Импортлогчид иргэдийг хохироож байна

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Импортлогчид иргэдийг хохироож байна

-Импортоор оруулж ирдэг савласан бүтээгдэхүүн болох цемент, будаг, цавуу, замаск зэрэг барилгын материалууд 400 граммаас 10 кг-аар дутуу савлагдсан байжээ-

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, гурван асуудлыг хэлэлцлээ. Ингэхдээ барилгын материалын бүтээгдэхүүн, өргөх байгууламж, авто зам гүүрийн байгууламжид хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн юм.

Барилгын материалын шалгалтыг өнгөрөгч есдүгээр сарын 22-ноос эхлэн долоо хоногийн хугацаанд хийсэн бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа эрхлэгчдийг хамруулсан байна. Тодруулбал, шалгалтанд Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороонд байрлах 100 айлын барилгын материалын бөөний, жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах  УБТЗ-ын Ачиж буулгах, тээвэр, экспедицийн механикжсан анги /АБТЭМА/ буюу барилгын материалын 44 дүгээр захын худалдаа эрхлэгчид, барилгын материал үйлдвэрлэдэг “Гурван марал групп” ХХК, “Эрдэнэжин фан” ХХК, “Монгол ташуур” ХХК, “Баян сэтгэмж” ХХК зэрэг нийт 56 иргэн, 4 аж ахуйн нэгж, байгууллагын 25 кг, 50 кг-аар савласан цемент, чигчээс, төрөл бүрийн замаск, 1 кг, 10 кг, 18 кг-аар савласан будаг, цавуу зэрэг найман нэр төрлийн 450 ширхэг савласан барилгын материалыг шалгажээ.

Шалгалтаар дараах зөрчил илэрсэн байна. Үүнд:

1. 100 айлын барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид БНХАУ-аас импортоор авч буй 1 кг, 10 кг, 17 кг, 25 кг, 35 кг, 50 кг-аар савласан цемент, будаг, цавуу, замаск зэрэг барилгын материалын бүтээгдэхүүнүүд нь савлагаа тус бүртээ 400 граммаас 10 кг-аар дутуу савлагдсан;

2. 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийн худалдаж буй  будаг, цавуу, замаск, битум гэх мэт савласан барилгын материалын үйлдвэрлэсэн газар, стандартын дугаар, холбогдох хаяг, утас, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, үйлдвэрлэсэн огноо зэргийг бичээгүй, хаяг шошгогүй;

3. БНХАУ-ын импортын цементийн уут сийрэг, цемент ачиж, буулгах үед бургиж, тоос их хэмжээгээр үүсдэг нь тэрхүү орчинд ажиллагсдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тодруулбал, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтаар Төмөр замын АБТЭМА-д тандалт судалгаагаар хийсэн шинжилгээгээр тоосны агууламж ажлын бүсэд эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 10мг/м3-ээс 1.4-5.2 дахин их гарсан, цемент ачигч-буулгагч нарт олгож байгаа сүлжмэлэн бээлий, хоёр давхар даавуун амны хаалт нь гар, амьсгалын эрхтэн системийг хамгаалж чадахгүй байгаа;                                         

4. Иргэн н.Бямбаа, н.Чимгээ, н.Нямсүрэн, н.Алтанцэцэг, н.Гэрэлмаа, н.Баярмаа, н.Орхон, н.Очирхүү, н.Лхагваа, н.Одончимэг нар болон хамтран ажилладаг хэсэг иргэд “Гурвалжингийн гүүр”-ний баруун талд зөвшөөрөлгүй газарт задгай цемент, элсийг 50 кг уутанд ямар ч хэмжих хэрэгсэлгүйгээр баримжаагаар савладгийг тогтоосон байна. Үүнийг эталон жингээр шалгахад 38 кг-аас 46 кг байсан төдийгүй барилгын материалыг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад хамруулаагүй;

5. “Эрдэнэжин фан” ХХК /хуучнаар ”Гурван холбоо”ХХК/, “Баян сэтгэмж”ХХК, “Монгол ташуур” ХХК-ийн 25 кг-аар савласан хар замаск, цавууг 400 граммаас 5 кг хүртэл дутуу савлагдсан, уутны хаяг шошгыг хятад, англи, орос хэлээр бичигдсэн, бусад тоон мэдээлэл, холбогдох хаягийг бичээгүй байсан, 

6. Хятад, монгол илргэд цементийн уутыг урд хөршөөс оруулж, хувиараа хар замаск үйлдвэрлэн савлаж, худалдаанд гаргаж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байгаа;

7. Барилгын материалын дотоодын үйлдвэрүүд байгууллагын хэмжил зүйн дотоод хяналтын хэрэгжүүлдэггүй, худалдаа эрхлэгчид болон худалдан авагчдын хэмжилзүйн хууль тогтоомжийн мэдлэг дутмаг;

8. “Баян сэтгэмж” ХХК барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, үйлдвэрийн байр нэр, хаяггүй үйл ажиллагаа эрхлэж байгааг тус тус илрүүлсэн байна.

Ийнхүү хяналт шалгалтаар нийт 35 зөрчил илрүүлж, 21 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчлийг арилгуулах талаар 12 заалттай гурван албан шаардлага үйлдэж, хоёр аж ахуйн нэгж, байгууллагад 200 мянган төгрөгийн, нэг албан тушаалтанд 576 мянган төгрөгийн, 10 иргэнд 384 мянган төгрөгийн нийт 1 сая 260 мянган төгрөгийн  торгууль шийтгэвэр ногдуулж, 1 сая 400 мянган төгрөгийн хууль бус орлогыг  хураажээ.

Уг хяналт шалгалтын дүнг өнөөдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэхэд энэ нь сайн шалгалт болсныг дүгнээд, цаашдаа барилгын материалын бүтээгдэхүүний импорт, худалдаанд төрийн зохицуулалт үгүйлэгдэж буйг онцоллоо. Ялангуяа Барилга, хот байгуулалтын яамнаас энэ асуудалд анхаарал хандуулж, тодорхой бодлого гаргах хэрэгтэй гэлээ. Стандартчилал, хэмжил зүйн газар барилгын материалын бүтээгдэхүүн худалдах шатанд шаардлагатай хэмжил зүйн норм, стандартыг бататгаж, чиглэл гарах хэрэгтэйд Даргын зөвлөлийн хурлаар албаныхан санал нэгдсэн юм. Мөн импортын барилгын материалын бүтээгдэхүүний савлалт шаардлага хангахгүй, амархан сэмэрч, урагддаг, заасан жиндээ хүрэхгүй байгаа нь иргэдийг ихээр хохируулж байгаа тул иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан хамтран ажиллах ажээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж