УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын гарын үсэгтэй Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ.
Ерөнхий сайдыг огцруулах болсон үндэслэлийн талаар МАН-ын бүлгийн гишүүд 2015 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Засгийн газар хууль зөрчсөн, мөн эдийн засгийн хямрал гүнзгийрч, ард түмний амьжиргаа доройтож байгаа учраас огцруулахаас аргагүй нөхцөл байдал үүссэн гэлээ.
Ингэхдээ дөрвөн үндэслэл байгааг огцруулах төслийг өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар, Н.Номтойбаяр нар ийн тайлбарлалаа.
Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсөв, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, “Чингис” болон “Самурай” бонд, Хөгжлийн банкны гэсэн таван төсөвтэй болсноор ард түмний хөрөнгө хяналтгүй, үр ашиггүй зарцуулагдаж байна. Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан бондын хөрөнгийг дур мэдэн зарцуулж байгаа нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Хоёрдугаарт, Засгийн газар улсын нэгдсэн төсвөө тооцоо судалгаатай, бодит үндэслэлтэй боловсруулж чадахгүй, төсвийн орлого бүрдүүлэх үүргээ биелүүлж чадаагүйгээс хоёр жил дараалан төсвийн орлого, зарлага 1 их наяд гаруй төгрөгөөр тасарсан. Энэ нь Монгол Улсын Төсвийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд заасан төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн бодлого чиглэлээ энэ Засгийн газар хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл.
Гуравдугаарт, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах зорилгоор хэрэгжүүлсэн “Эзэн-100" хөтөлбөр цаг хожих арга, улс төрийн шоу болоод дууссан. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийг 100 хоногт сэргээж, эрчимжүүлэх биш уруудуулж доройтуулж, үнэ ханшийн хямралыг улам гааруулсан. "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг хэрэгжүүлэх нь бүү хэл харин ч дарга нарын тансаг хэрэглээ, амралт зугаалга нь ихсэж, бүтэц орон тоо нь улам нэмэгдсэн.
Дөрөвдүгээрт, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь төрийн албанд шургалуулсан ах дүү, хамаатан садангийн сүлжээ, зөвлөх, туслах, ажлын албаараа дамжуулан төсвийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, авлига, албан тушаалын нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хохирол бүхий хэрэгт холбогдсон олон ноцтой мэдээллийг эрх бүхий хуулийн байгууллагууд олон нийтэд мэдээлсэн. Тиймээс Ерөнхий сайдыг албан тушаалаасаа татгалзаж, нэр холбогдсон хэргүүдээ нэг бүрчлэн шалгуулах ёстой гэж үзэж, огцруулах төслийг мэдүүлсэн юм байна. Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм.
Г.ДАРЬ