмжээний уулзалтыг Монголд зохион байгуулах эрх авч, үүгээр 57 орны төр, засгийн тэргүүнийг нэг дор хүлээн авах гэж байна гэдэг үнэхээр Монголын нэр хүндийг шинэ төвшинд хүргэх хэмжээний ажил юм” гээд түүний цаашдын ажилд амжилт хүслээ.

Л.Болд Гадаад харилцааны сайдаар ажилласан хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа товч дурдахын хамт ойрын хугацаанд төлөвлөсөн ажлуудад анхаарал, хүч чармайлт тавьж ажиллахыг санууллаа. Тэрээр энэ үеэр хэлэхдээ “Гадаад харилцаа гэдэг бага зардлаар маш том үр ашиг хүртэж болдог салбар. Миний бие УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд Батлан хамгаалах, Гадаад харилцааны яамтай ажил, төрлийн хувьд нягт холбоотой ажиллана. Сайдын ажлаа өгч байгаа хэдий ч гишүүний хувьд бүх талаас дэмжиж ажиллана” гэв.

Ажил хүлээлцэх үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нар ойрын хугацаанд шийдвэрлэх ажил, асуудлаа ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт танилцууллаа.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж